Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1071

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Заяа

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Цэрэндаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтанхуяг нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-д жолоочоор ажилд орж хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм. Тэрээр тус газар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь гүйцэтгэдэг байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түүнд мэдэгдэл ирүүлж хөдөлмөрийн гэрээ дууссан тул ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч уг мэдэгдлийн хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тушаал гаргах ёстой. Гэтэл ажил олгогч тушаал гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй нь үндэслэлгүй. Ажил олгогч нь анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, мөн хөдөлмөрийн гэрээнд яг ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар тусгаагүй нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл тохироогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн одоогийн байдлаар нэмэлт төсөл хэрэгжиж байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 232 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн явуулж буй үйл ажиллагаа нь тус бүр 3 жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээгээр тодорхойлогддог. Ийм учраас ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, харин гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгааг л мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан энэ үндэслэл бүрдсэн тохиолдолд заавал тушаал гаргах ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй. Дараагийн шатны төсөл хэрэгжиж байгаа талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Манай байгууллагын зүгээс заавал дагаж мөрдөх баримт бичиг болох гарын авлагын 4 дэх хэсэгт зааснаар сул ажлын байранд ажилтан авахдаа нээлттэй ур чадварын өрсөлдөөн зарлаж, сонгон шалгаруулсны үндсэн дээр авахаар тусгасан. Бид сонгон шалгаруулалтад орох эрх чинь нээлттэй гэдгийг Б.Алтанхуягт хэлсэн боловч тэрээр өөрөө эрхээ хэрэгжүүлээгүйгээс сонгон шалгаруулалтад ороод ажил эрхлэх боломжоо өөрөө алдсан. Үүнд манай байгууллагын буруу байхгүй. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь жил бүр ажилтнуудын үр дүнг дүгнэж, урамшуулал олгодог бөгөөд энэ үеэр Б.Алтанхуягт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа, сунгагдах боломжгүй талаар хэлж, тайлбарласан байдаг. Манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, талуудын тохирсон хугацаа дуусаж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 232 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэр хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгзэр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч тапуудын чөлөөт байдлын хэмжээ, хязгаар нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн байх, гэрээний аль нэг талд давуу байдал олгохгүй байх явдал юм. Иргэний хуулийн 369 дугээр зүйлийн 369.2-д “хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно”, мөн хуулийн 369.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэсэн нь “тусгай харилцааг тусгайлан зохицуулсан хуулийг ерөнхий харилцааг зохицуулсан хуулиас түрүүлж хэрэглэнэ” гэсэн зарчмын илэрхийлэл бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд иргэний эрх зүйн харилцаа /үүргийн эрх зүйн харилцаа/-г зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх ёсгүй юм. Тиймээс анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг иргэний эрх зүй /үүргийн эрх зүй/-н харилцаанаас ялгамжтай авч үзээгүй, тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй явдал нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үзэх үндэслэлтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт “шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бурэн эрхийг шалгана” гэжээ. Хариуцагч болох Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ, цаашид ГОУХАН” гэх/-ийн эрх зүйн байдлыг тогтоох, түүнийг төлөөлж буй этгээдийг гэрчилсэн баримт, хуулийн дагуу үйлдэгдсэн итгэмжлэл зэргийг шалгах ажиллагаа хийгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг эрх бүхий этгээдэд гардуулсан эсэх, төлөөлөх эрх бүхий этгээд хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх үндэслэлгүй юм. Тухайлбал, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримт /хх 35/-аас үзвэл хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжпэлийн хувийг гардаж авсан байна. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ГОУХАН-ийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын Захиргааны асуудал эрхэлсэн захирал Тилла Луиза Детер /TILLA LOUISE DETER/ нь тус газрын хуулийн төслийн удирдагч Л.Заяад итгэмжлэл олгосон /хх 31/ нь төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна. Энэ нь хэргийн материалд авагдсан ГОУХАН-ийн Монгол Улс дахь суурийн төлөөлөгч Даниел Пассон нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Тилла Луиза Детер-т "байгууллагатай холбогдох аливаа асуудлаар хуулийн болон шүүхийн байгууллагад байгууллагыг төлөөлөх эрхтэй болно” хэмээн “тодорхойлолт” олгосон /хх 45/ баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн төлөөлөх бүрэн эрхийг шалгалгүйгээр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, төлөөлөх эрхгүй этгээд /түүний өмгөөлөгч/-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь процессын ноцтой зөрчил юм.

Нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ГОУХАН-ийн “Төвийн эрчим хүчний системд эрчим хүчнийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-д жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар ажил олгогч /ГОУХАН/ байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүх маргааны үйл баримтыг дүгнэж чадаагүй байна.

Мөн 2016 оны 12 дугаар сарны 22-ны өдрийн ГОУХАН-ийн “Төвийн эрчим хүчний сиетемд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөлд жолооч ажилтай Б.Алтанхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн мэдэгдэл бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр /тушаал/-т ажлаас халах ажил хүлээлцэх журмыг агуулаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5 232 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Төсвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-д жолоочоор ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мэдэгдэл хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх, 4, 6-7, 8-25, 115-118/

 

 

            Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн ажил дуусахаас 1 сарын өмнө гэрээ дахин сунгагдаагүй бол хөдөлмөрийн гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болохоор тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэл нэртэй баримтыг нэхэмжлэгчид гардуулсан байна. /хх 4/

 

            Дээрх мэдэгдэл гэх баримтаас үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, баримт бичгийн нэршлээс үл хамаарч агуулгаас үзвэл ажил олгогчоос гаргасан шийдвэр гэж дүгнэхээр байх тул анхан шатны шүүх уг өдрөөр нэхэмжлэгч Б.Алтанхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагын итгэмжлэлийн асуудлаар аливаа нэг шаардлага гаргаагүй байх ба хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн итгэмжлэлийг анхан шатны шүүх шалгасан, төлөөллийг зөв гэж үзэж итгэмжлэлд дурдагдсан төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН