Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 230

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюун,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаар магадлалтай, 201526011982 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Оюун, Н.Цэрэндулам нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Д.М-д 17 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Д.М-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Д.М-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.М, түүний өмгөөлөгч Н.Цэрэндуламын нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, өмгөөлөгч С.Оюуны гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч С.Оюуны саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тухайн хэрэг болсон өдөр би хохирогчтой огт уулзаагүй. 2015.10.12-ны өдөр эрүүгийн төлөөлөгч нар хүчээр гавлаж авч яваад цагдаагийн хэлтэс дээр зодож, цахилгаан бороохойдож байгаад чи хүн алсан байна гээд эрүүлжүүлэхэд хонуулж, маргааш нь 4-5 цагдаа дахин зодож цахилгаан бороохойдож тэдний хэлсний дагуу би мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт холбогдсон С.Энхболд, М.Наранхүү, Т.Сахьяа нарыг хангалттай шалгаж өгөөгүйд гомдолтой байна. Хүн амины онц хүнд гэмт хэрэгт холбогдож 15 жил 1 сар хорих ял шийтгүүлсэндээ маш их гомдолтой байгаа тул үнэн зөвийг олж, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Д.М дээрх гэмт хэргийг шууд үйлдсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэн хэдийд, хаана, яаж үйлдсэн, уг хэргийг хэн үйлдсэнийг нотолж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газар талийгаачийг нас барах хүртэл хамт байж архи уусан хүмүүс олон байсан, мөн талийгаачийн биед амьсгал боогдолтоос гадна олон тооны хуучин, шинэ гэмтлүүд тогтоогдсон байдаг. Энэ асуудалд шүүх анхаарал хандуулаагүй. Шүүгдэгч Д.М нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй бөгөөд уг баримтыг яллах талын нотлох баримт болгон ял шийтгэл оногдуулсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй. Д.М уг онц хүнд гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Мөнх-Эрдэнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Д.М-ийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Д.М-ээс авсан сэжигтний мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэх баримтаас харахад хохирогч Б.Э-г согтуу байсан талаарх ямар ч баримт байхгүй бөгөөд энгийн хүн хүнийг хүнд зэргийн согтолттой болохыг мэдэх боломжгүй, түүнчлэн Д.М гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бол бусдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй юм. Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн цусанд 5.2 промилли спиртийн зүйл илэрсэн гэснийг шууд үндэслэл болгож хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Д.М-д холбогдох хэрэгт хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан, сэжигтэн яллагдагчийн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангаагүй Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан байдаг. Бичиг үсэг мэдэхгүй Д.М-ээс 2015.10.13-ны өдөр сэжигтний мэдүүлэг авахдаа мөрдөн байцаагч нь Н.Цэрэндулам өмгөөлөгчийг “хэргээ хүлээсэн хүн байна, байцаалтанд суугаад өгөөч” гэж утсаар дуудан ирүүлж байцаалтанд суулгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэснийг хэлбэрийн төдий хангаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, сэжигтэн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхтэй, прокурор мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана гэснийг тус тус зөрчсөн байна.

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа Д.М-ийн өмгөөлүүлэх эрхийг огт хангахгүйгээр, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1, 79.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болох юм.

...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээ авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж яллах талын байр суурьнаас хандсан байдалд ч анхан болон давж заалдах шатны шүүх анхаарал хандуулсангүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг  анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх боломжтой байсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.М-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.М-ийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Д.М-д хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Д.М нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9-16А тоотод хохирогч Б.Э-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоолойг нь уяагаар боож амьсгалын хурц дутагдалд оруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх амь хохирогч Б.Э-ийн цусанд 5.2 промилли, ходоодонд 6.4 промилли спиртийн агууламж илэрч тэрээр гэмт халдлагад өртөж амь насаа алдах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь түүний биед хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр /1-р хх-232/ тогтоогдсон гэж дүгнэн Д.М-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэг болгож өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 болгож өөрчлөхдөө прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Д.М гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд Д.М-ийн үйлдсэн “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заасан бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг арван хоёр жил болгож тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Д.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг болгон өөрчилж, оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ээс оршуулгын зардал 3.976.100 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн гаргасан сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг /1 дүгээр хавтасны 123 дугаар хуудас/ шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.

Амь хохирогч Б.Э-ийн ар гэрт 3-17 насны 3 хүүхэд үлдсэн ба тэдний амьжиргааны түвшин доогуур байдлыг харгалзан шүүгдэгч Д.М-ээс сэтгэл санааны хохиролд 50.000.000 /тавин сая/ төгрөг гаргуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.3 дугаар зүйлийн 1, 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаар магадлалд:

“Прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжээр Д.М-д холбогдох хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.”

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлсүгэй.” гэж,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ээс 3.976.100 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ээс 53.976.100 /тавин гурван сая есөн зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгосугай.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч С.Оюун, Н.Цэрэндулам нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Ч.ХОСБАЯР