Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00655

 

НХГ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02682 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар магадлалтай,

НХГ ХХК-ний нэхэмжлэлтэй

Д.Цд холбогдох

Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 270 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 8 711 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өэлүн-Үжингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сувд-Үжин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Манай байгууллага иргэн Д.Цтэй 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9 809 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, мөн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцон, зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 809 000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл үндсэн зээл 9 000 000 төгрөг, хүүд 54 000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээнд хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж зааснаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл алданги 4 500 000 төгрөг, нийт 13 940 000 төгрөгийг гаргуулахаар, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 3 700 000 төгрөг, хүүд 330 000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 949 хоногийн алданги 900 000 төгрөг, нийт 2 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 24 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие НХГ ХХК-иас 2015 оны 3 сард 9 800 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, өөрт байсан ээмэг, бөгж, монетин гинж, мөнгөн аяга, н.Нансалмаа гэгч эмэгтэйн 2 алтан бөгж, гинж, н.Пүрэвсүрэнгийн алтан гинж, ээмэг, бөгжийг барьцаалсан. Ингэхдээ энэ зээлийг ганцаараа аваагүй бөгөөд эдгээр хүмүүст мөнгийг нь өгсөн. НХГ ХХК-ийн захирлын ээж нь П.Бямбасүрэн гэж хүн намайг таньдаг болохоор зээлийн мөнгийг нэгтгээд надад өгөөд чи хариуц гэдэг байсан. Тиймээс би заримдаа хүмүүсээс хүү, зээлийн мөнгийг аваад ажилтан н.Оюумаад өгдөг. Гэхдээ Г.Оюумаа орой болгон бидэнд баримт өгөхгүйгээр ажил тарахын үед ирж хүү, үндсэн зээлд өгсөн мөнгийг авдаг байсан. Дээрх зээлэнд эхний сарын хүү 1 000 000 төгрөг, дараагийн хүүг мөн өгсөн. НХГ ХХК-ийн салбар татан буугдаж, мэргэжилтэн н.Мөнгөнзул ажлаа хүлээлгэн өгөхөөр болж, ломбардад байгаа эд зүйлээ ав гэсэн. Бид авч чадахгүй байна гэхэд, уг ломбардыг хохиролгүй болгох ёстой, иймд барьцаанд байгаа эд зүйлсийг зарж борлуулна гэснийг бид зөвшөөрч, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг авснаар энэ гэрээ дуусгавар болсон. 5 500 000 төгрөгийн зээлийг авахдаа 500 000 төгрөгийн хүүг нэмж бичлээ гэсэн. Яг авсан зээл бол 5 000 000 төгрөг, мөн барьцаа тавьсан. Үүнээс 3 500 000 төгрөгийг өгч, үлдсэн 1 800 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Би 2015 онд зээлийн мэргэжилтэнд 500 000 төгрөгийг 3 удаа төлсөн тул 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн тооцоо дууссан. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 23 сард нийт 5 972 000 төгрөг, дээр нь 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 264 000 төгрөгийг төлсөн байна. Харин илүү төлөлтийн 4 438 000 төгрөг, барьцааны эд зүйлсээр хохирсон. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5 500 000 төгрөгийн зээлэнд сар бүр 384 000 төгрөгийн төлөлт хийж, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 16 сар тус бүр 384 000 төгрөгөөр, нийт 6 160 000 төгрөг төлж, үүнээс 5 500 000 төгрөг, 1 сарын хүү 384 000 төгрөгийг хасаж тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НХГ ХХК-иас 5 500 000 төгрөг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үнэт эдлэлээ барьцаалж зээл авч 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл өдөр бүр сард 384 000 төгрөг төлснөөр нийт 16 сарын дотор 6 160 000 төгрөг, үндсэн зээл 5 500 000 төгрөг, хүү 385 000 төгрөгийг хасахад 275 000 төгрөг илүү төлсөн байна. 4 400 000 төгрөгийн зээлийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үнэт зүйлсээ барьцаанаас авч, сар бүр 264 000 төгрөг төлж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 23 сарын хугацаанд 5 972 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр монетан ээмэг, бөгж, гинжээ авахад 2 600 000 төгрөгийг төлсөн байсан. Ингээд нийт 8 936 000 төгрөг өгсөн байх ба үүнээс үндсэн зээлийн 4 400 000 төгрөг, хүү 264 000 төгрөгийг хасахад 8 711 000 төгрөгийг илүү төлсөн байгаа тул барьцаанд тавьсан эд зүйлсийн хамт НХГ ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн НХГ ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн мөнгийг П.Бямбасүрэнгийн Хаан банкны 5026943658 дугаарын дансанд төлсөн. Би иргэн П.Бямбасүрэн гэж хүнтэй тусдаа гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг аваагүй. Энэ зээлийн гэрээг өмнө нь авсан 5 000 000 төгрөгт байгуулсан. П.Бямбасүрэн эгч хувиараа мөнгө зээлүүлдэггүй, хүүгийнхээ мөнгийг зээлдэг байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тус шүүхэд гаргасан хариуцагч Д.Цгийн 4.811.000 төгрөг, эд зүйлс гаргуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02682 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цгээс 15 823 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НХГ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 927 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас НХГ ХХК-иас 2 754 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Цд олгож, үлдсэн 5 957 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 250 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 239 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 59 014 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237 065 төгрөгийг гаруулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Цгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өэлүн-Үжин хяналтын гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ... Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн хянан хэлэлцэх зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтуудыг тус тус зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, дүгнээгүй гэх үндэслэлд дурдсан бүх баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгсөн байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч НХГ ХХК нь Д.Цд холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 270 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Д.Ц нь илүү төлсөн 8 711 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Үүнд:

1.“НХГ” ХХК нь 24 270 000 төгрөгийн нэхэмжлэлээс бүрэн татгалзах,

2. Д.Ц нь сөрөг нэхэмжлэл болох 8 711 000 төгрөгөөс 6 461 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 250 000 төгрөгийг нэхэмжлэгч “НХГ” ХХК нь Д.Цд эвлэрлийн гэрээ баталгаажсан өдөр төлж барагдуулах,

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

4. Талууд дээрх 3 гэрээний хүрээнд ямар нэг гомдол санал, үүрэг хариуцлагын асуудлыг дахин хөндөхгүй болно.” гэсэн нөхцөлийг зааж, гарын үсэг зуржээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн, хариуцагч Д.Ц нь сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсан агуулга тусгагдсан байна.

Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон, гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч НХГ ХХК нь 24 270 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ, хариуцагч Д.Ц нь сөрөг нэхэмжлэлээс 6 461 000 төгрөгийн хэсгээс тус тус татгалзаж, НХГ ХХК нь эвлэрлийн гэрээ баталгаажсан өдөр хариуцагч Д.Цд 2 250 000 олгохоор тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА