Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

     2021     12          30                                       2022/ШЦТ/29

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                    

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт А.Т-од холбогдох эрүүгийн 2102003550251 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, ... сургуульд бүжгийн багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эмээ, өвөөгийн хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт А.Т- нь: 

 

Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabino/ агууламжтай цэвэр жин 1249.3 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин 1249.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын ... тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5 дахь тал /

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хавтаст хэргийн 8 дахь тал /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 9-16 дахь тал /

Хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 24-25 дахь тал /

            Гэрч Э.О мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 47, 64 дэх тал /

Гэрч П.И мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 54 дэх тал /

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 67 дахь тал /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3826 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 70-71 дэх тал /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3827 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 77-78 дахь тал /

Шүүх сэтгэц эмгэг судлалын 668 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 83-84 дахь тал /

Яллагдагч А.Т- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 95-96 дахь тал /

Шүүгдэгч А.Т-оос 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 95-96 дахь тал /

Шүүгдэгч А.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд / хавтаст хэргийн 166-180 дахь тал /

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 118 дахь тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд хорхог идэж, Дуган хад, Ёл хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газартай танилцах зорилгоор тэнд очсон. Би интернэтээр судалж үзээд тэнд хар тамхины төрлийн өвс ургадаг талаар мэдсэн байсан учир нууцаар ганцаараа түүж, бэлтгэсэн нь үнэн. Өвснөөс Борнуурт байхдаа л нэг удаа сонирхоод татаж үзсэнээс өөр хэрэглээгүй. Түүнийгээ .... зочид буудалд хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад нэг удаа боломж олгож тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabino/ агууламжтай цэвэр жин 1249.3 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин 1249.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудлын ... тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: 

...Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад  М.Батхишигээс Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5 дахь тал /

 

...Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын зөвшөөрөлгүй явуулсан хураан авах, үзлэг хийх, хүний биеэс биологийн дээж авах мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай прокурорын тогтоол / хавтаст хэргийн 8 дахь тал /

 

 “... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын 206 тоот өрөөнд каннабис гэх ургамлыг хадгалсан гэх А.Т-ыг байлцуулан хэргийн газрын үзлэгийг явуулав. А.Т- нь тус өрөөний хоёр хаалга бүхий хувцасны бор өнгийн шүүгээнээс хар өнгийн нэг тасалгаа бүхий хар өнгийн цүнхийг нээж дотроос нь Хужирт гэсэн бичиглэл бүхий 1.5 литрийн багтаамжтай дотор дүүргэж хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлтэй сав, хар өнгийн уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирсэн...” гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хавтаст хэргийн 9-16 дахь тал /

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэлд: “... Тестээр үзсэнээс хойш 3 минутын дараа тестийн үр дүн нь /OPI-MET-TML-LSD-AMP-MOP-KET-COC-MDMA/ гэсэн 9 төрлийн бодисоор хэрэглээгүй, THC түвшинд эерэг болохыг тэмдэглэв...” гэсэн Хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 24-25 дахь тал /

 

 ... Би .... буудлын захирал Нарангэрэлээс “Миний сайн найз Германд амьдардаг юм. Хүү нь Солонгост байж байгаад Монголд ирсэн. Сарын дараа хүүгээ татна гэнэ. Ганцхан сар байх байр хэрэгтэй байгаа юм байна. Буудлын өрөөнөөс нэгийг нь түрээсэлж болох уу” гэхэд “ Архи дарс уудаггүй юм байгаа биз дээ. Тэг тэг “ гээд зөвшөөрсөн. ... Тамирын хүү найз А.Т-тойгоо хамт ирээд надад 400.000 төгрөг өгөөд, барьцаанд 50.000 төгрөгийг өгөөд 206 тоотод байхаар болсон. Гэхдээ З-ын нэрээр орсон найз гэх А.Т- нь тус өрөөнд байсан. Учир нь би 00-ын бөглөөс гаргадаг зүйлийг авах гээд өрөөнд нь ороход З- байгаагүй. Харин А.Т- ганцаараа байсан гэсэн гэрч Э.О-ы мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 47, 64 дэх тал /

 ... Би Дуган хад болон Ёлын хадыг үзэж байгаагүй болохоор дээрх газруудыг үзэх санаатай хамт явсан. А.Т- бид хоёр 10 жилийн найзууд юм. Тухайн үед А.Т- бензин хийгээд өгье гэхээр нь аминдаа туслах санаатай л явсан. Хэрэв хоногоор явсан бол би явж чадахгүй байсан. Өдрөөр яваад ирье гэхээр нь зөвшөөрсөн. Өөр надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. А.Т-ыг яагаад ийм зүйл хийснийг гайхаж байна гэсэн гэрч П.И-ийн мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг  / хавтаст хэргийн 54 дэх тал /

 

“...№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 559.4 грамм жинтэй өвс мэт зүйлээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 543.3 грамм Каннабис, №2 гэж дугаарласан “Хужирт” гэсэн бичигтэй хуванцар савтай 749.8 грамм жинтэй өвс мэт зүйлээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 706 грамм Каннабис зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцов” гэсэн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 67 дахь тал /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3826 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Хар өнгийн гялгар уутанд хийсэн 543.3г хөгц ургаж чулуу шороотой холилдсон байдалтай өвс ургамал /Зураг№2,3/, улаан өнгийн тагтай Хужирт гэсэн бичиглэлтэй цэвэр усны савтай 706.0г өвс ургамалд тус тус дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ. / хавтаст хэргийн 70-71 дэх тал /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3827 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. “Ариунболд А.Т- УХ96030319 2021.08.19”, “Т.З- УК95060633 2021.08.19” гэж хаягласан шээсэнд тус бүрд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ. / хавтаст хэргийн 77-78 дахь тал /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 668 дугаартай дүгнэлтэд:

1. А.Т- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. А.Т- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. А.Т- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. А.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. А.Т- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. А.Т-од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. / хавтаст хэргийн 83-84 дахь тал /

 

Яллагдагч А.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин тогтоол дээр намайг Т.З-тай бүлэглэн түүсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ганцаараа сонирхоод түүгээд машиндаа хэнд ч мэдэгдэхгүйгээр өөрийн үүрч явсан цүнх дотроо хийгээд ирсэн. Хөдөөний айлаас Улаанбаатар хот руу хөдлөх гэж байхдаа түүсэн өвснөөсөө жаахныг авч цаасанд боож байгаад татаж хэрэглэсэн. Тэр үед З- миний татаж байсан зүйлийг хараад “Юу юм бэ” гэхээр нь би “Жаахан өвс байхаар нь сонирхоод татаж үзэж байна” гэж хэлэхэд З- бас сонирхоод ганц хоёр удаа сорсон. Тухайн өрөөнд өвс хадгалж байгаа талаар З- огт мэдээгүй. Би түүж авчирсан өвсөө цүнхэндээ хийгээд өөрийн түрээсэлж амьдарч байсан өрөөний хувцасны шкаф дотор хийсэн гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 95-96 дахь тал / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Т-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Т-од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Т- нь урьдаас судалж, Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabino/ агууламжтай цэвэр жин 1249.3 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн өөрийн түрээслэн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын 206 тоот өрөөнд хууль бусаар хадгалсан байсан нь үзлэг нэгжлэгээр илэрсэн, хураагдсан “ургамал” мэт зүйлээс болон шээснээс нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, А.Т- нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсныг мөрдөн шалгалтаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгч А.Т- нь хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа, удмын санд нөхөгдөшгүй хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Т-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 559.4 грамм жинтэй өвс мэт зүйлээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 543.3 грамм Каннабис, №2 гэж дугаарласан “Хужирт” гэсэн бичигтэй хуванцар савтай 749.8 грамм жинтэй өвс мэт зүйлээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 706 грамм Каннабис”-ыг / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, А.Т- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор А.Т-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...овогт А.Т-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Т-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 559.4 грамм жинтэй өвс мэт зүйлэээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 543.3 грамм Каннабис, №2 гэж дугаарласан “Хужирт” гэсэн бичигтэй хуванцар савтай 749.8 грамм жинтэй өвс мэт зүйлээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 706 грамм Каннабис”-ыг / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, А.Т- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

5. А.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Т-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ