Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2019/01939/И |
Дугаар | 001/ХТ2020/00580 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2020/00580
С.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2047 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: С.Д-
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: НШШГГ-с СХД-н ИХАШШ-н 2017-03-03-ны 475 дугаартай шийдвэрийн дагуу иргэн С.Д-аас 89,932,800 төгрөг гаргуулж, Эко капитал ББСБ-д олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд ШГА хуулийн дагуу явагдаагүйгээс төлбөр төлөгч миний хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол удаа дараа зөрчигдөж байна.. шийдвэр гүйцэтгэгч нь миний өмчлөлийн 40 м.кв талбайтай орон сууцыг 2019-03-15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг надад 2019-03-08-ны өдөр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд 2019-02-15-ны өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон, мөн хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай дурдсан байдаг. Анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон атлаа шууд хоёр дахь дуудлага худалдаа зарлан явуулж байгаа нь ИХ-н 177, ШШГТХ-н холбогдох заалт болон дуудлага худалдаа явуулах газрыг сольж журмаа зөрчсөн үйл ажиллагаа болсон. ИХ-н 197.2-т хуулиар тогтсон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байхаар заасан тул НШШГГ-с 2019-03-15-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: СХД-н ИХАШШ-н шүүгчийн 2017-03-03-ны өдрийн 475 дугаар захирамжаар С.Д-, С.Да- нараас 89,015,537 төгрөг гаргуулж Эко капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар нь барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг СХД-н шүүхэд гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн. 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019-03-15-ны өдөр оруулахаар 2019-02-26-ны өдрийн 3/17 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг 2019-03-04-ний өдөр төлбөр төлөгч нарын оршин суух хаягаар Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. ШШГТХ-н 75.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож 64.1-д заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. ШШГТХ-н 63.4-т заасны дагуу хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Мөн хуулийн 301-д заасны дагуу энэ тухай гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах 2019-02-26-ны өдрийн 3/17 тоот тогтоолыг гаргахдаа тогтоох хэсгийн 1 заалтад 2019-02-15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Үүнд техникийн бичгийн алдаа гарсан. Анхны албадан дуудлага худалдааг 2018-01-02-ны өдрийн 1/18 тоот тогтоолоор 2018-01-19-нд 10 цагт явуулахаар тогтоол гарсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулахад 1 ч хүн оролцож үнийн санал ирээгүй тул хүчингүй болж 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 184/ШШ2019/02664 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Д-ын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2047 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: .шийдвэр, магадлалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага техникийн алдаа гаргасан, 2 дахь албадан дуудлага явуулах тухай мэдэгдэлд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй, буруутай үйл ажиллагаа биш гэж үзжээ. Гэтэл анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлийг ШШГТХ-н 75.1-д заасан байх бөгөөд нэг ч оролцогч ирээгүйгээс дуудлага худалдааг хүчингүй болгох тухай зохицуулалт байдаггүй. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Д-ын төлөөлөгч С.Да- 2019-06-07-ны өдөр Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019-03-15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р байр,.. тоот 2019-03-15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2019-03-08-ны өдөр мэдэгдсэн....мэдэгдэлд 2019-02-15-ны өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон тухай, мөн хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай дурдсан байна...анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон атлаа хоёр дахь дуудлага худалдааг зарлаж байгаа хууль зөрчиж байна..” гэжээ./хх1/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-03-03-ны өдөр 184/ШШ2017/00475 дугаартай захирамж гаргаж, С.Да-, С.Д- нар нь Экокапитал ББСБ-д нийт 89,015,537 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 20-р байр, 165 тоот 40 кв.м 3 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар заажээ.
С.Д-, С.Да- нар төлбөрөө төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж, захирамжид заасан орон сууцыг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч С.Да-эд даалгаж, төлбөрийг 2017-10-13-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, орон сууцыг хураасан байна. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар мэдэгдэж, эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах мэдэгдэл хүргүүлсэн байна.
Хариуцагч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 4/ гаргахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул гомдлыг хангах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй юм.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2047 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ