Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 07

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                      Н.Энхнаран   

Прокурор                                           Б.Догмиддорж

Шүүгдэгч                                            ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлоор *******ид холбогдох эрүүгийн 1821002900305 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай.  

******* нь иргэн *******ээс “...Чойбалсан суманд бэлчээр ашиглах гэрээ байгуулна, булаг шанд сэргээж хамгаална, адуу мал худалдаж авна...” гэж хуурч, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10000000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3000000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 18000000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 12 дугаар 07-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж өөрчилж,

2/ Шүүгдэгч *******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1400000 /нэг сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

5/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

6/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 18000000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч ******* нь надтай 10000 тооны үхрийн ферм байгуулна гэж харилцан тохирч хамтарч компани байгуулсан. Мөн бэлчээрийн газар ашиглах, газар тариалан эрхлэх ажлуудыг хийнэ гэж надад 18 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг 3 хувааж миний дансанд хийсэн. Би Дорнод аймагт дээрх ажлуудыг хариуцаж аймгийн төр засгийн байгууллага болон Чойбалсан сумын ЗДТГ, ИТХ, сумын иргэдтэй биечлэн уулзаж энэ ажлуудыг хийлгэхээр намайг ажиллуулсан болно. Бид хоёр хоорондоо хамтарч компани байгуулж ашигтай ажиллахаар иргэний журмаар тохирсон. Би дээрх ажлуудыг орон нутагт хөөцөлдөж, ******* захирлын хувьд сумын ИТХ, ЗДТГазарт албан тоотоор хүсэлт өгч сумын дарга зөвшөөрч ИТХ-д оруулахаар албан ёсоор зөвшөөрсөн нотлох баримт байгаа болно. Энэ ажлуудыг хөөцөлдөхөд 18 сая төгрөгөөс илүү зардал гарна гэдгийг өөрөө хэлж байсан. Чи орон нутагт эдгээр ажлуудыг хариуцан бүтээж ажиллах юм нэмж урамшуулал олгоно гэж хэлж тохирсон. Би тохирсон ёсоороо 18 сая төгрөгийг хувийн хэрэгцээнд захиран зарцуулахаар өгсөн болохоор энэ мөнгийг компани байгуулах, Чойбалсан сум руу олон дахин явах компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах, сумын иргэдтэй уулзах зэрэгт бензин тос, унаа машинд мөн мал авах ажилд дээрх мөнгийг зарцуулсан. Энэ хүн иргэн хоорондын хэлцлээр надтай компани байгуулж өөрөө төрийн байгууллагад албан тоот бичиж намайг зарчихаад ажил нь удаашралтай болохоор намайг бусдад авлига өгсөн, залилан хийсэн гэж гүтгэж байгаа нь үнэхээр шударга бус үйлдэл юм. Би бусдад авлига өгөөгүй, харин өөрөө намайг монгол дарга нарт мөнгө өгдөг юм нэхвэл надаас мөнгө авч өгөөрэй гэж намайг хатгаж, маш их ажил хийлгэсэн хүн шүү дээ. ...Энэ хүн надаар ямар ч мөнгөгүй бизнес ажил хийлгэсэн гэдгийг шүүх бүх талаас нь дүгнэж үзсэнгүй. Шүүх хурал дээр манай өмгөөлөгч энэ бол иргэний хэрэг, улсын яллагч ямар үндэслэлээр яллаж байгааг гаргаж чадаагүй байна, энэ талаар надтай мэтгэлцээч гэж санал тавихад улсын яллагч иргэний хэрэг үү, эрүүгийн хэрэг үү залилан мөн үү гэдгийг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй мөн нөхцөл байдал эргэлзээтэй байхад надад ял шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байна. Энэ хэргийг өмгөөлөгч эрүүгийн хэрэг биш зүйлчлэл тохирохгүй байна залилан биш гэж, намайг шүүх хуралдаанаас цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргасаар байтал нэг талыг барьсан явдалд гомдолтой байна.

Хэргийг бүх талаас нь нотолбол зохих зүйлийг нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Нотолбол зохих зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоодог, гэтэл би гэмт хэрэг үйлдээгүй учраас *******д учруулсан хохирол байхгүй. ...Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохгүй, намайг гүтгэсэн хятад хүний үгнээс өөр нотлох баримтгүй байхад хэлмэгдүүлж байна. Шүүх залилан гэж үзээгүй, мөн яллах дүгнэлтийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан учир надад ял шийтгэл оногдуулсан гэж тайлбарласан. Энэ нь бүр буруу юм. Би энэ хятад хүнийг урьд өмнө нь танихгүй, энэ хүн өөрийн тамга тэмдгийг ашиглаж төрийн байгууллагад хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүгч, яллагч залилангийн хэрэг гэдгийг нотолж чадахгүй байхад мөн энэ талаар яллах дүгнэлтэд заасан зүйлийг шүүгч өөрчлөн намайг шийтгэх тогтоолдоо өөр заалт оруулан гэм буруутайд тооцсон. Энэ бол хэлмэгдэл. Иймд шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож намайг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч ******* нь “Адуу мал авна, мөн бэлчээр ашиглах гэрээ байгуулна” гэж мөнгө аваад од өгсөн, уг мөнгийг дэлгүүртээ эргэлдүүлж ашигласан, үлдсэн мөнгийг нь ******* өөрөө хэрэглэсэн байдаг. Анхан шатны шүүх “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж мөнгө авсан” гэж дүгнэсэн нь зөв. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 16-ны 10,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 18,000,000 төгрөгийг ХААН банк дахь ******* дугаар дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******, шүүгдэгч *******, гэрч Г.Баярцогт нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй тогтоосон бизнесийн харилцаанаас бий болсон итгэлээр олж авсан 18,000,000 төгрөгийг хохирогч *******ийн буюу түүнтэй хамтран байгуулсан компанийн ашиг сонирхлын тулд, эсхүл хоорондын тохиролцооны дагуу захиран зарцуулалгүйгээр Г.Баярцогтын эхнэр гэх хүний данс руу шилжүүлэх, өөрөө хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр ашигласан ба буцааж төлөхөөс зайлсхийж байснаас үзвэл залилах аргаар бусдын эд хөрөнгийг авах гэмт санаатай байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд “бидний хоорондын асуудал нь иргэний маргаан учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх шүүгдэгч *******ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Прокуророос яллагдагч *******ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхдээ “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан” гэж дүгнэснийг анхан шатны шүүх “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж өөрчлөн дүгнэж шийдвэрлэснээр хэргийн зүйлчлэл хүндрээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэх заалтууд зөрчигдөөгүй байна. Иймд “шүүх яллах дүгнэлтийг өөрчлөн намайг ял шийтгэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ                  

                                                                                          Л.НАРАНБАЯР