Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          хохирогч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

          шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Даваажав, шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн нарын хамт гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.М-т холбогдох 2017 2602 0833 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн С-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ............. ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

 

С.М- нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од Лоунж” нэртэй баарны орчим Г.Э-тэй маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Э-гийн нэхэмжилсэн 35.784.054 төгрөгийн нэхэмжлэлээс эмчилгээний зардал гэх 8.214.054 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хохирогч болон эхнэр Б.Ц- нарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 19.700.000 төгрөгийн, “Загал овоо” ХХК-нд сувилалд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний гэх 7.870.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхих, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч С.М-аас хохирогчид 16.860.214 төгрөг төлсөн тул бусдад баримтаар төлөх төлбөргүйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн 2017 2602 0833 дугаартай хэргийн хохирогч Г.Э- би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Миний эх А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд хавтас хэргээс алга болсон. Мөн миний гэмтэлтэй байгаа үеийн зурагнууд хавтас хэргээс алга болсон байсныг би дахин угаалгаж хавтас хэрэгт хавсаргасан. Хавтас хэргээс удаа дараа хэргийн нотлох баримтууд алга болсон талаар хяналт тавьж буй прокурорт гомдол гаргаж, прокуророос “Авилгатай тэмцэх газарт” миний гомдлыг шилжүүлсэн гэх боловч Авилгатай тэмцэх газар шалгасан эсэх, хэрхэн шийдвэрлэгдсэн хохирогч надад хариу мэдэгдээгүй.

2. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хэрэг гарсан газрыг “Од Лоунж” нэртэй пабын орчим гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар хэрэг “Жамбо” супер маркетын урд болсон байдаг ба энэ хоёр газар нь хоорондоо 50-аад метрийн зайтай, орчны хувьд өөр өөр газрууд байдаг.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн нотлогдоогүй байна.

Мөн караокед зодоон болоогүй гэж гэрч С.А, Х.Г- нарын мэдүүлгээр тогтоогдож байхад шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг караокед авсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна.

3. Хэрэг гарах үед хамт байсан Д.Ж, П.Р нар болсон үйл явдлыг гуйвуулан илтэд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан хөндлөнгийн гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Шүүгдэгч С.М-, гэрч Д.Ж, П.Р нар нь хуйвалдан гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлж, хэрэг гарсан газрыг гуйвуулж олон шаттай “Од Лоунжэд” болсон мэтээр мэдүүлсэн нь хохирогч намайг унахдаа шатан дээр унаж гэмтэл авсан мэтээр ойлгуулж дүгнүүлэхээр хуйвалдсан болох нь тэдний Цагдаагийн байгууллагад анх өгсөн тайлбарууд нь гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байгаагаас тодорхой байна гэж үзэж байна.

Мөн миний биед учирсан олон тооны гэмтлүүдийг хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж удаа дараагийн шинжээч эмч нар тайлбарласан.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 934 дугаартай шийтгэх тогтоол хохирогч миний эрх ашгийг хамгаалаагүй, хууль ёсны биш, үндэслэлгүй гарсан тул хохирогч миний гомдолд дурдагдсан асуудлуудыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Хохирогч Г.Э-гийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хохирогч Г.Э-гийн “... Тухайн үед С.М- янз бүрийн хараал хэлэн над руу дайрч байснаа гэнэт миний зүүн талын хацар руу гараараа цохиход газар унасан, унасан байхад миний нуруу, бөөр, толгой руу учир зүггүй өшиглөөд балбаад эхэлсэн. Энэ үед Д.Ж надаас С.М-ыг салгасан. Салгахаар нь би босоод иртэл миний баруун нүд рүү гараараа хүчтэй цохиход би ар дагзаараа савж унасан ...” гэх мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй.

Харин хохирогч Г.Э-гийн мэдүүлэг хөндлөнгийн нотлох баримтууд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1131 дугаартай дүгнэлтээр “Т.Э-гийн биед гавлын баруун чамархай яснаас дух яс, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа, мэс заслын дараах байдал, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, толгойн хуйх, баруун чамархайн булчин, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын салст, баруун тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гавлын баруун чамархай яснаас дух яс, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд дан дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн үений цус хуралт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэл, баруун чамархай хэсгээр юм мөргөх ба хүчтэй савж унах үйлдлийн алинаар үүсгэгдэх боломжтой. Тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэжээ.

Шинжээч эмч Т.Сэлэнгээгийн “... Т.Э-гийн биед учирсан гавлын баруун чамархай ясны шугаман далд хугарал гэмтэл нь хүнд зэрэгт, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доод ханын зөрүүгүй далд хугарал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах ба хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Г.Э-гийн биед учирсан гавлын баруун чамархай ясны шугаман далд хугарал гэмтэл нь унах эсвэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доод ханын зөрөөгүй далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг /хх 54/,

Гэрч Х.Г-ийн “... тухайн өдөр ах С.А-ийн караокед 03 цагаас 04 цаг хүртэл ажилласан ба караокег хаахаас өмнө баримжаагаар 1 цагийн өмнө манай караокенаас гарч явсан дөрвөн залуу хоорондоо маргалдаж байсан. Яг юу гэж маргалдаж байсныг санахгүй байна. Гэхдээ би тэр маргааныг ерөөсөө анзаарч хараагүй, учир нь тийм ч сүртэй маргаан болоогүй хоорондоо зодолдсон эсэхийг анзаарч хараагүй. Зодолдож байсныг огт хараагүй ...” гэх мэдүүлэг,

Гэрч С.А-ийн “... бор царайтай мяраалаг ах караокены өрөөнөөс туранхай шар залуугийн хамтаар түрүүлж гарч ирэхдээ “чи намайг битгий өдөөд бай, би чамайг цохих гээд байна шүү” гэж хэлж гарч ирсэн. Тэгтэл нөгөө шар залуу болон мяраалаг бор ах хоёр хоорондоо барилцаад зууралдчихсан зогсож байсан ба бие биенийгээ цохисон эсэхийг нь хараагүй нөгөө хоёр найз нь салгаж байсан ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог.

Хохирогч Г.Э-д хэрэг болсон цаг хугацаанд, хэд хэдэн удаагийн мохоо болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хүнд, хүндэвтэр, хөнгөн, дангаараа гэмтлийн зэрэг хангахгүй олон тооны гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон байна.

Мөн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.М- /мяраалаг залуу/ караокед хохирогч Г.Э-тэй маргалдсаны улмаас шууд санаа зорилготойгоор хохирогч Г.Э-г зодож эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн олон тооны гэмтлийг учруулсан болох нь тогтоогдож байхад шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүй зөвхөн хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд дүгнэлт хийж, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүдэд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

2. Шүүх шүүгдэгч С.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй бөгөөд гэрч П.Р, Д.Ж, С.А нарын мэдүүлгээр нотлогдож байх тул үнэлэх үндэслэлтэй гэж дүгнэснийг хэрэгт авагдсан нотлох баримтыг гуйвуулсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тухайлбал, шүүгдэгч С.М- мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “... Г.Э-г харахад куртикнийхээ халаасанд хоёр гараа хийчихсэн харагдсан ба би янз бүрийн чулуу зэвсэг чихсэн байх бий гэж бодоод ирэх үед нь хоёр гарынх нь ханцуйнаас бариад авсан. Ингээд халааснаасаа гараа гаргатал янз бүрийн зүйл нуугаагүй байсан ба гарыг нь тавьсан. Г.Э- намайг хэл амаар доромжлон дайраад байсан. Г.Э- намайг баруун гараараа цохих гэж далайхад нь би бултаад хойшоо ухрах үед тэр хий цохилтондоо арагш цементэн бетонон зам дээр толгойгоороо унасан ...”гэх /хх 61/,

Яллагдагч С.М-ын “... үндсэндээ гараа халааснаасаа гаргаж ирэхэд гарт нь ямар нэгэн юм байгаагүй учраас би гарыг нь тавьсан. Гэтэл Г.Э- гэнэт над руу цохих гэж дайрахаар нь би өөрөөс нь зайлуулаад тохойн дээр нь хүрэх шиг болсон. Тэр эрчиндээ өөрөө хойшоо саваад уначихсан. Би ямар ч байсан өөрөөсөө холдуулах үйлдэл гаргасан ...”  гэх /хх 113/,

Шүүхийн хэлэлцүүлэгт С.М-ын өгсөн “... гараас нь барьж авахад гар нь хоосон байхаар нь би салаад маргаан чамаас болсон шүү гээд салах гэхэд далайхаар нь түлхэхэд арагшаа унасан ...” гэж тус тус зөрүүтэй өгөгдсөн мэдүүлгийг зөрүүгүй гэж дүгнэсэн.

Гэрч Д.Жы “... С.М- Г.Э-г халааснаасаа юм гаргаж ирж цохих гэж байна гэж бодсон уу хоёр гарынх нь шуунаас барьчихсан зогсож байгаад хойш нь түлхтэл Г.Э- толгойгоороо цементэн зам дээр савж унаад ухаан алдчихсан. Г.Э- Г.Мягмарыг цохих гэж далайсан үйлдлийг сайн анзаарч хараагүй ээ. Г.Э- халааснаасаа гараа авах гэсэн байж магадгүй, ямар ч байсан тухайн үед түлхэх нь түлхэх үйлдэл болсон ...” гэх мэдүүлгийг “... гар далайх үйлдэл хийсэн ...” гэж мэдүүлсэн болгон гуйвуулж тогтоолынхоо үндэслэл болгосон байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан “... үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлүүдээр хүчингүй болгуулж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна ...” гэв.

Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол бол өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр ял шийтгэсэн бөгөөд уг шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “... хэргийн нөхцөл байдал. зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулхаар ...” энэхүү гомдлыг гаргалаа.

Тус шийтгэх тогтоолд шүүгч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Г.Э-д С.М- гэмтэл учруулсан нь гэм буруугүйн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэснийг бид хүлээн авсан болно.

Харин шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлүүлэх, эсхүл оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, үүрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна.

1. Хэргийн шалтгаан нөхцөл, түүний нотолгооны тухайд:

1.1. Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд хохирогч нь тухайн үед архи ууж согтуурсан үедээ агсамнаж, хэрүүл маргаан үүсгэснээс гадна С.М-ын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох үр хүүхэд гэр бүл рүү нь чиглэсэн, хүүхдүүдийг чинь тэгшилнэ, хүйс тэмтэрнэ гэх агуулгатай дайралт доромжлолыг хэлсэн бөгөөд энэ үед ч С.М- ихэд тэвчээртэй хандсан. Үүнийг тухайн үед хамт байсан гэрч П.Рын /хх 19-20/ мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг. П.Ж-ны /хх 105-106/ мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг, С.М-ын мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч С.Аийн /хх 21-22/ мэдүүлэг, хохирогч Г.Э-, гэрч П.Р нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 118-120/ зэргээр хөдөлбөргүй нотлогддог.

Харин хохирогч Г.Э-гийн мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрүүтэйгээс гадна тухайн үед хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг.

2. Хөнгөрүүлэх болон харгалзан үзэх бусад нөхцөл байдлын тухайд:

2.1. С.М-т холбогдох хэргийн материалаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...” гэж заасан нөхцөл байдал тодорхой харагдана. С.М- анхнаасаа тухайн хэрүүл маргааныг хүсээгүй, харин ч тухайн маргаанаас зайлсхийсэн. Дахин маргаж буй сэдвээр ярих сонирхолгүй байгаагаа хэлсэн, тэвчээр алдагдаж байгаа талаараа ч хэлсэн. Бүр хохирогчоос холдож явахаар тухайн уулзалтыг дуусгавар болгож, үйлчилгээний төлбөрийг төлж гарсан. Гэтэл хохирогч өөрөө маргаан үүсгэж, түүнийг гэрт нь хариулахаар таксинд суулгаж өгсөн атал дахин бууж ирж С.М- дээр очиж хэрүүл маргаан өдөөсөн. Энэ байдал нь хэрэгт авагдсан гэрч П.Жаргалсайхан, П.Р нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

С.М- нь урд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт авагдсан ял шалгах хуудаснаас тодорхой харагдана.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал хэргээс тодорхой харагддаг. Г.Э- арагш савж унаснаар гэмтэл авсныг мэдсэн даруйд өөрөө түргэн тусламж дуудаж, мөн анхны тусламж үзүүлсэн байдаг. Тэрээр хохирогчийг гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэхэд ч дэмжлэг үзүүлж, хагалгааны болон эмчилгээний төлбөрийг даруй шилжүүлж, баримтаар нэхэмжилсэн төлбөрийг барагдуулсан. Одоогоор тэрээр сайн дураар хохирогчийн эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд 16.860.214 төгрөгийг хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн байгаа нь хохирогчийн зүгээс хууль ёсны, нотлох баримтын шаардлага хангахуйц гэж шүүхээс дүгнэсэн төлбөрөөс даруй хоёр дахин их байгаа. С.М- нь хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, цаашид ч холбогдох эмчилгээ сувилгааны зардал гарвал нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно.

2.3. Хэргийн материалаас харахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус,  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байдал илтэд харагдана. Хохирогч хэрэг гарах үед С.М- руу байнга дайрч давшилсан, доромжилсон, мөн хэрүүл маргаан өдсөн байдлаар хандаж, харилцсанаас гадна эрх чөлөөнд нь ч халдсан үйлдэл гаргасан. Энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдох ба үүнд ч анхан шатны шүүх анхаарал хандуулж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэж, тусгасан байдаг.

2.4. С.М- нь хохирогч талд учирсан хохирлыг хавтас хэрэгт авагдсан баримтын түвшинд үл маргах журмаар давуулан төлж барагдуулаад зогсохгүй цаашид хохирогчийн эрүүл мэндэд хамаарах бүх зардлыг нөхөн төлж, хохирогчид бүх талаар нь тусалж дэмжихээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр амаар болон бичгээр илэрхийлсэн. С.М-ын эзэмшсэн боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэр бүлийн байдал, нийгэмд эзэлсэн байр суурь зэрэг нь итгэл даахуйц гэж бид үзэж байгаа бөгөөд шүүхээс түүнд итгэл хүлээлгэж, ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд тэрээр итгэл алдахгүй байж чадна гэж үзэж байна.

Иймд С.М-т холбогдох хэргийн үүссэн шалтгаан нөхцөл, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн, мөн хохирогчид гэмтэл учруулсан даруйдаа С.М- нь хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн, яаралтай түргэн тусламж дуудсан, түүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байдал, С.М-ын хувийн байдал, өөрийн гэм бурууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч бичгээр болон мэдүүлгээрээ илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж шүүгдэгч С.М-т хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг гэмт хэрэг нь С.М-ын санаатай, зүй бус үйлдлийн улмаас бус харин хохирогчийн зүй бус, буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Иймд С.М-ын хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч С.М- нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Даваажав, шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Д.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, С.М-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэж үзэхээр байна. Учир нь:

Тодруулбал: хохирогч Г.Э-гийн “... С.М- янз бүрийн хараал хэлэн над руу дайрч байснаа гэнэт миний зүүн талын хацар луу гараараа цохиход би газар унасан, унасан байхад миний нуруу, бөөр, толгой руу учир зүггүй өшиглөөд балбаад эхэлсэн ... би босоод иртэл миний баруун нүд рүү гараараа хүчтэй цохиход би ар дагзаараа савж унасан ...” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Т.Сэлэнгийн “... Зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... гавлын баруун чамархай яснаас дух яс, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн 1131 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Г.Э-гийн биед гавлын баруун чамархай ясны шугаман далд хугарал, зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн далд хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, духны хөндийн доод ханын зөрүүгүй далд хугаралт, тархи доргилт, толгойн хуйх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын салст, баруун тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэсэн 4160 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудад үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “... хохирогч Г.Э-гийн далайх үйлдлийн улмаас шүүгдэгч С.М-ын хохирогчийг түлхэх үйлдэл нь шууд санаатай үйлдэл биш ба цаг хугацааны хувьд тухайн хохирогчийн үйлдлийн эсрэг хийсэн нь хүний рефлекс үйлдэл гэж үзэхээр байна. Шүүгдэгч С.М- нь хохирогчийг түлхэх энэхүү үйлдэл хийснээр хохирогчийн биед хүнд хохирол учирна гэж тухайн үед тооцоолох боломжгүй ба харин уг үйлдэл хийснээр хохирогчид хүнд хор уршиг учирна гэдэгт хөнгөмсгөөр найдаж болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гар далайсны хариуд хохирогчийг түлхэж хүнд хор уршиг учруулсан гэж үзвэл, уг үйлдлийг ямар учраас гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй болох талаар тодорхой, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд хохирогч Г.Э-гийн “... хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Э-гийн өмгөөлөгч Т.Даваажавын “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.М-т холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Пүрэвсүрэн нарын хамтран гаргасан “... С.М-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.М-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл С.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЮУНЧУЛУУН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ