| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0088/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/02 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг,
Улсын яллагч: Г.Ганхөлөг,
Шүүгдэгч: Ш.Э********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1- д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ач хариад овогт Ш**********ын Э**********д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ач хариад овогт Ш**********ын Э********** 1993 оны 08 дугаар сарын 01-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, РЛ93080113 регистрийн дугаартай.
Шүүгдэгч Ш.Э********** нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.Ө**********ын "Шарк-200" маркийн мотоциклыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Э********** нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.Ө**********ын "Шарк-200" маркийн мотоциклыг хулгайлан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Ц.Ө**********ын хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 20-ны оройн 22 цагийн үед би Мөрөн сумаас мотоциклтой согтуу ганцаараа гарч яваад Хилэнтийн гүүр гарч яваад толгой эргээд явж чадахгүй болоод замаас гарч хэсэг унтаад сэрээд босоход мотоцикл алга болсон байсан. Маргааш нь би буцаж Мөрөнд ороод Цагдаагийн газарт тэмдэглүүлээд орхисон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай багийн төв дээр орон нутгийн сонгууль болж байхад миний алдсан мотоциклыг манай багийн Галбадрахын Батмягмар гэдэг залуу унаж явахаар нь уулзаж асуухад би Ш.Э********** гэдэг залуугаас өөрийн унадаг байсан цагаан өнгийн Вени мотоциклоо өгч сольж авсан гэсэн. Би Батмягмараас тэр даруйдаа мотоциклоо авсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.Батмягмарын хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байх би Одгэрэл ахынд байж байтал Э********** мотоциклтой ирсэн. Ирээд удаагүй байж байтал Одгэрэл ах хөдөөгөөс ирсэн. Одгэрэл ах надад мөнгөний өгцтэй байсан ба надад мотоцикл хэрэгтэй байсан юм. Э********** би энэ мотоциклийг хүнээс авсан юм хямдхан өгчихнө гэхэд Одгэрэл ах хэд юм гэхэд 200.000 төгрөгөнд зарна гэхээр нь би Одгэрэл ахад та надад өгөх мөнгөнийхөө өгцөнд энэ мотоциклыг аваад өгөөч гэхэд за яахав надад уг нь мөнгө байна аваад өгье гээд авч өгсөн. Уг мотоцикль нь цагаан өнгийн шарк-200 маркийн мотоцикль байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Р.Одгэрэлийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр санагдаж байна. Би Мөрөн сумын 3 дугаар баг 4-01 тоотод буюу одоогийн оршин сууж байгаа хаягндаа хөдөөнөөс өглөө орж ирсэн юм. Намайг гэртээ ирхэд Э********** манай гэрт байсан ба Э********** цагаан өнгийн Шарк-200 маркийн мотоцикльтой ирсэн байгаад уг мотоциклоо зарна гэхээр нь би хамаатны залуу Батмягмарт бэлэн 200.000 төгрөгөөр мотоциклыг худалдан авч өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх[1]ийн 28-29 дүгээр хуудас/, эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 33 дугаар хуудас/,
шүүгдэгчийн хувийн байдлын талаарх тодорхойлолтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Ш.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Э**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх гэрээ, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, мөн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Э********** урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв./хх-ийн 23 дугаар хуудас/
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ач хариад овогт Ш**********ын Э**********г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ш.Э**********д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э**********д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР