Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 176

 

Б.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

          хохирогч Ө.Ө-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

          шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Ө-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г-ад холбогдох 1803 0078 50419 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-гийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

Б.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын замд “Тоёота Марк-2” загварын, 26-23 УНМ улсын дугаартай, автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж заасныг зөрчин Ө.Ө-ы жолоодон явсан “Тоёота Приус-20” загварын, 77-42 УНА улсын дугаартай, автомашиныг мөргөснөөс жолооч Ө.Ө-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Г-ад оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г-ад сануулж, энэ хэрэгт Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.479.244 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас 9.275.400 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ө-д олгож, хохирогч Ө.Ө- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Г-аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.Ө-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар хамтран гарсан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна.

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 97 шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Чухамдаа шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн “Шударга ёсны зарчим” 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... тухайн хүн, ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... ялгаварлан гадуурхахгүй ...” гэх зарчмуудыг зөрчиж шийдвэр гаргажээ.

Тодруулбал, хавтас хэргийн материалын 78 дугаар хуудаст хавсаргагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын тодорхойлолтоор “Б.Г- нь тус байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сарын 1.066.095 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлов”, хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод шүүгдэгчийн авч буй цалингийн хэмжээний хувьд дунджаар 1.000.000 төгрөгийн цалинтай байх бөгөөд шийтгэх тогтоолын дагуу 1.200.000 төгрөгийг сарын цалингаараа төлчих бүрэн боломжтойг шүүх харгалзаж үзээгүй нь ял шийтгэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд үл зохицсон байгааг харуулж байна. Шүүгдэгчийн нийгэмд аюултай гэмт үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулах ёстой шударга ёсны зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ тухайн осол болдог өдөр шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг дүгнээгүй байдаг. Учир нь, хавтас хэргийн материалд авагдсан шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэнг тогтоосон гэх баримтаар шүүгдэгч 0.7 эсхүл 0.07 хэрэглэсэн байдалтай байдаг боловч согтууруулах ундаа хэрэглээд тухайн нөхцөл байдалд самбаачлах хугацааг ашигласан эсэх өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан эсэхийг дүгнэлт хэсэгт тусгаагүй нь шийтгэл тогтоол үндэслэлтэй гарсанд эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж зүйлчилсэн эсэхийг шүүх дүгнэх ёстой атал дүгнээгүй нь чухамдаа хэргийг үнэн бодит байдлаар, нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулан дүгнээгүйн илрэл.

Хэргийн үйл явдал өглөө эрт нартайд болсон, үзэгдэх орчин хангалттай, жолоодлогын хамгийн боломжтой нөхцөл байдалд болсонг харгалзан үзэх шаардлагатай байсан.

3. Хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгө “Приус-20” загварын, 77-42 УНА улсын дугаартай, хөнгөн тээврийн хэрэгслийг хувь хүнээс нийт 14.600.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Гэтэл хохирлын үнэлгээний “Ухаа шүр” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр 9.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үздэг. Гэвч бодит байдал дээр уг тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болгосон төдийгүй засварлаж сэлбэлээ ч тээврийн хэрэгсэл хөдлөхгүй, ашиглах боломжгүй болсон. “Ухаа шүр” ХХК-ийн дүгнэлтэд /хх 72-73/ солих эд ангийг цувуулан бичсэн байдаг. Чухамдаа эд ангийг цувуулан бичихдээ автомашины нийт эд ангийн 70 орчим хувийг солих шаардлагатай байдлаар дүгнэсэн байдаг. Энэ өнцгөөс харах юм бол үнэлгээний байгууллага зөвхөн эвдэрсэн эд ангийг тус тус бүрд нь салгаад үнэлгээ тогтоож. Энэ үнэлгээ нь бодит байдал дээрх тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаагүй нь хохирогчийн бодит хохирлыг буруугаар дүгнэхэд хүргэж байна.

Хохирогчийн зүгээс ажиллагаатай тээврийн хэрэгслийг хүсэж байгаа боловч үнэлгээгээр тийм төрлийн тээврийн хэрэгсэл худалдаж авах боломжтой үнийн дүнгээр үнэлээгүй нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг харгалзахгүйгээр үнэлгээ гаргаж, өмчлөх эрхэд халдаж үнэлсэн байдал харагдаж байна.

4. Мөн шүүх Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ажиллагааны зөрчлийг /хх 52/ шийтгэх тогтоолдоо дүгнээгүй нь нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлж, цуглуулах ажиллагааг зөв дүгнээгүй гэж үзэхээр байна.

5. Шүүх хэргийн нөхцөл байдал болон гэмт үйлдэл үйлдэгчийн гэм бурууг тогтоохдоо хуульд заасан арга хэрэгслээр цугларсан нотлох баримтын хүрээнд төдийгүй шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдлийн хэр хэмжээнд тохируулан шийтгэл оногдуулах ёстой.

Шийтгэл нь шүүгдэгчид гэмших сэтгэл зүйг төлөвшүүлэх, цаашид ийм төрлийн гэмт үйлдэл хийхгүй байх сэдэл санаа зорилготой болгоход гол утга учир оршдог. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийг гэмших сэтгэхүй, өөрийн хийсэн үйлдлийн хэр хэмжээг цаашид ойлгох нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй байх тул хохирогчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж, шүүгдэгчийн хүнлэг бус, зүй бус, ёс зүйд үл нийцсэн харилцаа хохирогчид цаашид гомдох сэтгэхүйг төрүүлэхүйц байх, шүүгдэгчийн гэмшил, учир ухагдахууныг ойлгосон гэж дүгнэхээргүй байх тул гомдолтойгоо илэрхийлж давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ...” гэв.

Хохирогч Ө.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл багадсан гэж үзэж байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн автомашинд учирсан хохирлыг төлж барагдуулна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Ө-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын замд “Тоёота Марк-2” загварын, 26-23 УНМ улсын дугаартай, автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж заасныг зөрчин Ө.Ө-ы жолоодон явсан “Тоёота Приус-20” загварын, 77-42 УНА улсын дугаартай, автомашиныг мөргөснөөс жолооч Ө.Ө-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө.Ө-ы “... Би өөрийн эзэмшлийн 77-42 УНА улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын автомашиныг жолоодоод Улаанбаатар хотоос Налайх дүүрэг чиглээд эмийн ургамлын зүүн замаас 50 орчим км/цагийн хурдтай явж байтал өөдөөс урсгал сөрөөд “Гранд Марк-2” загварын цагаан өнгийн автомашин гараад ирсэн. Тэгээд намайг хараад тэр автомашин өөрийнхөө урсгал руу дарангуутаа эргээд над руу хамраа чиглүүлж дараад миний явж байсан урсгалд орж ирэн миний автомашины зүүн талаар, нөгөө автомашины баруун талаар мөргөлдсөн ...” /хх 13-16, 61-62/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ө.Ө-ы биед зүүн тойг ясны далд хугарал, зүүн өвдөгт шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн 12045 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 22-25/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 3-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5, 6-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10, 11/, хохирогч Ө.Ө-ы Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх 25-35/, хохирлын баримтууд /хх 93-101/, “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 63-66, 67-70, 72-78/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Ө.Ө-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар хамтран гаргасан “... шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин шалгуулах ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь: хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 0.07 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон байна.

Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн А/138, А/131 дугаартай тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6 дахь хэсэгт “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” гэж заажээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж, бэхжүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн согтолтын байдлаар дээрх журамд зааснаар цусан дахь агууламжийг тогтоогоогүй байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрснөөс шүүгдэгч “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг” мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгож, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан “хуулийн зорилго”, 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-д тус тус нийцээгүй, шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр торгож, уг ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд хохирогч Ө.Ө-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ад оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ад оногдуулсан 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.             

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЮУНЧУЛУУН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ