Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/858

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч Б.Солонго,      

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:       

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Г-ын Г-д  холбогдох эрүүгийн 2105021451963 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, ........... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр зам ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл ........... хамт, ........... Сонгинохайрхан дүүргийн .......дугаар хороо, .......... тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй. Б  овогт Г-ын Г  /РД:................../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б  овогт Г-ын Г  /РД:................./ нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, Монгол импекс гаалийн хяналтын хашаанд хохирогч С.Г нүүрэн тус газар нь цохиж. түүний биед тархины доргилт, завжинд шарх, доод уруулын дотор талд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б  овогт Г-ын Г  /РД:УХ69101519/ нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, Монгол импекс гаалийн хяналтын хашаанд хохирогч С.Г нүүрэн тус газар нь цохиж. түүний биед тархины доргилт, завжинд шарх, доод уруулын дотор талд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:  

 

                 Мөрдөн байцаалтад хохирогч С.Г өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын19-ний өдрийн өглөө 09 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол экспрэссийн хашаанд очсон. ...ахлах пүүлэгч Г  гэх хүн байсан... солилцох хуудсаа авсан уу манай контейнер хэзээ буух вэ гэж асуусан. Г  гэх хүн чамд ямар хамаатай юм пизда минь гэсэн. ...маргаан үүссэн ба маргалдаж байхдаа би Г  гэх хүний малгайг дээш нь татсан. ...малгай нь газар уначихсан. ...би хажуу тийшээ харж байтал Г  миний баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохисон..., Би хэн нэгнийг цохиж зодоогүй. ...Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

                 Хохирогч С.Гомбоцэрэн “...Г.Г оос эмчилгээний төлбөр нэхэмжлэхгүй, ...гомдол санал байхгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх-49/  

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...манай ажлын газрын Г  гэх ах үл таних залуутай маргалдаад байсан. Тэгтэл тэр залуу Г  ахын каск руу цохисон. ...тэр залуу зугтаагаад явчихсан. Тэр үед би вагон ачиж байсан ба вагон дээр контейнер ачих гээд контейнерын хажуугаар явж байхад Г  ахтай маргаад байсан залуу нь надтай мөргөлдөөд миний хажуугаар зөрсөн. ...Г  ах араас нь хөөж байсан. Барьж авсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 23/,    

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10158 дугаартай шинжээч эмчийн:

С.Г биед тархины доргилт, завжинд шарх, доод уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр. олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, завжины шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. /хх-25-26/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Г өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...хурдан контейнер задал л даа гээд байсан. ...миний уур хүрээд араас нь хөөтөл тэр залуу цаашаа гарч гүйж байхдаа манай ажилтан залуутай мөргөлдөөд зогссон Тэр үед би араас нь очоод тэр залууг барьж аваад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 30/,  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч С.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

            Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 37/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Г-д  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Г.Г ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Г-ын Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ