| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/0143/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/148 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.*******бат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-*******
Хохирогч *******, *******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Иргэний нэхэмжлэгч *******
Иргэний хариуцагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, Ж.*******баатар
Шүүгдэгч Т.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******-*******т холбогдох 201718020130 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Багш, эдийн засагч мэргэжилтэй, МУИСургуулийн Орхон сургуульд иноваци гадаад харилцааны албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ямбыхан овогт *******-*******ын *******-******* //.
Т.*******-******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед “99-02” ОРО улсын дугаартай Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас замын хажуу талын жалга руу унаж зорчигч Д.Нанжидын амь насыг хохироож, *******ын биед хүнд, *******ийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******-******* мэдүүлэхдээ: … Би 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явах ажилтай болчихоод ******* дүүгээсээ ахдаа Toyota Harrier загварын тээврийн хэрэгсэлээ түр өгчих ах нь Орхон аймаг руу явчихаад ирье гэж хэлээд авсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед “99-02” ОРО улсын дугаартай Toyota Harrier загварын тээврийн хэрэгсэлийг өөрөө жолоодон хохирогч *******, *******, талийгаач Д.Нанжид нарыг машиндаа суулгаад 17 цагийн үед Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт явж байтал миний явж байсан эгнээнд эсрэг урсгалаас нэг жижиг суудлын авто машин замын хагархай тойрсон уу яасан мэдэхгүй гэнэт миний явж байсан эгнээ рүү буюу урсгал сөрөөд ороод ирэхээр нь би машиныхаа рулийг баруун гар тал руугаа дартал миний машины хойд талын хоёр дугуй шороон зам дээгүүр хэсэг явсан /замын шороон хөвөө/ ба буцаад машиныхаа рулийг зүүн тийш нь дартал машин тэнцвэр алдаж осол гарсан. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: … Жолооч осол болохын өмнө өөрөө гэв гэнэт огцом дараад зорчиж явсан чиглэлийнхээ баруун гар талын шороон хөвөө рүү ороод буцаж дараад асфальтан замын хажуугийн жалга дээгүүр нисээд онхолдож унасан. Энэ ослын улмаас миний хоёр гар мэдээгүй, нуруу бас өвдөж байгаа. Ослын улмаас эмчилгээний зардалд 2972000 гарсан. Иймд уг зардалыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-******* мэдүүлэхдээ: … Би талийгаач Д.Нанжидийн төрсөн охин нь байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим явуулын хүн миний утас руу залгаад “энэ хүмүүс осолд орсон байна” гэж хэлсэний дагуу шөнө 00 цагийн орчим Дарханд очиход ээж Нанжид нас барсан байсан. Талийгаач ээжий минь оршуулгын зардалд 10699650 төгрөг зурцуулагдсан. Энэ хохиролоо нэхэмжилж байна, гомдолтой байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: … 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Урьхан зоогийн газраас цааш явахад би унтаж явсан ба нэг сэрсэн чинь машин өндөр жалганаас доошоо унаж онхолдож байсан. Тэгээд би ухаан алдсан нэг сэрсэн чинь машины гадна талд байсан ба босох гэсэн боловч нуруу өвдөж байсан. Энэ ослын улмаас миний толгой өвддөг болсон, шилэн хүзүү дагаж хөшиж өвддөг, нуруугаар хааяа өвддөг, баруун чихний орчим хатгуулж өвддөг болсон. Би эмчилгээ болон унааны зардалд 557151 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-16-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: ... Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Т.*******-*******оос 1085000 төгрөг нэхэмжилж байсан боловч уг мөнгийг Т.*******-******* нь бүрэн төлж барагдуулсан. Иймд одоо шүүгдэгчээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ******* мэдүүлэхдээ: ... Энэ хэрэгт холбогдсон Т.*******-******* нь манай хүргэн ах байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд энэ асуудлыг цагдаагийн ажилтан надад буруу ойлгуулсанаас миний машин гэж мэдүүлэг өгсөн. Уг нь “Toyota Harrier” загварын “99-02 ОРО” улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэдэг хүн байсан гэрчилгээ нь одоо ч энэ хүний нэрээр байгаа. гэдэг хүнээс Т.*******-******* ах уг машиныг худалдаж авахаар болоод надруу мөнгө шилжүүлээд би тай уулзаж мөнгийг нь өгөөд надад машиныг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх тэдгээртэй холбоотой бичиг баримт гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах мөнгийг хүлээн авах итгэмжлэлийг 2017 оны 04 сарын 25-наас нэг сарын хугацаатай олгосон юм. Надад олгосон итгэмжлэлийн хугацаа уг осол болохоос гураван хоногын өмнө дууссан байсан. Мөн машины бичиг баримт ы нэрдээр байгаа. Ийм байтал намайг иргэний хариуцагчаар татсанг ойлгохгүй байна. Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцох ямар ч үндэслэл байхгүй. Иймд намайг иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хохирогч *******-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: … Би Д.Нанжидийн төрсөн охин нь ба 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим явуулын хүн миний утас руу залгаад “энэ хүмүүс осолд орсон байна” гэж хэлсэний дагуу шөнө 00 цагийн орчим Дарханд очиход ээж Нанжид нас барсан байсан… Талийгаач ээжий минь оршуулгын зардалд 17149400 төгрөг зурцуулагдсан гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-20-р хуудас/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: ... 20 цагийн орчим Урьхан зоогийн газар өнгөрөөд цааш 2 даваа гэх газар явж байгаад жолооч баруун талын шороон хөвөө рүү орж явж байгаад буцаж дарж замдаа ороод явж байсан чиглэлийнхээ эсрэг тал руу зүүн гар тал руу өндөр жалга руу үсэрч ороод 2 эргэлдээд онхолдсон. ... Машин жолоодож явсан залуу рүлээ огцом, огцом дараад яваад байсан. Жолооч осол болохын өмнө өөрөө гэв гэнэт огцом дараад зорчиж явсан чиглэлийнхээ баруун гар талын шороон хөвөө рүү ороод буцаж дараад асфальтан замын хажуугийн жалга дээгүүр нисээд онхолдож унасан. ... Миний хоёр гар мэдээгүй, нуруу бас өвдөж байгаа. ... Ослын улмаас эмчилгээний зардалд 1000000 төгрөг зарцуулсаныг буруутай жолоочоос нэхэмжилнэ гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-24-р хуудас/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: ... Урьхан зоогийн газраас цааш явахад би унтаж явсан ба нэг сэрсэн чинь машин өндөр жалганаас доошоо унаж онхолдож байсан. Тэгээд би ухаан алдсан нэг сэрсэн чинь машины гадна талд байсан ба босох гэсэн боловч нуруу өвдөж байсан. … Би эмчилгээ болон унааны зардалд 390842 төгрөгний зардал гаргасан. Ослын улмаас толгой өвддөг болсон, шилэн хүзүү дагаж хөшиж өвддөг, нуруугаар хааяа өвддөг, баруун чихний орчим хатгуулж өвддөг. Гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-16-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: … Би жолоочийн эсрэг талд сууж явсан ба Баянгол сум руу дөхөж явахад гэнэт хоёр тийшээ машин шарваад эхэлсэн ба эсрэг урсгал сөрөөд замын зүүн гар талд байсан жалга руу унасан. Осол орой 20 цагийн орчим болсон байх, үзэгдэх орчин, замын нөхцөл, цаг агаар зүгээр байсан. Нэг мэдэхэд л шарваад унасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №36 дугаартай акт: ...
1. Талийгаач Д.Нанжидын биед, гавлын орой болон суурь ясны хугарал, баруун 1,2,3,4,5,6,7,8-р хавирга суганы урд шугамаар, 9,10-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун 1,2,3,4,5-р хавирга нугалмын хажуугийн шугамаар хоёрлосон хугарал. Зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга эгэмний дунд шугамаар, 1,2,3,4,5-р хавирга далны дунд шугамаар хоёрлосон хугарал, элэгний язрал, баруун хөлийн шилбэ ясны хугарал, зүүн гарын шуунд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруу, цээж, зүүн хөх, хэвлий, баруун гуя, зүүн гарын бугалга, алганы ар, баруун хөлийн гуя, өвдөг зүүн хөлийн гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 47-48, 51-54-р хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №152 дугаартай акт: ...
1. *******ийн биед цээжний 3,4-р нугалмын хугарал, зүүн хөлийн өвдөгний үений дотор хэсэг, баруун зүүн гарын алганы ар хэсэг, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 58-р хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №154 дугаартай акт: …
1. Сайнжаргалын биед цээжний 1-4-р нугалмын сэртэн болон хавирганы толгойны хугарал, баруун эгэм ясны хугарал, зүүн гар шуу ясны хугарал, зүүн 1-9-р хавирганы далд хугарал, баруун 1-4-р хавирганы хугарал, зүүн хацар, зүүн суга, баруун гарын шуунд сорви, баруун 1-р шүд, зүүн 1-р шүд, баруун 4-р шүд булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 63-р хуудас/
Техникийн шинжээчийн №40 дугаартай дүгнэлт: ...
1. Тоёота харрер маркийн 99-02 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.*******-******* нь МУ-ын ЗХД- ийн 9 “Тээврийн хэрсэгслийн хурд” 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9,2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн” гэх дүгнэлт /ХХ-ийн 40-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 3-12-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Т.*******-******* нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 90 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 89 дүгээр хуудас/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8-р багийн Бүрэн бүст 5-р хороолол 6-р байрны №05 тоотод оршин суудаг гэх лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.*******-******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед “99-02” ОРО улсын дугаартай Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас замын хажуу талын жалга руу унаж зорчигч Д.Нанжидын амь насыг хохироож, *******ын биед хүнд, *******ийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 3-12-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-20-р хуудас/, Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-24-р хуудас/, Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-16-р хуудас/, Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/, Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №36 дугаартай акт /ХХ-ийн 47-48, 51-54-р хуудас/, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №152 дугаартай акт /ХХ-ийн 58-р хуудас/, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №154 дугаартай акт /ХХ-ийн 63-р хуудас/, Техникийн шинжээчийн №40 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 40-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээч нарын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.*******-*******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.Нанжидын амь насыг хохироож, *******ын биед хүнд, *******ийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.*******-*******ийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед “99-02” ОРО улсын дугаартай Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас замын хажуу талын жалга руу унаж зорчигч Д.Нанжидын амь насыг хохироож, хохирогч *******ын биед цээжний 1-4-р нугалмын сэртэн болон хавирганы толгойны хугарал, баруун эгэм ясны хугарал, зүүн гар шуу ясны хугарал, зүүн 1-9-р хавирганы далд хугарал, баруун 1-4-р хавирганы хугарал, зүүн хацар, зүүн суга, баруун гарын шуунд сорви, баруун 1-р шүд, зүүн 1-р шүд, баруун 4-р шүд булгарал гэмтэл бүхий хүнд, хохирогч *******ийн биед цээжний 3,4-р нугалмын хугарал, зүүн хөлийн өвдөгний үений дотор хэсэг, баруун зүүн гарын алганы ар хэсэг, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт сорви гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэм буруутай байна гэж үзэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг төлсөн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Энэ зам тээврийн осол, хэргийн улмаас шүүгдэгч Т.*******-*******ийн биед баруун 1,2,3,4,5,6-р хавирганууд нугламын хажуугийн шугамаар, 3,4,5,6-р хавирганууд нугламын хажуугийн шугамаар хугарсан, Сээрний Th4 Th5-р нугламуудын их биеийн өндөр намсаж их биеийн арын хана бяцарч шахагдсан хугарал, Th4 Th5-р нугламуудын арын сэртэнгийн хугарал, баруун зүүн уушигны ар дээд гадаргууд няцралт, баруун зүүн талын гялтангийн хөндийд бага хэмжээний сул шингэнтэй ба зүүн гялтангийн хөндийд хий, зүүн дух, духны хажуу чамархай хэсэгт хальсан доорх цусан хураа гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан байх ба эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан тэнсэж хянан харгалзах хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.*******-******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч ******* Дууш-Хараа ББН Хараа зочид буудалд өрөөний төлбөр төлсөн баримт, шатахууны баримт, Энэрэх заяа ХХК-иас эм, тариа авсан тухай баримт, УБТЗ-ын Зорчих эрхийн тасалбар, бэлэн мөнгөний баримт, Энхийн тун эмийн сангаас эм, тариа авсан тухай баримт, мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ-ийн 74-75 хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-******* “Бат Билэгт Буян” ХХК-ны кассын орлогын баримт, Велле франц ХХК-ны зарлагын баримт, Орхон энх бүтээмж ХХК-ийн зарлагын баримт /77-78 дугаар хуудас/, хуудас дугаарлагдаагүй-Эмольдент ХХК-ийн орлогын баримт, Мянган бэрс ХХК-ийн орлогын баримт, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбарууд, шатахууны баримтууд, УБТЗ-ын Зорчих эрхийн тасалбарууд, Хохирогч ******* “Жино Ач” ХХК-ийн орлогын баримт, Ганга зайвар ХХК-ийн орлогын баримт, Дашваанжил АХЦС-ны орлогын баримтууд, Жинст-эрд ХХК-ийн орлогын баримтууд зэрэг хохирлын баримтуудыг тус тус гарган өгч хавтаст хэрэгт хавсарган энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжилсэн. Шүүгдэгч Т.*******-******* нь мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч *******д 1560000 төгрөг, хохирогч *******д 525900 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-*******д 3915000 төгрөг тус тус төлсөн ба хохирогч ******* эмчилгээний зардалд 557151 төгрөг, хохирогч ******* уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр болон мөнгөн аяга, мөнгөн хослол гээгдэж үрэгдсэний хохиролд бүгд 2972000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-******* оршуулгын зардал болон бусад зардалд 10699650 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Т.*******-*******оос 557151 төгрөг гаргуулж хохирогч *******д, 2972000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 10699650 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-*******д тус тус олгох нь зүйтэй байна.
Харин зам тээврийн осол болох үед шүүгдэгчийн жолоодож явсан “Toyota Harrier” загварын “99-02” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Монгол овогт Хишигсүрэнгийн Батсайхан байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар /ХХ-ийн 31 дүгээр хуудас/ тогтоогдож байх ба нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг сарын хугацаанд “Toyota Harrier” загварын “99-02” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх тэдгээртэй холбоотой бичиг баримт, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг Хар товруутан овогт Дүгэржавын Ариунхүслэнд олгосон байна. Гэвч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн итгэмжлэлийн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу уг зам тээврийн осол болохоос гурав хоногийн өмнө дууссан байна. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* бус Монгол овогт Хишигсүрэнгийн Батсайхан байсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасныг баримтлан энэ хэрэгт *******г иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.
Мөн хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршигийг тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байх ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямбыхан овогт *******-*******ын *******-*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-*******оос 557151 /таван зуун тавин долоон мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16-88 тоотод оршин суух хаягтай, РД: ФА:93060716, хохирогч Лонжид овогт Болдын Итгэлд, мөн шүүгдэгчээс 2972000 /хоёр сая есөн зуун далан хоёр мянган/ төгрөг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16-60 тоотод оршин суух хаягтай, РД: ФМ:81120776, хохирогч Олхонууд овогт Ган овогтой Сайнжаргалд, шүүгдэгчээс 10699650 /арван сая зургаан зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16-60 тоотод оршин суух хаягтай, РД: ФМ:87112265, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Олхонууд овогт Ган овогтой Нандин-******* нарт тус тус олгосугай.
5. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Т.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.*******-*******ын №366518 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Энэ хэрэгт *******г иргэний хариуцагчаар татсан 2017 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******-*******т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.