Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энхмөнх

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 1239/,

шүүгдэгч Д.Амартайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ач хариад овогт Дорлигийн Амартайванд холбогдох 201519000769 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагийн Мөрөн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Ачтан” эмнэлэгт боолтны сувилагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А-27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ач хариад овогт Дорлигийн Амартайван, /РД:РЭ68042106/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Д.Амартайван нь 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолтын даваа гэх газарт өөрийн эзэмшлийн 35-05 УНҮ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй, зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 620/53 дахь километрын заалтын ус зайлуулах хоолойн бетонон ханыг мөргөж, зам тээврийн осол гарган, Т.Энхзаяагийн бие махбодид хүнд, Б.Раднаабүрэнгийн бие махбодид хөнгөн, Г.Түвшинбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Амартайван шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай дүү Түвшинбаяр хөдөөнөөс шилжиж ирээд байр авна намайг тавилга авчирч өгөөч гэж гуйсан болохоор нь би 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Түвшинбаяр, түүний найз Раднаа, мөн миний найз болох Энхзаяагийн хамт Замын-Үүд рүү явсан. Эрээн хот руу явах гэж байгаа тухайгаа өөрийн найз болох Энхзаяад цайны цагаараа хэлтэл чи намайг аваад яваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад над руу залгаад чи надад мөнгө олоод өгөөч би чамтай хамт Эрээн хот руу явж наймаа хийх гэсэн юм. Мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад чамд зээлэх мөнгө байхгүй, чи өөрөө мөнгөө олбол надтай хамт яваарай гэж хэлсэн. Тэгээд дахиж над руу залгаад би 500 000 төгрөг олчихлоо би гэр рүүгээ харих гэж байна. Намайг аваад яваарай гэж хэлсэн. Энхзаяа хамт явах байсан тул жижиг машинд ачаа багтахгүй байх гэж бодоод өөрийн том машинаа гаражаас гаргаад 12 цаг өнгөрч байх үед Энхзаяаг гэрээс нь очиж аваад өөрийн дүү болон түүний найзыг аваад Эрээн хот руу явсан. Эрээн хотод оччихоод буцаад явж байх үед цасан шуургатай байсан ба манай дүү залуу хүн тул хурдан давхичих байх гэж бодоод өөрөө машинаа бариад явсан юм. Тэгээд даваа руу уруудах үед мөстэй, хальтаргаа ихтэй байсан. Даваа дөнгөж уруудах үед гулсаад осол болсон. Би тэгж хурдтай явах боломж байгаагүй. Би Замын-Үүдээс гарахдаа бүгдийг нь бүсээ бүсэл гэж хэлж байсан. Би найз Энхзаяагийн тав тухыг бодоод урд талын суудалд суулгасан ба Энхзаяа нэг удаа бууж бие засахдаа бүсээ бүслээгүй байсан бөгөөд би тэрийг нь мэдээгүй. Даваа уруудах үед хальтраад гэнэт шарвах шиг болохоор нь би зогсох гэж тормозоо гишгэсэн боловч яасан болохыг нь мэдэхгүй чигээрээ доошоогоо уруудчихсан юм. Намайг ухаан ороход Раднаа машинаас гарчихсан байсан.  Би өөрийн дүү Энхзаяа нарыг аль болох хурдан машинаас гарган зам дээр гаргаж тавьсан. Тухайн үед тусламж авах гэтэл машинууд зогсохгүй байсан. Нэг хартал дүү маань сэргэчихсэн байсан болохоор нь би зам хааж байгаад нэг том машиныг зогсоогоод тэр хүмүүс Энхзаяад хөнжил өгөөд хөнжлөөр боож өгөөд явсан. Дүү болон дүүгийн найз бид 3 машин зогсохгүй байхаар нь дахиад зам хааж зогсож байгаад нэг жижиг машин зогсоогоод Энхзаяаг машин дотор явж байсан 4, 5 хүнтэй өргөөд машин дотор оруулсан юм. Тэрнээс хойш цагдаа, эмнэлэг, ар гэрийхэн рүү нь утасдаж мэдэгдтэл Энхзаяагийн гэрийнхэн нь тоглоод байна гээд таслаад байсан. Тэгэхээр нь би өөрийн дүү рүү утасдтал манай дүү өөрийн машинаа асааж ирээд Энхзаяаг эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. Би хамт явах гэсэн боловч намайг цагдаа нар явуулахгүй хориод байсан болохоор нь би хамт явалгүй араас нь гэмтлийн эмнэлэг рүү очсон. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд Энхзаяаг би 3 хоног сахиж байсан ба 3 дахь хоногоос нь миний биеийн зүүн тал мэдээ алдаж цаашид сахих боломжгүй болсон тул 7 хоног өөрөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Би гэмтлийн эмнэлэгээс гараад Энхзаяад хоол цай зөөж өгч, эмчилгээнийх нь зардал мөнгө болон компьютерийн шинжилгээний мөнгө зэргийг нь би бүгдийг нь төлсөн. Мөн би чамайг хөл дээр чинь босгохын тулд хичээнээ гэж Энхзаяад хэлж байсан боловч Энхзаяаг ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж намайг ийм байдалд оруулна гэж бодож байгаагүй. Би бүтэн сар Энхзаяагийн төлөө явсан ба хамгийн сүүлд намайг хоол аваад очтол идэхгүй гээд уурлаад байсан. Ачтан эмнэлэгт би ажил хийж байгаад 21 хоногийн дараа ажлаасаа гарсан ба ажил хийх боломж байхгүй байгаа тул ажилаасаа өөрөө гарсан. Миний хувьд өөрийн мөнгөө бүгдийг нь Энхзаяагийн төлөө зориулж байна. Би 230.000 төгрөгийн тэтгэврээр 4 сар амьдарч байна. Би харааны бэрхшээлтэй 80 настай ээж, судасны хавдар өвчинтэй, эмнэлгийн байнгын хяналтад байдаг хүүтэйгээ хамт амьдардаг боловч би Энхзаяаг хаяаагүй. Миний хувьд Ачтан эмнэлэгт 2000 онд ажилд орсон ба Энхзаяа 2004 онд орж байсан юм. Иймээс бид 2-оос Ачтан эмнэлэгт хэвтсэн бүх зардалыг авахгүй гэж хэлсэн. Би түүнд нь баярлаад бага ч гэсэн мөнгө хасагдаж байна гэж бодтол прокурор дээр ирсэний дараа гаргаж өгсөн нэхэмжлэлдээ Ачтан эмнэлгийн өгсөн мөнгийг авна гэж хэлсэн байсан. Үүнд нь би гомдож байна. Энэ тухай би эмнэлгийн захиргаанд мэдэгдтэл эмнэлгийн захиргаа намайг хурлаар авч хэлэлцэн энэ төлбөрийн мөнгө нь ганцхан Энхзаяад өгч байгаа хөнгөлөлт бишээ чамд мөн адил өгч байгаа тул үүнийг Энхзаяад ойлгуулаарай гэж хэлсэн. Миний хувьд Энхзаяагийн төлбөрийг төлөх гэж зүтгэж байгаа. Намайг очихоор ярихгүй, залгахаар утсаа авдаггүй, мэссэж бичихээр хариу бичдэггүй, эсвэл эгч нь над руу залгаж загнадаг.  Өөрөө надтай харьцдаггүй. Надаас 15.000.000 төгрөг нэхсэн. Би өөрөө ч шинжилгээ хийлгэж ч чадахгүй байгаа надад мөнгө байхгүй байна. Эмнэлэгт хэвтэх гэхээр мөн адил мөнгө байхгүй байгаа ба үүнийг минь харгалзан үзээд Ачтан эмнэлэгийнхэн надад үнэгүй эм, тариа өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэх гэхээр ээж маань цус харвах гээд байгаа. Надад хэцүү байгаа би Энхзаяагийн биед хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байна. Би үүнийг санаатайгаар хийгээгүй. Эрээн хот руу яваад 500.000 төгрөгдөө бараагаа авчихвал өөрт нь хэрэгтэй юм болов уу гэж бодоод найздаа тус болохыг л хүссэн юм” гэжээ.

 

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энхмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд өөрийн төрсөн дүүгээ төлөөлж оролцож байна. Шүүгдэгчийн ярьж байгаа нь үнэн боловч зарим нь алдаатай зүйл гарч байна гэж үзэж байна. Манай дүү гэмтлийн эмнэлэгт 22 хоног хэвтэж эмчлүүлээд Ачтан эмнэлэг рүү шилжсэн юм. Манай дүүгийн зүүн гар талын бугалга хугаралтай, баруун гарын бугалага цуурхайтай, зүүн хөл буюу аарцаг нь хугарсан, мөн толгой хэсэг нь цус хуралт ихтэй, хавантай, мөн зүүн нүдний булангийн яс цуурсан гэх онш гарсан. Гэмтэлийн эмнэлэгт хатгаас хэсгийг нь хадсан ба мөн хөлний хэсгийг хадаж бэхэлсэн эмчилгээ хийсэн. Үүний дараа Ачтан эмнэлэг рүү шилжээд Япон эмч ирж 12 771 366 төгрөгийн зардал гарсан ба одоогийн байдлаар 2 000 000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Гэмтлийн эмнэлэгт 460 000 төгрөг бидэнд өгсөн. Дүүд маань биеийн болон сэтгэл санааны хохирол учирсан, 4 мөч нь хөдлөхгүй ганцхан нүд нь хөдөлж байх үед бид шүүгдэгчээс юм гуйж хүсээгүй. Ачтан эмнэлэг рүү шилжсэний дараа хоол авах авахгүй дээр гомдон утсаа авахгүй холбоо барихгүй байх нь чухал биш, сэтгэл санааны ямар их дарамтанд орсон болохыг нь мэдсээр байж сэтгэлд санаанд нь дарамт үзүүлж байгаад нь бид гомдолтой байгаа. Одоогийн байдлаар дүү маань эмнэлэгт хэвтэж байгаа ба хагалгаанд орсон боловч босч чадахгүй хүний асаргаанд байгаа гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэрэг учралын газарт үзлэг хийх явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/

Хохирогч Т.Энхзаяа мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би “Ачтан” эмнэлэгт цуг ажиллах өөрийн найз Д.Амартайван, түүний хамаатан болох Түвшинбаяр, Раднаа нарын хамтаар Улаанбаатар хотоос Эрээн хот орж үзэхээр явсан. Ингээд Эрээн хотод 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр очиж хоноод 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд хилээр буцаж орж ирээд Замын-Үүд хотод үлдээсэн 35-05 УНҮ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг Д.Амартайван жолоодож, би урд жолоочийн талд байх суудал дээр суусан, хамт явсан Раднаа, Түвшинбаяр нар хойд суудал дээр суусан байсан. Ингээд Замын-Үүд хотоос Улаанбаатар хот чиглэн асфальтан хучилттай замаар явж байхдаа би аян замдаа алжааж унтчихсан байсан. Ийнхүү нэг сэртэл 35-05 УНҮ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу хэсэг жалга руу унасан байдалтай байсан. Амартайван намайг татаж гаргах гээд байсан. Ингээд л ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд Налайх дүүргийн эмнэлэг дээр ирсэн...гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-19 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд манай нагац эгч Амартайваны 35-05 УНҮ улсын дугаартай хар өнгийн Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй Заяа эгч болон манай найз Раднаабүрэн нарын хамтаар зорчин явж байсан. Осол болох үед би унтаж байсан юм. Нэг мэдсэн машин хүчтэй доргиод би сэрэхэд машин замын хажуу руу гарсан байсан. Тэгээд машины урд сууж явсан Заяа эгч гэмтэж бэртээд эмнэлэгт хүргэгдсэн яг яаж гэмтснийг нь мэдэхгүй байна. Нагац эгч Амартайван машинаа жолоодон урд сууж явж байсан Заяа эгч урд талын зорчигчийн суудал дээр сууж, манай найз Раднаабүрэн арын суудал дээр би Раднаабүрэнгийн баруун гар талд сууж явсан юм. Миний биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон өөр гэмтэл учраагүй Заяа эгч гэмтэж бэртээд эмнэлэгт хүргэгдсэн. Манай найз Раднаабүрэнг яаж гэмтсэнг мэдэхгүй байна. Тухайн үед Заяа эгч л бэртсэн босож чадахгүй байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.Раднаабүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед байх яг цагийг нь мэдэхгүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд манай найз Түвшинбаяр болон эгч Амартайван түүний найз Заяа гэх хүмүүсийн хамтаар 35-05 УНҮ улсын дугаартай хар өнгийн Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хоолтын даваа” гэх газар асфальтан замын хажуу руу орж бетонон ханыг мөргөж зогссон байсан. Би тухайн үед унтаж байсан. Нэг мэдсэн тас хийсэн чимээ гарч хүмүүс хашгирах чимээ гараад маш хүчтэй доргилт мэдэрсэн. Тэгээд буугаад харахад машин замын хажуугаар гарч бетонон хана мөргөж зогссон байсан. Би шоконд орсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Заяа гэх хүн бэртээд эмнэлэгт хүргэгдсэн яг яаж гэмтсэнийг нь мэдэхгүй байна.. Миний биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Тухайн үед надад ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй сандарсан байсан болохоор миний нүүрэн тус газар зүүн хацар, хамрын хажууд язарч цус гарсан байсан. Өөр гэмтэл учраагүй одоогоор миний толгой бага зэрэг өвдөнө өөр зовиур байхгүй. Заяа эгч гэмтэж бэртээд эмнэлэгт хүргэгдсэн, манай найз Түвшинбаярын дух хэсэг нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн гаргасан 418 тоот дүгнэлт: Т.Энхзаяагийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана болон арын хана, зүүн гайморын хөндийн хажуу хана ар хана, зүүн талд суурь ясны бага далавчны хугарал, уг хугарал баруун талдаа хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун талд хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан цустай, зүүн гайморын хөндий, этмойд синус, сфинойд синуст, суурийн хөндийд цустай, зүүн талд духны урд хэсэгт тархины эдийн гүнд, баруун талд духны урд хэсэгт тархины эдийн гүнд, зулайн орой болон чамархай суурийн түвшинд тархины эдийн гүнд олон тоон хий, субарахнойдаль зайнуудад цус харвалт, зүүн дунд чөмөгт ясны толгой хөмөгнөөс гадагшаа арагшаа дээшээ чиглэлтэй хагас мултрал, зүүн талд дэлбээ ясны урд доод булангаас, наашаа зүүн талд хөмөг рүү орсон ташаа яс дайрсан бяцарсан хугарал, суудал ясны фрагменттай, зүүн талын түнхний үений зай жигд бус болсон гадаргуу тийш алимны салст, дээд, доод зовхи, зүүн гуяанд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Н.Туяа, Т.Чимэд-Очир нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 59 тоот дүгнэлт: Т.Энхзаяагийн биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана болон арын хана, зүүн гайморын хөндийн хажуу хана ар хана, баруун талд хөлөг сэртэнгийн голомтлог цус, зүүн дунд чөмөг ясны толгой, сүүжний тогоо руу цөмөрч орсон, сүүжний тогоо, зүүн дунд чөмөгний толгойд бяцарсан зөрөөтэй хугарал, зүүн дунд чөмөгний толгой хагас мултралтай, зүүн суудал ясны дээд салаа, ташаа яс дайрсан, ясны сул хэлтэрхий бүхий бяцарсан хугарал, зүүн атгаал яс болон, баруун шуу ясны хугарал, зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн талд духны урд хэсэгт, гавлын хөндийд, зулайн орой болон чамархай суурийн түвшинд олон тооны хий гэмтэл учирчээ. Толгойн КТГ-н зургийг дахин уншуулахад зүүн талд суурь ясны бага далавчны хугарал, уг хугарал баруун талдаа хөхлөг сэртэн рүү үргэжилсэн нийлмэл хугарал, субарахнойдаль зайнуудад цус харвалт гэмтэл нь батлагдсангүй. Т.Энхзаяагийн биед учирсан зүүн түнхний зүүн дунд чөмөг ясны толгой, сүүжний тогоо руу цөмөрч орсон, сүүжний тогоо, зүүн дунд чөмөгний толгойд бяцарсан зөрөөтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1 ба 3.6.2-д заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулан нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн гаргасан 421 тоот дүгнэлт: Г.Түвшинбаярын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн гаргасан 420 тоот дүгнэлт: Б.Раднаабүрэнгийн биед тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн эгмэнд цус хуралт, дээд уруул, зүүн хацар, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /30-31 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч шинжээч Н.Лхагвадоржийн 00000002 тоот дүгнэлт: 35-05 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Амартайван нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.Б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна” “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн... гэх дүгнэлт /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Амартайван нь 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолтын даваа гэх газарт өөрийн эзэмшлийн 35-05 УНҮ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй, зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 620/53 дахь километрын заалтын ус зайлуулах хоолойн бетонон ханыг мөргөж, зам тээврийн осол гарган, Т.Энхзаяагийн бие махбодид хүнд, Б.Раднаабүрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл Г.Түвшинбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч Т.Энхзаяа, хохирогч Г.Түвшинбаяр, хохирогч Б.Раднаасүрэн нарын мэдүүлэг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 418 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 421 тоот шинжээчийн дүгэлт, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 420 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0000002 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт, Д.Амартайваны сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч нарын эмнэлэг эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд, ял шалгах хуудсанд /ял шийтгэлгүй/ гэх лавлагаа, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хохирогч Т.Энхзаяагийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энхмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Амартайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Д.Амартайванд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.10 дахь хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох Д.Амартайваны 121670 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц Улаанбаатар хот Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, 00972266 дугаартай 35-05 УНҮ дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Д.Амартайванд буцаах олгох нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Д.Амартайваны эзэмшлийн 35-05 УНҮ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.Амартайванд буцаан олгох, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Энхзаяа нь 12.371.366 төгрөг нэхэмжилснээс 5.731.366 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Амартайвангаас хохирлын мөнгийг гаргуулж, хохирогч Т.Энхзаяад олгох зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Ач хариад овогт Дорлигийн Амартайванг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амартайваны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Амартайванд оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Ялтан Д.Амартайванд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 35-05 УНҮ улсын дугаартай “Тоёото харрьер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжисэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 121670 тоот дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгаж, 00972266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Амартайванд буцаан олгож, энэ хэрэгт Д.Амартайван нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Д.Амартайвангаас 5.731.366 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Энхзаяад олгож, хохирогч Т.Энхзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

                 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Амартайваны тээврийн хэрэгсэл жолоодох 01 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Амартайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ