| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/01815/и |
| Дугаар | 01560 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 01560
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2017/01560
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хорчин овогтой, Нямдашийн Төрбатын нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 27 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЗ64080111/
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие 1993 онд Нийслэлийн Гал түймэртэй тэмцэх газрын харъяа Гал унтраах 65 дугаар ангид жолоочоор ажиллаад 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр орсон гарсан тушаал нь бичигдсэн боловч архиваас ажлаас гарсан тушаал нь олдохгүй байна. Онцгой байдлын Ерөнхий газрын Нийслэлийн Онцгой байдлыг Газрын архиваас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хувийн хэрэг хөдөлмөрийн дэвтэрээ авсан. Иймд 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Гал түймэртэй тэмцэх Гал унтраах 65 дугаар ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд танай шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хурал товлосон байна. Миний бие хөдөө орон нутагт ажлаар явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Төрбат нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд хүсэлт гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Төрбат нь “...1993 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Гал унтраах 65 дугаар ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.”гэжээ.
Хорчин овогтой, Нямдашийн Төрбат нь Нийслэлийн Гал түймэртэй тэмцэх газрын харъяа Гал унтраах 65 дугаар ангид жолоочоор 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь Н.Төрбатын хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 1993 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/119 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/233 дугаар тушаалын хавсралтын “394 дүгээрт бичигдсэн Нямдашийн Төрбат” гэсэн бичилт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 65 дугаар ангийн гал сөнөөгч Н.Төрбатын цалингийн тодорхойлолт, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/426 дугаар “Сарын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хавсралтад дурдсан “Н.Төрбат, жолооч, цалин 18.800 төгрөг” гэсэн бичилт, гэрч Х.Оюунбилэгийн “...намайг гал унтраах 65 дугаар ангид ажиллаж байх хугацаанд Н.Төрбат нь 1993 оноос жолоочоор тус ангид ажиллаж эхлээд 2005 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөгдсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Сайнбаярын “...Би гал унтраах 65 дугаар ангид гал сөнөөгчөөр 1990 оноос 2013 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд буюу 1993 онд Н.Төрбат нь тус ангид жолоочоор ажилд ороод 2005 он хүртэл ажиллаад чих нь өвдсөн гэх эрүүл мэнлийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогтой, Нямдашийн Төрбатыг Нийслэлийн Гал түймэртэй тэмцэх газрын харъяа Гал унтраах 65 дугаар ангид 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй болно.
Мөн нэхэмжлэгчийн “...намайг байлцуулахгүйгээр миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогтой, Нямдашийн Төрбатыг Нийслэлийн Гал түймэртэй тэмцэх газрын харъяа Гал унтраах 65 дугаар ангид 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Төрбатын улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД