Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1073

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/00821 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 13 200 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Эрдэнэцогтыг Орхон аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн салбарын даргаар ажиллаж байхад нь тус төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажлаас нь халсныг үндэслэлгүй гэж шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхий 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг ажилд нь эгүүлэн томилсон. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 12 сарын цалин /сарын 2 200 000 төгрөг/-өөр тооцож 13 200 000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь өмнөх шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлбэл нэмэгдүүлсэн хувийг хариуцагчид гардуулна, шүүх хуралдаан хойшлогдоно гэхээр нь хурлаа хийлгэхийн тулд 2 200 000 төгрөгийн хэмжээнд шийдүүлсэн. Дараа нь нэхэмжлэх эрхтэй гэж бодсон, иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэцогтыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, цалин олговорт 2 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болмогц С.Эрдэнэцогтыг Орхон аймгийн Автотээврийн үндэсний төвийн даргаар томилсон. С.Эрдэнэцогт нь анхан шатны шүүх хурал дээр ажилгүй байсан хугацааны цалингаа 2 200 000 төгрөгөөр нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Иймд С.Эрдэнэцогтын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг дахин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүхийн шийдвэрээс хойш түүнийг ажилд томилсон хугацааны 6 сарын цалингийн олговор нэхэмжлэх эрхтэй боловч манай байгууллагын санхүү хүндрэлтэй байгааг харгалзан 3 сарын цалингийн нөхөн олговор олгох боломжтой” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 6 412 99 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 787 002 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогт улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 117 557 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт давж заалдах гомдолдоо “...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хурал болсон 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар С.Эрдэнэцогтод 8 550 666 төгрөг олгогдох болж байгааг дурдаж өгсөн болохоос дээрх цалинг надад бүрэн өгсөн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч талаас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй учир нэг мөр ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг нэхэмжлэн авах эрх нээлттэй гэж үзсэн. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх хурал дээр миний итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хэлсэн байхад анхаарч үзээгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаар тайлбар ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь хуульд захирагдах, шудрага ёсонд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 13 200 000 төгрөг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгох боломжтой, бусад хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь хариуцагч Орхон аймгийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1, хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж 180 дугаар шийдвэрээр С.Эрдэнэцогтыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шийдвэрээр С.Эрдэнэцогтын ажилгүй байсан хугацаа 8 сар, нэхэмжлэх олговрын дүн 8 550 666 төгрөг боловч түүний нэхэмжилсэн хэмжээ болох 2 200 000 төгрөгөөр хязгаарлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтад давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлогдохгүй, улмаар энэ хугацаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шийдвэр гарсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд түүний ажилгүй байсан хугацааг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тогтоож, олговорт 6 412 999 төгрөг гаргуулахаар шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлж шүүхэд гаргах бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

Иймд шийдвэр хэрхэн гарах, ажилд эгүүлэн авах нь тодорхойгүй гэх нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд дахин шаардах эрх үүсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/00821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН