Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөх овгийн Б.Эт холбогдох эрүүгийн 1711003090053 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөх овгийн Б.Э, 1979 оны8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, МФМ-ХХК-д геологич ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны БЗИ-25 дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХА79081511.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар байрны 31 тоотод байрлах Со-Мичид ХХК-ны оффист иргэн Б.Бтой маргаан үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би компанийнхаа захирал гэж явдаг бөгөөд манай найзууд болох Э, Ядамжав хоёр хувьцаа эзэмшигч нар байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагаас эхлэн манай найзууд болох Э, Ариунболд бид гурав ажил дээрээ 2 шил 0,75 литрийн Экс архи хувааж ууцгаасан. 18.00 цагийн үед Ариунболд түрүүлээд явчихсан. Э бид хоёр үлдээд ажил төрлөө ярьж байгаад 21.00 цагийн үед хоорондоо маргалдсан. Эын ажилд авсан залуу хулгай хийгээд баригдаж байсан ба би тэр хүнийг компанидаа ажилуулмааргүй байна гэснээс болжЭ түүнийг өмөөрөөд бид маргалдсан. Э бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад хоорондоо барьцалдахад Э намайг үсдэж дарсанаа шууд нүүр рүү 2-3 удаа цохиход би газар унасан. Газар унсаны дараа цээж рүү хоёр удаа өшиглөөд дараа нь баруун гар рүү нэг удаа өшиглөөд дээрээс дэвсэхэд гар хугарч санжиганасан. Би түүнд одоо болиоч ээ, гар хугарчихлаа гэж хэлсэн боловч зогсоогүй үргэлжлүүлэн намайг зодож, нүүр болон хавирга руу өшиглөж зодсон. Энэ үед гаднаас манай найз Мөнх-Эрдэнэ орж ирээд Эыг надаас салгаж холдуулсан. ...Миний биеийн байдал муу, бүрэн гүйцэд эдгэрээгүй, сэтгэл санааны байдал хэцүү байгаа ч гэсэн олон жил найзлаж, нөхөрлөсөн харьцаа холбоогоо бодоод түүнтэй эвлэрсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-10-11/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9672 дугаар дүгнэлтэд

“1. Б.Бийн биед баруун шуу, богтос ясны дунд 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-23/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-31-33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44-45/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар байрны 31 тоотод байрлах Со-Мичид ХХК-ны оффист иргэн Б.Бтой маргаан үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь Б.Б нь “...Миний биеийн байдал муу, бүрэн гүйцэд эдгэрээгүй, сэтгэл санааны байдал хэцүү байгаа ч гэсэн олон жил найзлаж, нөхөрлөсөн харьцаа холбоогоо бодоод түүнтэй эвлэрсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх овгийн Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН