Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1072

 

 

 

 

 

 

 

 

 

В.Одбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00458 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Одбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-д тус тус холбогдох

Гэрээний үүрэг, хохиролд 21 081 423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч В.Одбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнх-Ачит

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч В.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Тектоник” ХХК-ийн захиалан бариулж буй “Хансвилл” хотхонд А-II ээлжийн, 2 дугаар байрны 803 тоот 76.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэг м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр тооцон нийт 153 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, “Асар пропертиз” ХХК-тай гэрээг байгуулсан. Гэрээгээр 2013 оны 02 дугаар улиралд байрыг ашиглалт оруулах ёстой байсан ч хугацаандаа өгөөгүй байсаар 10 сарын дараа буюу 2014 оны 05 дугаар сард байрыг надад хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал байрыг өгөхийн өмнө гэрээг шинэчлэн байгуулахыг шаардаж, хэрэв гэрээг шинэчлэн байгуулахгүй бол өөр хүнд байрыг зарна гэж шахсан. Ингээд арга буюу 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээг дахин шинэчилж хийхэд талбайн хэмжээг хасч нийт үнээр гэрээг бичсэн хийсэн. Энэ нь хэт нэг талыг барьсан хууль бус гэрээ гэж үзэж байна. Мөн өмнөх гэрээтэй холбоотой шаардлага гаргахгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Миний бие байрыг захиалсны дараа 2012 оны 09 сард анх очиж үзэхэд талбайн хэмжээ дутуу болох нь мэдэгдэж байсан тул албан ёсоор “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 68.76 буюу гэрээнд зааснаас 7.94 м.кв дутсан. Энэ тухай байрыг хүлээн авахаас өмнө удаа дараа хариуцагч талаас шаардахад “уг барилга 2009 оноос эхлэн баригдаж байгаа, барилгын ажил удааширч алдагдал ихээр хүлээсэн, сүүлд батлагдсан барилгын стандартыг дагах ёсгүй” гэсэн тайлбар өгдөг байсан. Би байрны төлбөрөө Голомт банкны 1.4 хувийн хүүтэй урт хугацааны лизингээр бүрэн төлсөн. Хариуцагч тал байрыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад өгөөгүйгээс би ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байсаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа 2014 оны 06 дугаар сард буюу жилийн дараа хамрагдсан. 2013 оны 06 дугаар сараас 2014 оны 06 дугаар сарын хооронд 12 136 654 төгрөг зээлийн хүүнд төлсөн. Хэрэв байрыг тохиролцсон хугацаандаа ашиглалтад оруулсан бол би сарын 1.4 хувийн хүү төлөхгүй, ипотекийн жилийн 8 хувийн хүүгээр тооцоход нийт 6 935 230 төгрөгийг хүүнд төлөх байсан. Иймд орон сууцны талбайн зөрүү 7.94 мкв-ын үнэ 15 880 000 төгрөг, 2013 оны 06 сараас 2014 оны 06 сар хүртэл хугацааны зээлийн хүүгийн зөрүүнд төлсөн 5 201 423 төгрөг, нийт 21 081 423 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч В.Одбаяр нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц  захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 103/2/803 дугаартай гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн  15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 103 дугаар байрны 2 дугаар орцны 803 тоот, 3 өрөө орон сууцыг 153 400 000 төгрөгөөр  бариулсан байдаг. Дээрх гэрээнд гэрээний үнийг нэгжийн үнээр бус нийт үнээр харилцан тохиролцож тогтоосон. Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсаны үндсэн дээр батлагдсан зураг төслийн дагуу барилгыг бариулсан. Тухайн үед В.Одбаяр өөрийн захиалах гэж буй орон сууцны өрөөний доторх зохион байгуулалт, өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл зурагтай танилцан, талбай дутууг хүлээн зөвшөөрч худалдан авсан. Мөн 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон бөгөөд хариуцагчийн зүгээс дарамталсан, шахсан зүйл байхгүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн талбайн зөрүүг мэдэж, гэрээг шинэчилж байгуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч В.Одбаяр нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд банкнаас зээл авах, хүү төлөх нь манайд хамааралгүй, хариуцагчаас шууд шалтгаалсан зүйлгүй, мөн баримтгүй байна. Иргэний хуульд зааснаар нэг тал зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нөгөө талаасаа шаардах эрхтэй бөгөөд зээлийн хүүгийн зөрүү мөнгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар 352.4, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иас гэрээний үүрэг, хохиролд нийт 21 081 423 төгрөг гаргуулах тухай В.Одбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Одбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэмжилт хийж дүгнэлт гаргаснаар 7.94 м.кв-аар дутсан гэдгийг мэдэж 2014 оны 12 дугаар сард шүүхэд гомдол гаргасан боловч харуицагч тал бидний гаргасан гомдлын талаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж бидний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Мөн дахин 2015 оны 12 дугаар сард шүүхэд гомдлоо гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон юм. Ингээд миний бие захиргааны хэргийн шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний хүсэлтээр хариуг бичгээр гарсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сард хариуцагч талын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байсан. Ингээд миний бие 2016 оны 12 дугаар сард шүүхэд гомдлоо гаргасан бөгөөд Иргэний хуүлийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга, байшингийн доголдлын талаар хүлээн авсанаас хойш 3 жилийн дотор гомдол, шаардлага гаргаж болно гэсэн заалтыг миний бие зөрчөөгүй гэж үзэж байна. Хариуцагч тал байрны м.кв-ын зөрүүний талаар маргаагүй бөгөөд хариуцагч талтай анх 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн орон сууц захиалан бариулах гэрээ хүчинтэй бөгөөд энэ гэрээг хүчингүй болгоогүй, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг анхан шатны шүүх нэмэлт гэрээ гэж дүгнэсэн юм. Ийм учраас миний бие байрны м.кв-ын зөрүү болох 15 880 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч В.Одбаяр нь хариуцагч “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-д тус тус холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 880 000 төгрөг, хохиролд 5 201 423 төгрөг, нийт 21 081 423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч В.Одбаяр нь хариуцагч “Асар пропертиз” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А2/803 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А2 дугаар байрны 2 дугаар орц, 803 тоотод байрлалтай 76.70 м.кв талбай бүхий орон сууцыг м.кв тус бүрийг нь 2 000 000 төгрөг төлөхөөр, нийт 153 400 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохирсон, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг бүрэн төлсөн, талууд 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэрээг харилцан тохирч цуцалсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, гэрээг цуцалсан тухай мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 46-49, 54, 55/

 

            Түүнчлэн талууд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь дээрх хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 153 400 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 04 дүгээр сард захиалагчид хүлээлгэн өгсөн, захиалагч нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уг орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 7-9, 54/

 

            Шүүх зохигчдыг өөрсдийн хүсэл зоригийн дагуу 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан хэлцэл гэж дүгнэлт хийсэн нь зөв болжээ.

 

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий орон сууцны өрөө, тасалгааны талбайд “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ 68.76 м.кв гэж тооцон эхний гэрээнд зааснаас 7.94 м.кв-ын дутуу болохыг тогтоосон бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа нотлоогүй байх тул дээрх 3 өрөө орон сууцыг нийтэд нь 153 400 000 төгрөгийн хөлстэйгөөр бариулахаар харилцан тохиролцсон байгаагаас Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг доголдолгүй гэж үзнэ.

 

            Нэгэнт ажил гүйцэтгэгчийг ажлын доголдолгүй үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхтэй, энэ эрхээ алдсан гэж дүгнэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Харин шүүх нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас 5 201 423 төгрөгийн хохирол учирсан болохоо нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч гэрээ хүчин төгөлдөр байгаа ба хүчин төгөлдөр гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардсан байхад гэрээ цуцалснаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх зохицуулалтыг баримтласан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг зөвтгөх нь зүйтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4” гэснийг “352 дугаар зүйлийн 352.2.3” гэж, “227 дугаар зүйлийн 227.4” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.            

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч В.Одбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН