Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01558

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01558

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Зургаадай овогтой, Ганбаатарын Дашдаваагийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 10-8 тоотод оршин суух, регистрийн дугаар ОС93052817/

 

Хариуцагчаар оролцвол зохих Г.Ганбаатарыг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Дашдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ганбаатартай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирол барагдуулах тухай гэрээ хийсэн бөгөөд хариуцагч нь надад 1.500.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэхэд бүрэн төлж дуусгахаар тохиролцож, нотариатаар баталгаажуулсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд 200.000 төгрөг л өгсөн бөгөөд үлдсэнийг нь төлөлгүй алга болсон. Миний бие Г.Ганбаатараас хохирол барагдуулах гэрээний үүрэгт 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/05363 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг баримтлан “хариуцагчийн хаяг тодорхойгүй” буюу нэхэмжлэлд тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийгийн 4 дүгээр гудамж, 155 тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Г.Ганбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Дашдаваагийн хариуцагчаар оролцвол зохих Г.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Дашдаваа “....хохирол барагдуулах гэрээний үүрэгт 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/05363 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

 

 Г.Ганбаатарын оршин суух газар тодорхойгүй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийгийн 4 дүгээр гудамж, 155 тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/05363 дугаар захирамж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих Г.Ганбаатарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 88940092 гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Г.Ганбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Г.Ганбаатарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийгЦагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Дашдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД