Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

2022        01          04                                  2021/ШЦТ/46     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0920/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Х,

улсын яллагч Д.Д,

шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөтөл овогт Г.Б-т холбогдох эрүүгийн “2109008881395” дугаартай хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамтаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 75 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

-урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /хуучин хууль/ 25 дугаар зүйлийн 25.1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,

-Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ХМШЗ/133 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөж байсан, Х овогт Г.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 дүгээр гудамжны харалдаах Сэлбэ голын эрэг дээр иргэн Ж.Ц-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, дух, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, дух,зулай, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамар, уруул, баруун сарвуунд зулгаралт, уруулын дотор салст, цээжинд цус хуралт...” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. ” гэв.

Эрүүгийн 2109008881395 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Ц-ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз охин Зулаатай хамт түүний найз Дуука, Б нартай нийлж манай түрээсийн байранд наадам тэмдэглэхээр болсон. Бид 4 долоон буудлын “Анар мотел” гэдэг нэртэй нийтийн байранд уулзаж ууж эхэлсэн. ...Тэгээд тэндээс гараад зуслан дээрх голын эрэг дээр очиж бид 4 пиво уусан. ...Тэгтэл Б намайг хамт явж байсан нөгөө хоёроос маань салгаад цааш нь аваад явсан ба ирсэн газраа ирээд учир зүггүй зодоод эхэлсэн гэсэн. Найз охин маань салгах гээд очиход тоосго барьсан зогсож байсан гэж хэлсэн. ...Би Б-т зодуулснаас хойш 3 хоног гэртээ хэвтсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 20-22 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Ц-ын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн “...Тухайн орой би Баянбулаг явж эхнэрийн найз Дуука гэх охиныг очиж авсан ба замдаа пиво уугаад явж байсан болохоор зогсож буцаад гэртээ ирсэн талаар санахгүй байгаа болно. Нэг мэдэхэд өглөө болсон, би зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Б-той маргалдаж, улмаар түүнд зодуулсан гэж хэлсэн. Миний гар утас алга болсон байна гээд тухайн үед хайсан боловч одоогүй билээ. Гэтэл сүүлд нь орны завсраас олж авсан юм. Тэгэхээр гар утас алга болсон асуудал байхгүй. ...Бид нар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 дүгээр гудамжны харалдаах Сэлбэ голын эрэг дээр очиж пиво ууж суусан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Зулаагийн “...Зоригоо /Г.Б/ манай нөхрийг бид хоёроос холдуулж авч явсан. Хэсэг хугацааны дараа хоорондоо маргалдаад орилоод эхлэхээр нь бид хоёр цуг яваад очиход нөхөр Ц газар унасан байдалтай, Зоригоо хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь өшиглөөд зогсож байсан. Тэгэхэд нь манай найз Зоригоог холдуулаад би нөхрийнхөө толгойг хамгаалсан. Тэр үед манай нөхрийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярдуламын “...Би найз Зулаагаас “Ц чамд гар хүрдэг юм уу” гэж асуухад тэрээр “нэг биш нэлээд хэдэн удаа гар хүрч байгаа” гэж хэлэхэд нь Зоригоо /Г.Б/ босож ирээд Ц-ыг дагуулаад голын эрэг рүү явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дуу нь чангараад зодоон болоод эхэлсэн ба бид хоёр очиж салгасан. Тэр үед шөнө болсон болохоор тас тас хийсэн чимээ гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 38-40 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6355 дугаартай “...1. Ж.Ц-ын биед тархи доргилт, дух, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, дух, зулай, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамар, уруул, баруун сарвуунд зулгаралт уруулын дотор салст, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Тархи доргилт, дух, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2021.07.11-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 дүгээр гудамжны харалдаах Сэлбэ голын эрэг дээр хохирогч Жадамбаагийн Ц-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, дух, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, дух,зулай, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамар, уруул, баруун сарвуунд зулгаралт, уруулын дотор салст, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, догшин хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй...” гэсэн байна.

Гэсэн хэдий ч хохирогч Ж.Ц нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар цаашид шүүгдэгч Г.Боос нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөтөл овогт Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Хохирогч Ж.Ц нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.Б-оос нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР