Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/454

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-н үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-с нийт 137.116.300 /нэг зуун гучин долоон сая нэг зуун арван зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, Сангийн яамны Төрийн сангийн газарт олгосугай.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Д-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол буюу Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө, харуул хамгаалалтын зардал (2013 оны 12 дугаар сараас хойш), алдагдсан боломжийн өртөг буюу зээлийн хүү зэргийг жич нэхэмжлэх эрхтэйг, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “ЭТТ” ХК-наас гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдсугай. 

5. Г.Д нь нийт 533 /таван зуун гучин гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дгийн D0007179 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, Е1401928 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Г.Дгийн гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь 26............... тоот дансанд байгаа 19.500 евро, 2617000528 тоот дансанд байгаа 2.000.000 төгрөг, 26............... тоот дансанд байгаа 300 ам.доллар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Г.П” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCo.,ltd 5148545 ХАК1192 гэсэн бичиглэл бүхий металл гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,ltd (гэрээний) УБМ02732 гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, Gobipower Co.,ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Г.П” ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дгийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Г.Түмэнхүүгийн жолоодож явсан автомашинаас хураагдсан нийт 40 gb багтаамж бүхий Seagate маркийн хард диск 1 ширхэг, Д.Баярмаагийн construction Mongolia 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “ЭТТ ХК-ийн ажилтан Г.Майцэцэгийн албан өрөөнөөс хураагдсан Apu 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас /хуулбар учир хуудаснууд нь дугааргүй/, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банкин дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас (нийт 5217 хуудастай), “Г.П” ХХК-ны 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “ЭТТ” ХК-ны тавьсан шаардлагын дагуу хийсэн нэмэлт ажлын фото тайлан зэргийг энэ эрүүгийн хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Д-н Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол улсын гудамж, “Кристалл таун” хотхон 802-1105 тоот орон сууцыг битүүмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

8. Мөрдөн байцаагчийн тогтоолоор 28-22 УБҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашин, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол, 9-314 тоот орон сууц тус тус битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

9. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ГАЛБАДАР