| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 015/2014/0019/З |
| Дугаар | 221/МА2015/0158 |
| Огноо | 2015-04-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2015/0158
2015 оны 4 сарын 02 өдөр Дугаар 221/МА2015/0158
Г.А ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.А ийн нэхэмжлэлтэй ТӨАЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оноос Угтаалцайдам сумын сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэсэн. Анх ажил авахад энэ сургууль 33 сургуулийн 14 дүгээр байрт орж байсан. 2007 оноос хойш манай сургууль аймагтаа байнга 5, 6 дугаар байрт орж, 2011-2012 онд 2 дугаар байр, 2013-2014 онд 5 дугаар байр эзэлсэн Тухайн ажил хариуцаж байгаа хүмүүсийн ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсанаас болж зөрчлүүд гарсан байхад намайг буруутгаж, үндэслэлгүй ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэст өгөөрэй гэж 5 дугаар сард семинар дээр хэлсэн. Би ажлын тайлан, мэдээ, гэрээний биелэлтээ 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Боловсролын газрын мэргэжилтэн Ш.С-д өгсөн. 2014 оны 09 дүгээр сарын 11-нээс одоог хүртэл ажилгүй байна. Миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, нийгмээс тусгаарласан. Би нэр төрөө сэргээлгэнэ. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч ТӨАЗД -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Г.А ийг ажлаас халах захирамжийг Боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн гаргасан. Тэрээр ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийг хангалтгүй биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хөндсөн зөрчлийг удаа дараа гаргасан. 2013 оны 11 дүгээр сард хүүхэд автомашины осолд орж нас барсан. 2013 оны 03 дугаар сард хүүхэд цонхоор үсэрч гэмтсэн 2 зөрчлийг онцолж дүгнэлт гарсан. 2013-2014 оны хичээлийн жилд аймгийн бүх сургуулийн захирлууд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээнд заагдсан, сурагчдыг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах бүхий л ажлыг удирдан зохион байгуулах арга хэмжээ аваагүй... Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний дотор Нийгмийн хөгжлийн хэлтэст өгөх ёстой ч өгөөгүй Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Гуравдагч этгээд Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ТӨ-ын Боловсролын газраас зарласан Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж, аймгийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдсон... гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А ийн ТӨАЗД -ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хэмжээгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 1... Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тус заалтыг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргаж болохоор зохицуулжээ. Тэгвэл маргааны үед хэлэлцэгдэж буй тухай зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан эсэхийг тогтоох ёстой. Гэвч захиргааны үндэслээд байгаа хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдал Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тодорхойлогдохын тухайд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ажил олгогчийн үүрэг юм. Ажил олгогч нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа байгуулаагүй гэрээгээр хүлээгээгүй үүргийг зөрчсөн гэж ажилтныг ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болжээ. Үүнийг шүүх хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээнд гэж заасаар байтал өөр төрлийн гэрээ болох үр дүнгийн гэрээ-г зөрчсөнийг ялгаж салгаж, дүгнэж хяналгүйгээр зөвтгөж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
2. Шүүхийн шийдвэрт Боловсролын тухайн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг үндэслэл болгожээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд, маргаан бүхий захиргааны актын үндэслэл хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхээс хянан хэлэлцэж буй маргаан бүхий актад тусгагдаагүй Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг актыг дэлгэрэнгүйлэн шинээр үндэслэл болгосон нь ЗХХШТХ-ийн үндсэн зарчмыг зөрчсөн. Боловсролын хуульд заасан үр дүнгийн гэрээ байгуулах харилцаа нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар тодорхойлогдож байсан. Гэвч тус хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр бус болсон тул үр дүнгийн гэрээ болон түүнд үндэслэн хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй болж байна. Шүүх энэхүү нөхцөл байдал үр дүнгийн гэрээний хууль зүйн хүчин төгөлдөр байдал хууль тогтоомжийн өөрчлөлт зэргийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байна.
3. Ажил олгогчийн зүгээс Г.А ийг ажлаас халах үндэслэл болгож үзсэн үйл явдал тус бүрт ажилтны гэм буруутай үйлдэл, үйл ажиллагаа байсан эсэх, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байсан эсэхийг тогтоогүй байтлаа хариуцлага ногдуулсаныг шүүх зөвтгөж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үйл явдлуудын хувьд; а.Сургуулийн сурагч хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх зөрчлийн тухайд: Тухайн үйл явдал сургуулийн өвлийн амралтын үед болсон бөгөөд хүүхэд сургуулийн хараа хяналтын хүрээнд бус харин эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтын хүрээнд байсан. Тус үйл явдал нь гэмт хэргийн шинжтэй, үүнийг холбогдох шүүх цагдаагийн байгууллагын зүгээс шалган тогтоож, гэм буруутай этгээдэд хуулийн дагуу ял шийтгэлийг оногдуулсан. Иймд тухайн гэмт хэргээс шалтгаалж, сургуулийн захирал ямар нэгэн хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй.
б. Зам тээврийн осол гарсан гэх зөрчлийн тухайд: Тус хэргийг шүүхээр хянан шийдвэрлээд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 1128 дугаар магадлалаар Г.А тус осолтой холбогдон ямар нэгэн хариуцлага хүлээх этгээд биш гэдгийг тогтоосон. Нэгэнт тухайн автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг бүхий этгээд биш гэдгийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж тогтоосон байхад тухайн асуудалтай холбогдуулан сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
с. Хүүхэд сургуулийн цонхоор үсэрсэн гэх зөрчлийн тухайд: ...Боловсролын сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/293 дугаар тушаалын хавсралт №1-ээр батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх журмын 5.1-д Багшийн ажлыг гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ, багшийн ажлын үнэлгээгээр 80-аас дээш оноо буюу Хангалттай сайн үнэлгээ авах нь багш ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно гэж заасны дагуу ажлын хариуцлага алдсан багш Д.Р нь тус журмын 4.1.5-д заасан шалгуур үзүүлэлт буюу эрүүл ахуйн орчин бүрдүүлэх үнэлгээ аваагүйгээс шалтгаалан хангалттай сайн үнэлгээ аваагүй. Үүнийг үндэслэн багш Д.Р-д ур чадварын нэмэгдэл олгоогүй нь тус журамд заасны дагуу хариуцлага оногдуулсан байна. Иймд захирал Г.А ийг хариуцлага алдсан багшид хариуцлага тооцоогүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
4. Г.А ийг ажлаас халах болсон үндэслэл болгосон зөрчил гэгдэж буй асуудлууд нь тус тусдаа үйл баримтууд бөгөөд буруутай этгээдүүд нь тухай бүр тогтоогдон холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээсэн байдаг. Энэхүү тохиолдлуудад Г.А ийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй гэдгийг шүүхээс тогтоосон байна. Нэгэнт гэм буруугүй гэдэг тогтоогдсон байхад тухайн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Нөгөө талаас хариуцагчийн ажлаас халах шийдвэр гаргахдаа үндэслэл болгон үзсэн сургуулийн сурагч хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх зөрчил 2013 оны 11 дүгээр сарын 07-нд, зам тээврийн осол гарсан гэх зөрчил 2013 оны 11 дүгээр сарын 15-нд, хүүхэд сургуулийн цонхоор үсэрсэн гэх зөрчил 2014 оны 03 дугаар сарын 04-нд тус тус гарсан байна.
Гэтэл нэхэмжлэгч Г.А ийг ажлаас халах шийдвэр 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халах нь сахилгын шийтгэлийн нэг төрөл байна. Тэгвэл тус хуулийн 131.2-т Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаас үзэхэд Г.А ийн гаргасан гэж үзэж буй сахилгын зөрчлүүд гаргаснаас хойш хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хугацаа тус бүрт өнгөрсөн байхад хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, ТӨАЗД -ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/36 тоот захирамж гарсан байхад шүүхээс тухайн нөхцөлд дүгнэлт хийлгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болжээ. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.А нь ТӨ-ын Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байна. Удирдах албан тушаалтан болохынхоо хувьд сургуулийн захирал нь Төсвийн тухай хуульд зааснаар ...байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, ...байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх мөн Бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.
Түүнчлэн Г.А нь ТӨАЗД тай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байсан байх бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.7-д сургуулийн захирал сурагчдыг зам, тээврийн болон бусад болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах, бүхий л орчинд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг хүлээнэ гэж, мөн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 4-д ...хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд хүмүүжих, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах ажлыг улирал, сар, 7 хоногоор зохион байгуулах... гэж тус тус заасан байна.
ТӨ-ын Угтаалцайдам сумын сургууль дээр гарсан зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас эрсэдсэн, бага насны хүүхэд цонхоор унаж, хүнд гэмтсэн ноцтой зөрчлийн шинж байдлыг харгалзаад Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хөндсөн ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж дүгнээд түүнийг тухайн үүрэгт ажлаас нь халахаар шийдвэрлэсэн ТӨАЗД -ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/38 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий актад зөв дүгнэлт хийжээ.
Түүнчлэн Г.А нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээ дүгнүүлэх байсан боловч дүгнүүлээгүй, хожим нь дүгнүүлэхдээ Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн сургуулийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн байдал гэсэн 8 дахь шалгуур үзүүлэлтийн талаар дүгнэлт хийж, алдаа дутагдлаа засах талаар дурдаагүй байсан /нуун дарагдуулахаар оролдсон гэж ойлгохуйц байдлыг гаргасан/ болох нь гэрч нарын мэдүүлэг болон холбогдох баримтуудаар тогтоогджээ.
Иймд аймгийн Засаг даргын захирамжийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж хариуцлага тооцсон гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь, гэрээнд тусгагдсан сургуулийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн байдал гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийг сургуулийн хүүхэд цонхоор унаж, хүнд гэмтсэн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэр бүхий бага ангийн хүүхдийг хичээлийн бус цагаар ангидаа дуудан оруулж цоожилж, хараа хяналтгүй орхиж, улмаар хүнд гэмтэх нөхцлийг бүрдүүлсэн багшид ямар нэгэн /сануулах, үндсэн цалинг 20 хүртэл хувиар бууруулах/ гэх мэт хариуцлага тооцохгүй, тушаал гаргаагүй байгаа нь Г.А захирлын хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн зөрчил нь үргэлжилсээр байсан болохыг харуулж байна.
Түүнчлэн өмгөөлөгч байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж хариуцлага тооцсон нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасны дагуу Г.А нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж тус тус заасны дагуу Төсвийн тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Ажлын байрны тодорхойлолт, Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР