Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00656

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 953 дугаар магадлалтай,

Б.Дгийн нэхэмжлэлтэй

“Т Д”ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 167 780 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргий

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Ц.Снь 2004 оноос 2012 оны хооронд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2012 оноос 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын дээд шүүхэд хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчний учир таалал төгссөн юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Т Д”ХХК-тай шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын ШЕЗ/201700006 тоот гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр шүүгчийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл гэмтэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тодорхойлон, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс даатгалын хураамжийг төлсөн байна. Хууль ёсны өв залгамжлагч нөхөр Ч.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Тэнгэр даатгал" ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгож өгөх өргөдөл гаргасан боловч тус компаниас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/0779 дүгээр албан бичгээр, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалт, шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй буюу татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 9/242 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн байна. Төрөөс шүүгчийн албан тушаалыг онцгойлон үзэж, даатгагчийг тендерээр шалгаруулж даатгалын хураамжийг төр өөрөө хариуцан төлж байна. Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэрээний хавсралтын /Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг/ үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт гэсэн бүлэгт заасан даатгалын эрсдэлийн, амь насны даатгал хэсгийн 2-т заасан амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон гэдэгт хамаарч байгаа. Талийгч охин Ц.Сгийн нөхөр, хүргэн Ч.Э минь 2018 оны 6 дугаар сарын 17- ны өдөр авто ослоор мөн нас барж үр хүүхэд болон бидэнд маш их хүнд гарз тохиосон. Өнөөдөр тэдний ганц охин Ч.Эын Ариунзаяагийн эмээ Б.Д миний бие хуулийн дагуу асран хамгаалагчаар нь тогтоогдсон бөгөөд ийнхүү төлөөлөн шүүхэд хандаж байна. Миний охин шүүхийн байгууллагад тасралтгүй 14 жил ажиллахдаа ажил хөдөлмөрөө үнэнч шударгаар гүйцэтгэж байсан. Тэрээр шулуун гэдэсний өмөн 3 дугаар үе хавсарсан, эмчилгээний дараах үе, хавдрын дахилт гэсэн оноштой өвчнөөр өвдсөн ч амьсгал хураах хүртлээ Монгол Улсын шүүгчээр ажиллаж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Иймд гэрээний дагуу шүүгч Ц.Сгийн нас барсан онош нь даатгалын эрсдэлд орж байгаа тул шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 167 780 657 төгрөгийн нөхөн төлбөрийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасны дагуу “Т Д”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд шүүгчийн амь нас, эрүүл мэндийг даатгах тендерт шалгаруулалт явуулж, тухайн тендерт шалгаруулалтын үр дүнг үндэслэн “Т Д”ХХК болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4 болон Даатгалын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тус тус үндэслэн харилцан, тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн 19917080009 дугаартай даатгалын гэрээ байгуулан ажилласан билээ. Иргэн Б.Дгийн зүгээс “Т Д”ХХК-д /цаашид даатгагч гэх/ холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр болох 167 780 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Даатгуулагч Ц.Сгийн өв залгамжлагч Ч.Энхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад 2017 оны 11 дүгээр сарын 01 өдөр Хавдар СҮТөв эмнэлэгт нас барсан тухай тайлбар, Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн их эмчийн 2015 оны 5 сард шулуун гэдэсний өмөн1 оношлогдсон, 2015 оны 5 сарын 27-нд шулуун гэдэсний мэс засалд орсон. 2017 оны 7 дугаар сарын 29-нд ХСҮТ-д түгжрэл оноштой хэвлий нээх мэс засалд орсон, 2015 онд 10 курс хими эмчилгээ хийгдсэн, нас барсан шалтгаан нь шулуун гэдэсний өмөн 3 үе хавсарсан эмчилгээний дараах үе. Хавдрын дахилт, хавдар нь эд эрхтэнд үсэрхийлсэн. Бүдүүн болон нарийн гэдэсний хавдрын хордлого, олон эрхтний хавсарсан дутагдал ... гэсэн тодорхойлолт, мөн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/1280 дугаартай 2015 онд тус төвд шулуун гэдэсний өмөн оношлогдон хими эмчилгээ 10 курс, 2017 оны 07 дугаар сард бүдүүн гэдэсний түгжрэл оноштой хөнгөвчлөх мэс засалд орж, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд нас барсан гэх тодорхойлолт, даатгуулагч Ц.Сгийн амбулаториор эмчлүүлэгчийн картан дахь 2016 оноос 2017 оныг хүртэлх хавдрын эмчилгээ, үйлчилгээний тэмдэглэл, Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас зэрэг баримтуудаас харвал даатгуулагч Ц.Снь 2015 онд анх хорт хавдар өвчтэй болох нь оношлогдож, 2015-2017 онуудад хими эмчилгээ болон 2 удаа тухайн өвчлөлтэй холбоотой мэс засалд орж байсан бөгөөд хавдрын өвчний явц, хүндрэлийн улмаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна. Дээрх талийгаач Ц.Сгийн өвчний нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шулуун гэдэсний хорт хавдар, түүнээс үүдэлтэйгээр өвчин нь архагшиж, хүндрэн нас барсан гэсэн бодитой дүгнэлт хийж болохоор байна. Харин шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын 19917080009 дугаартай даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан гэнэтийн өвчлөл гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, хуульд заасанд нийцүүлэн тайлбарлаж үзвэл даатгуулагчид үүссэн өвчин түүнээс үүдэлтэй хүндрэл нь тодорхой бус буюу эрүүл мэндэд учирч буй хохирол нь гэнэтийн шинж чанартай байхыг ойлгохоор байна. Гэтэл талийгаач Ц.Сгийн өвчний хувьд нас барахаасаа 2 жилийн өмнө оношлогдсон, эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байсан, өвчнөөс үүдэлтэй хүндрэлүүд үүсэж мэс засал хийлгэсэн, тухайн өвчний хувьд 3 дугаар үе шатанд хүрч хүндэрсэн нөхцөл байдлаас харахад даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д заасан хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинж чанартай гэсэн агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талийгаач Ц.Сгийн хувьд нас барах үедээ гэнэтийн шинжтэй өмнө огт оношлогдож, мэдэгдэж байгаагүй өвчний улмаас амь насаа алдаагүй, өөрийн биед 2 жилийн өмнө үүссэн байсан өвчнөөс үүдэлтэйгээр нас барсан болох нь дээр дурдсан баримтаар нотлогдож байна. Нөгөө талаар, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д нэрлэн заасан гэнэтийн өвчлөлийн даатгалын эрсдэлд шулуун гэдэсний хорт хавдар болон шулуун гэдэсний хорт хавдрын үр нөлөөг даатгалын эрсдэлд хамааруулан даатгаагүй байна. Мөн 19917080009 дугаартай даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зөвхөн хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинж чанартай өвчнийг нэрлэн тодорхойлж даатгасан тул дээрх тохиолдол нь энэхүү гэрээний эрсдэлд хамаарахгүй юм. Иймээс даатгуулагч Ц.Снас барсан тохиолдол нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж, даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д даатгалын тохиолдол гэдэгт даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж тус тус заасанд хамаарах даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэхээр байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Даатгагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 19917080009 дугаартай шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-д даатгалын гэрээнд зааснаар бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Д”ХХК-иас 167 780 657 төгрөгийг гаргуулж Б.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 796 853 төгрөгийг Б.Дгаас гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч “Т Д”ХХК-иас 996 853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 953 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 996 853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүхийн магадлалын... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан хяналтын хэсгийн: “Гэрээний 4.1.8-д заасан “бусад гэнэтийн өвчлөл” гэсэн жагсаалтад зааснаас үзэхэд тухайлан нэрлэн заагаагүй боловч даатгуулагчийн нас барсан өвчлөл нь  нөхөн төлбөр олгох үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэснийг эс зөвшөөрч байгаа бөгөөд давж заалдах гомдолдоо хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж байсан боловч нэхэмжлэгчийн төрсөн охин нь хүнд өвчний улмаас амь насаа алдсан явдалд харамсаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлд хүндэтгэлтэй хандаж даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай дээрхи хуульд зааснаар хэсэгчлэн тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчид нөхөн олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д нь “Т Д”ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 167 780 657 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Б.Д нь 57 780 657 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, Хариуцагч “Т Д”ХХК нь Нэхэмжлэгч Б.Дд даатгалын нөхөн төлбөрт 110 000 000 төгрөг төлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэхээр харилцан тохиролцов.

2.2. Хариуцагч нь Талуудын хооронд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 1 (нэг) хоногийн дотор энэхүү гэрээний 2.1-д заасан 110 000 000 төгрөгийн төлбөрийг Нэхэмжлэгч Б.Дгийн Хаан банкан дахь 5029870192 тоот дансанд шилжүүлнэ.” гэсэн нөхцөлийг зааж, гарын үсэг зуржээ.

“Т Д”ХХК нь гэрээнд зааснаар 110 000 000 төгрөгийг Б.Дд шилжүүлсэн гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон, гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 953 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д 57 780 657 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “Т Д”ХХК 110 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс ажлын 1 хоногийн дотор Б.Дд олгохоор тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 996 853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА