Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ю.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өвгөнийхөн овогт Ю.Эт холбогдох эрүүгийн 1711001630059 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өвгөнийхөн овогт Ю.Э, 1972 оны 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 49-2-15 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ЧК72060573.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ю.Э нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49/2 дугаар байрны 15 тоотод хохирогч Я.Сг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ю.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Я.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хэрэг болдог өдөр бид хамтдаа ярилцаж байгаад үүнээсээ болж хоорондоо маргалдсан. Маргалдаж байхдаа манай нөхөр “пизда минь” гэж дуудсанаас болж би уурласан. Ингээд хоёулаа хэрэлдээд манай нөхөр намайг хэл амаар доромжлоод зодох гэж дайраад гараа далайсан. Тэгэхээр нь би “чи надад гар хүрдэг юм бол би чамаас сална шүү эцсийн удаа шүү” гэтэл “ингээд салаарай” гэснээ өмдний тэлээгээ аваад миний биеийн зүүн хэсэгт ороолгож эхэлсэн...” гэжээ /хх-12-13/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8745 дугаар дүгнэлтэд

“1. Я.Сгийн биед зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, гуянд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/.

Яллагдагч Ю.Эын мэдүүлэг /хх-28/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлалаа.

Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Ю.Э нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49/2 дугаар байрны 15 тоотод хохирогч Я.Сг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ю.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ю.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь Я.С нь “...Ю.Эт гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өвгөнийхөн овогт Ю.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН