Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0604/з |
Дугаар | 86 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 86
Д.Адилхүү, Х.Ганчимэг, Г.Оюунчимэг
О.Цоморлиг нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч О.Цоморлиг, Д.Адилхүү, Г.Оюунчимэг, Х.Ганчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, Б.Нямдаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0755 дугаар магадлалтай, Д.Адилхүү, Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Адилхүү, Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг нарын “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн “Бөмбөлөг” цэцэрлэгт газар эзэмшүүлсэн хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон 388/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0755 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Оюунчимэг, Х.Ганчимэг нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 388/2014 дугаартай зөвшөөрлийг “Бөмбөлөг” цэцэрлэгт олгохдоо Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг харгалзан үзээгүйгээр, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэснийг зөрчсөн гэж дүгнэжээ.
2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл буюу Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх тухай зохицуулалт орсон бөгөөд маргаан бүхий захиргааны актыг буюу Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хариуцагчаас олгох үед буюу 2014 онд үйлчилж байсан 2008 онд батлагдсан Барилгын тухай хуульд энэ талаарх зохицуулалт байгаагүй болно. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Үүнийг тодруулбал одоо үйлчилж байгаа Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж тухайн өдрөөсөө дагаж мөрдсөн байх бөгөөд энэ хуулийг хэрэглэн 2014 онд гарсан маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж дүгнэж, хүчингүй болгосон дээрх зарчмыг зөрчсөн байхын зэрэгцээ тухайн үеийн хуульд байгаагүй зохицуулалтыг хангаагүй гэх байдлаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй юм.
Ер нь бол 2014, 2015 оны үеэс эхлэн хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар төр засгийн түвшинд бодлогоор дэмжих асуудал хөндөгдөж эхлэхтэй зэрэгцэн гуравдагч этгээд нь өөрийн 10 гаруй жил эрхэлж байсан цэцэрлэгийн үйл ажиллагаагаа өргөтгөж, энэхүү цэцэрлэгийн барилгын ажлын зөвшөөрлөө авсан нь тухайн үед үйлчилж байсан барилгын тухай хуулийг зөрчөөгүй, хуульд бүрэн нийцсэн гэж үзэж төрийн захиргааны байгууллагаас уг зөвшөөрлийг олгосон юм.
Нөгөө талаар маргаан бүхий захиргааны акт нь 2014 онд гарсан тул тухайн үед үйлчилж байсан Барилгын тухай хууль буюу 2008 оны Барилгын тухай хуулиар ямар зохицуулалт байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл 2008 оны Барилгын тухай хуулиар бол барилга, байгууламжийн зөвшөөрөл олгоход нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг харгалзах талаар зохицуулалт байгаагүйн зэрэгцээ зэргэлдээ орших барилга байгууламжийн талаар тусгайлсан зохицуулалт байгаагүй болохыг энэ хуулиас харж болох юм.
Гэхдээ энэ асуудлыг огт зохицуулаагүй гэж үзэж болохгүй бөгөөд тухайлбал 2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Барилга байгууламжид тавих шаардлага, 10 дугаар зүйлд Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага зэрэг асуудлыг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж байгаа асуудлуудтай хамгийн ойрхон утга агуулга бүхий заалт нь “9.1.4.зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй”, “10.1.5.усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлаагүй” зэрэг байх боловч маргаан бүхий захиргааны акт болон түүний үндсэн дээр баригдах барилгын тухайд зэргэлдээ орших Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны хэвийн нөхцөл байдлыг алдагдах нөхцөл байдал болоод байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлах нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.
2. “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын “орон сууцны барилгын өөр хооронд болон орчны болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга авто машины граж, ил зогсоол хоорондын зай хэмжээ”-ний 12 дугаар хүснэгтийн 2-т “Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хоорондын зайг 2-4 давхар барилгад 10 метр” гэж заасныг зөрчсөн талаар дүгнэжээ.
Энэ бол орон сууц хооронд энэхүү нормыг баримтлах ёстойгоор биш бүх төрлийн барилга хоорондын зайг энэ норм ба дүрмээр зохицуулахгүй гэж үзэж байна. Тиймээс энэхүү маргааны хувьд дээрх норм ба дүрмийг баримтлаагүй, зөрчсөн гэж үзэх боломжгүй. Учир нь орон сууцны барилга болон бусад барилга байгууламжаас цэцэрлэгийн барилгын хоорондын зай хэмжээ илүү нарийвчлан зохицуулсан “Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга, байгууламж” Барилгын норм ба дүрэм БНбД II-66-68 хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан норм, дүрэм, журмыг баримтлах ёстой бөгөөд түүгээр тухайн маргаантай асуудлыг зохицуулаагүй тохиолдолд ерөнхий зохицуулалттай норм, дүрмийг баримтлах нь хуульд болон амьдралд нийцэх тул уг захиргааны хэргийн маргаантай асуудлыг аль журам нь илүү нарийвчлан зохицуулсан норм, дүрэм бэ гэдгийг эхлээд судлах ёстой.
“Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга, байгууламж” Барилгын норм ба дүрэм БНбД II-66-68-д зааснаар 3.9 /А/-д “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг биеэ даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж харуулна. 150 хүртэлх хүүхэдтэй цэцэрлэг, яслийг орон сууцны барилгатай залгаж барихыг зөвшөөрнө...” гэсэн зохицуулалт байгаагаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан галд тэсвэржилтийн 1, 2 дугаар зэрэгтэй барилга хооронд 6 метрээс багагүй, 5.5 дахь заалтад “Олон нийт, иргэд, үйлдвэр, үйлчилгээний барилгын хананаас улаан шугам хүртэлх зайг 8 дугаар хүснэгтэд зааснаас багагүйгээр төлөвлөнө”, 8 дугаар хүснэгтэд сургуулийн өмнөх насны хүүхдийн барилга байгууламж, ерөнхий боловсролын сургуулийн барилгын хананаас орон сууцны хана хүртэл агааржуулалт ба гэрэлтүүлгийн нормоор төлөвлөхөөр заасантай бүрэн нийцэж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс батлагдсан зургаар орон сууцны хананаас 7.5 метр, доголдсон хананаас 5.5 гэсэн байгаагаас илүүтэй бодит байдал дээр барилгын ажил дөнгөж эхэлж, барилгын суурь ухсан газраас хэмжилт хийсэн баримтуудыг илүүд үнэлж, норм ба дүрэм болон хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд батлагдсан зургийн дагуу барилгаа барих нь хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй, зөрчсөн тохиолдолд улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй, улмаар зургаа зөрчсөн барилгаа ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй болох нөхцөл байдал байгаад буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
2.1. Нарны ээвэрлэлтийн талаар мөн дүгнэхдээ 39, 40 тоот орон сууцны цонхоор нар тусах нарны ээвэрлэлтийн хэвийн хэмжээ тооцоот хугацаанд өөрчлөгдөх, нөлөөлөх талаар дурджээ.
Тэгвэл хэрэгт 2 өөр шинжээчийн дүгнэлтүүд авагдсан бөгөөд эдгээр дүгнэлтүүдээр нарны ээвэрлэлтэд нөлөөлөх нь нөлөөлнө, гэхдээ норм ба дүрэм зөрчигдөхгүй болохыг тогтоосон байхын зэрэгцээ энэхүү нөлөөлөл нь нэхэмжлэгч нарыг эрүү мэндэд яаж нөлөөлөх талаар дүгнээгүй байхад нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд нөлөөлөхөөр байна гэж дүгнэснийг нотлох баримгүй, нотлогдоогүй зүйлийг ийнхүү дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.
3. Дээрх хууль болон норм дүрмүүдийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол, эрүүл мэндэд нөлөөлөхөөр байна гэж дүгнэсэн байна.
Тэгвэл нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа “...нар үзэхээ больж, барилгын ажилтай холбогдуулан эвгүй үнэр гарч, тоос шороо ихээр босч, байрны үнэ унасан” гэх зэргээр тайлбарладаг.
Эдгээр үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж, мөн баримтаар нотлогдоогүй /тухайлбал шинжээчийн дүгнэлтээр нарын ээвэрлэлтийг хаахгүй, стандарт хангасан гэж дүгнэлтүүд гарсан, байрны үнэ үнэхээр унасан эсэхийг тогтоосон баримт байхгүй, тоос шороо, эвгүй үнэр гарч байгаа зэрэг асуудлууд бол барилгын суурийн ажил буюу газар шорооны ажил дуусахад энэ нөхцөл байдал арилах нь тодорхой/ байхад 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг болон Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн норм ба дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тул дээрх байдлаар нэхэмжлэгч нарын эрх, эрүүл мэндэд нөлөөлөхөөр байна гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэл болсон.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0755 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Адилхүү, Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг нар нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн а/893 дугаар захирамжийн “Бөмбөлөг” цэцэрлэгт холбогдох хэсэг, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 388/2014 дүгээр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд “нарны гэрэл хаасан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, галын аюулгүй байдал, барилга хоорондын зай зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргажээ.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны а/893 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Бөмбөлөг” цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээг 389 мкв болгон нэмэгдүүлсэн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүхүүд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт зааснаар Засгийн газар нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баталж мөрдүүлэх эрхтэй байх бөгөөд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баталсан байна. Уг дүрмийн 1.2.1 дэх хэсэгт “барилгын ажлыг эхлүүлэх” гэж барилгын норм, баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.
Барилгын ажил нь барилга барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах зэргээр олон үе шаттай, эдгээр үе шат тус бүрдээ холбогдох эрх бүхий этгээдээр хянагддагаас үзвэл “Бөмбөлөг” цэцэрлэгт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь дээрх хууль болон дүрэмд нийцсэн хууль ёсны захиргааны акт байна.
Тодруулбал, Барилгын тухай хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.2.7 дахь хэсэгт заасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох ажиллагаа нь барилгын зураг төслийг үндэслэн хийгдэж, мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар барилгын зураг төсөл шаардлага хангагдсан тохиолдолд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогддог, дараагийн үе шатны ажиллагаа юм.
Нөгөө талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нь нэхэмжлэлийг хангах, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл юм. Маргааны үйл баримтаас үзвэл “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Х.Ганчимэг, Г.Оюунчимэг нарын амьдран суух өрөөний нарны тусгал хаасан, нарны ээвэрлэлтийн хэвийн хэмжээ тооцоот хугацаанд сүүдэрлэгдэх талаар, галын болон барилга хоорондын зай нь барилгын норм, дүрэмд нийцээгүй талаар дүгнэжээ.
Үүнээс үзвэл гуравдагч этгээдийн барилга баригдсанаар зарим нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсч болзошгүй боловч тухайн байршилд барилга барих бүх үе шатны холбогдох шийдвэрүүд хүчинтэй байхад зөвхөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхгүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид нь “...уг газарт барилга барихыг зөвшөөрөхгүй...” гэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгосноор тэдний эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий захиргааны акттай хэрхэн уялдаж байгааг анхаарч, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч “нарны ээвэрлэлтийн норм, дүрэм зөрчигдөхгүй” хэмээн хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн, маргаан бүхий барилга нь орон сууцтай залгаа барилга биш байхад “барилга хоорондын зай зөрчөөгүй” гэх зэргээр үйл баримтыг буруу дүгнэсэн, хэргийн оролцогчийн нэг талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлснээс гадна цаг хугацааны хувьд маргааны үйл баримтад хамааралгүй 2016 оны Барилгын тухай хуулийг буцаан хэрэглэсэн зэрэг алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн “зөрчигдсөн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай эсэхийг зөв дүгнээгүй, анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөөгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, сүүлд батлагдсан хуулийг буцаан хэрэглэсэн зэргээр алдаатай болжээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0755 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6” гэснийг “Барилгын тухай хуулийн /2008 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.2.7-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ