| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0375/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/395 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0375/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт И.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000436 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дөл хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт И.Г,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас И.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бетон тулгуурын үйлдвэрийн харуулын байранд Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар нь резинэн бороохойгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Б “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08:00 цагт Дархан сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бетон тулгуурын үйлдвэрийн харуулын байранд ээлжээ дараагийн гарах харуулдаа хүлээлгэж өгөх гээд байж байхад манай нөгөө ээлжийн Г орж ирээд шууд намайг нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг газарт байсан сандал дээр унагааж ханан өлгөөтэй байсан хар өнгийн резинэн бороохойг аваад миний толгой руу 4-5 удаа цохисон юм. Би тухайн Ганзориг гэх хүнд цохиулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4/,
Гэрч Э.Б “...Над руу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б залгаад Г намайг бороохойгоор толгой руу цохичихлоо тэгээд толгой бага зэрэг манараад байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “за чи эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 780 дугаартай “...Б.Б биед тархи доргилт, хуйхны зулгаралт, зүүн гарын шуу, зүүн бөөр орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12/,
Б.Б Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 12/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд И.Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч И.Г нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд Б.Б 300,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн резинэн бороохой 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн резинэн бороохой 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД