МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ
-улсын яллагчаар Э.Билгүүн
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай
-шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хрт холбогдох эрүүгийн 2034003040267 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багийн нутаг үйлдвэрийн 01 тоотын үүдэнд хохирогч Ш.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун нүдний алим үгүй, зүүн талын олон хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “Би тэр өдөр гадаа мод хагалаад сууж байсан. Би тамхи авах гээд дэлгүүр явсан. Тэгээд нөгөө хоёр маань малын эмч болж таарсан. Тэгээд айл нь бас нэг архи гаргаж ирсэн. Нэг харсан чинь машин дотор байж байсан. Тэгээд нэг шил гаргаж ирсэн. Тэр ах гэрт хүргэж өгөөд, зам дээр буулгасан. Тэгээд замдаа маргалдаад намайг мангасдахаар нь нэг цохьчихоод хавираад унагаасан. Харанхуй байсан болохоор сайн харагдаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ш.Бийн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, хохирогч Ш.Бийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/, шэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, гэрч Б.Батбилэгийн мэдүүлэг /хх-ийн 9 тал/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, шүүхийн шинжилгээний албаны 204 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-21 тал/, шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Хын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багийн нутаг үйлдвэрийн 01 тоотын үүдэнд хохирогч Ш.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун нүдний алим үгүй, зүүн талын олон хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 46 тал/
- Эрүүгий хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 27 тал/
- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №204 дугаартай “...Ш.Бийн биед баруун нүдний алим үгүй, зүүн талын олон хавирганы хугарал, бүсэлхийн 1,2,3-р нугалмын сэртэнгийн хугарал, хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, дух, зүүн хацар, зүүн хөмсөг, толгойн зүүн хэсэг, дээд уруулын дотор салстад шарх, хамарт зулгаралт, баруун хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1, 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 65%-р алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,
- Хохирогч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сумын төвд байдаг Алтангаа ах дээр аав Шатархүүгийн хамт очсон юм. Миний өмнө нь ажиллаж байсан бяслагны үйлдвэр дээр үхэр маллах хүн байхгүй гэхээр нь Алтангаа ахыг бяслагны үйлдвэрт ажиллахгүй юм уу гэж асуугаад зүгээр байж байхаар гурвуулаа Наньд гэх газарлуу Сүхээ ахынд очоод ирье гээд аав Шатархүү, Алтангаа ах бид гурав явсан. Сүхээ ахын гэрт очоод бууз жигнүүлээд нэг шил архи авч очсон байсан. Тэр архиа уугаад Сүхээ ахых нэг шил архи гаргаад бас уусан. Ингээд сумын төврүү Алтангаа ах, аав бид гурав орж ирээд Алтангаа ахыг хүргэж өгөнгөө нэг шил архи аваад Алтангаа ахын гэрийн гадаа уусан. Аав миний машинд унтаад өгсөн. Алтангаа ахын гэрийн гаднаас хөдөлөөд би ер нь архи уугаад юу болсон талаар сайн санахгүй байсан. Нэг мэдсэн сумын эмнэлэгт ирсэн. Батбаяр эмч үзээд байж байсан. Намайг сумын эмнэлгийн машинаар гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд орж нэг нүдээ авахуулсан. Эмнэлэгт ирээд ер нь бол сэргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
- Хохирогч Ш.Бийн дахин өгсөн “...Надад Б.Х нь эмчилгээний зардал мөнгө бүрэн барагдуулсан байгаа..., ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Б.Хтай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
- Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр Батбилэг, охин Мишээл хоёр хоорондоо маргалдсан. Охин маань куртикны захаа нугалаад өмссөн байхад нь аав нь уурлаад л наадахаа зүгээр өмсөөд яв гэж хэлсэн гэсэн. Миний охин нүүрэн дээр харшил өгөөд би ингээд өмссөн юм гэж хэлсэн гэсэн. Тэгээд усанд яваад ирсэн чинь дахиад л Батбилэг загинаад толгой шийр хуйхалж хусаж байхдаа гартаа барьсан хутгаараа 2 удаа охин руу маань далайсан гэсэн. Энэ үед манай төрсөн дүү Хишигбаяр гэрийн хаалга онгорхой байхад нь харсан гэсэн. Ингээд яасан их дарамталдаг юм бэ манай Мишээлийг их дарамталж байна. Танай нөхөр их олон юм ярьж байна гээд уурлаад байсан. Тэгээд би ч дүүгийнхээ хэлж байгаа зүйлийг сонсоогүй орхисон. Хэрүүл болж магадгүй гээд хаясан. Энэ үед малын эмч Билэгээ ах орж ирээд малд тарилга хийх гээд байна. Туслаад өгөөч гэж манай нөхөр Батбилэг, хадам аав Шатархүү нартай уулзаад зогсож байсан. Тэгээд манай дүү Хишйгбаяр нь тамхины мөнгөтэй болох юм байна. Би яваад ирье гээд явсан. Манай нөхөр Батбилэг, хадам аав Шатархүү нар нь гадаа юм хийж байгаад манай нөхөр гэртээ орсон. Тэгээд охин маань гэртээ байсан чинь манай нөхөр орж хэрүүл хийгээд муухай хараад байна гээд уйлаад сууж байсан. Мишээл би энэ гэрт байж чадахгүй. Намайг Сэлэнгэ явуулаад өг гээд байсан. Аав орой архи ууж ирээд надаа ахиад агсам тавина гээд уйлаад гэрээс гараад урд талын Пүүжээ ахын гэрт орсон. Манай нөхөр Батбилэг нь гэрээс хадам аавтай цуг гараад Намжаа ахын дэлгүүр ороод баруун талын лагер луу өгсөөд явсан. Би гэртээ байж байгаад Батбилэгийг хайгаад гараад явсан чинь олоогүй гэртээ ирсэн. Охин Мишээл нь гэртээ орой болсон хойно ирээд хамт үхэр малаа янзалаад оройн хоолоо хийж идээд байж байхад манай дүү Хишигбаяр нь хүрээд ирсэн. Бага зэрэг архи уусан байдалтай байсан. Ирээд танай нөхөр намайг өнгөрсөн жил зодлоо, Мишээлийг яаж алгадлаа, чи нөхөртөө дарлуулж ханахгүй юм. Өдрийн хутгаараа намайг шаана гээд явж байгаа байхдаа би тэгээд яах вэ гээд байхаар нь чи гайгүй бол Батбилэгтэй зодолдохгүй зугатахгүй юу гэж хэлэхэд би зугтах уу юу гэнээ гээд инээгээд байсан. Одоо харна гээд Батбилэгийн өдрийн бариад байсан хутгыг хайгаад олдохгүй байсан чинь цагаан иштэй заазуур гаргаж ирээд өдрийн бариад байсан хутга нь олдохгүй байна. Намайг ална гээд бэлдсэн юм байна гээд орилоод байсан. Заазуураа бариад би энийг өөдөөс нь барих юм уу гээд орилоод байхаар нь хүүхдүүдээ аваад гараад өөр айлруу яваад өгсөн. Энэ үед охин Мишээлд хэлээд аавруугаа мессеж бич Хишигбаяр согтуу ирсэн байна шүү гэж хэл гээд бичүүлсэн. Би хүүхдүүдтэйгээ Рэнцэн ахын гэрт унтаж байхад үүрээр хадам аав Шатархүү нь ирээд Батбилэг хүнд алуулсан юм шиг байна. Би чирсээр байгаад гэртээ орууллаа гэсэн. Би гараад гэрт ирэхэд Батбилэг гэрийн үүдэнд хэвтэж байсан. Тэгээд шууд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
- Гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянцогт сумын төв дээр 13 цагийн үед колонк орж бинзен хийчихээд Алтансүхийн гэрт очоод хамт яваад бяслагны үйлдвэр ороод үхэрт тариа хийлцээд өг гэж хэлсэн чинь 16 цагаас манай ажил хуралтай гэхээр нь гарч яваад сүхээг хамт яваад өг гэж гуйх гээд очиход байхгүй байсан. Тэгээд урьд нь Батбилэгийн үхэрийг тарихад хамт үхэр барьж өгч байсан залуу тамгын газрын урд таарсан би зогсоод уулзсан чинь тэр залуу дэлгүүр орох гээд явж байна дэлгүүр ороод өг гээд Намжаагийн дэлгүүрлүү нөгөө залуу ороод 200 граммтай архи бариад гараад ирсэн. Тэгэхээр нь тэр залууд чамд зав байвал хамт яваад үхэр бариад өг хөлсийг нь өгнө гэж байна гэсэн. Тэгсэн тэр залуу тэгье гээд Батбилэгийн гэрээр орж үхэр хармаас нь татдаг багажаа аваад Батбилэг, эхнэр Даваасүрэн нар нь байсан. Тэгээд бид хоёр хамт Батбилэгийн гэрээс гараад хөдөө Бадрах гэх айлд очоод 850-д бог, 10 гаран үхэр тарьчихаад сумын төвийн урд байдаг бяслагны үйлдвэр орсон. Тэнд очоод үхэрнүүд нь бүгд гадуураа тарчихсан байсан. Үхрийг нь цуглуулаад 23 үхэр тарьчихаад гадуур байсан үхрээ хамж ирээд тариулна гэхээр нь дараа болъё гээд нөгөө залууг Батбилэгийн гадаа буулгаад баярлалаа гээд буулгаад явсан. Өдөр 15 цаг болж байхад хамт яваад орой нь 20 цагийн үед гэрийн гадаа нь буулгасан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна, Сэлэнгэ аймагт байдаг одоохондоо ажил зогссон байгаа гэж хэлж байсан Батбилэгийн эхнэр Даваасүрэнгийн дүү гэж байсан, эгчдээ туслаад одоохондоо хамт байж байна гэж байсан. Тэр залууд би Сарлагийн дэлгүүрээс нэг шил 0.5 граммтай архи авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
- Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 21-ний 04 цаг 50 минутанд эрүүл мэндийн төвд Баянцогт сумын харъяат Рэнцэн гэдэг ах өөрийн биеэр ирж Ш.Б гэдэг хүнийг цус их алдсан байна гэртэээ байна гэсэн би өөрөө дуудлагаар очсон. Дуудлагаар очход Ш.Б нь цус их алдсан толгойндоо зүсэгдсэн 2 шархтай, хэвлий хэсэгтээ 2 шархтай, цус их алдаад цус нь хатсан бие нь маш их шороо болсон байдалтай байсан. Тэгээд Ш.Бт гэрт нь цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийгээд эмнэлэг дээр авчирсан цэвэрлэгээ хийсэн. Улаанбаатар хотруу 14 цаг 40 минутанд гэмтэл согог үндэсний төвд хүргүүлсэн Батбилэг нь эмнэлэг дээр ирээд юунаас болж гэмтсэн талаар асуухад хариу байхгүй ярьж чадахгүй сүүлд нь гэмтлийн эмнэлэг явахаас өмнө хариу өгч ярьж эхэлсэн. Би одоо хаана байна. Харааг нь шалгахад баруун нүд юм харахгүй байна. Ус уумаар байна. Гэртээ харьж болохгүй юм уу гэх мэт хариулт өгч байсан. Би яагаад ийм болсон тапаар юу ч санахгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
- Шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр өгсөн байгаа болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Хын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Х нь хохирогч Ш.Бийг зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд Б.Хын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Бийн бичгээр гаргасан “...миний бие нь Б.Хаас хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-ийн 51/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хын “...хохиролд 1.800.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг зэргээс харахад энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд хохирогч Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заааснаар хохирогч Ш.Бийн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харьцаанаас болж уг гэмт хэрэг үйлдэгдэх шатгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг ногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Хын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Хт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн “...10.000 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг ногдуулж өгнө үү...” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Б.Х нь эрхэлсэн тодорхой ажилгүй, торгуулын ялыг хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн шүүгдэгч Б.Хын үйлдэлийн улмаас хохирогч Ш.Б нь баруун нүдгүй болж эд эрхтэнээсээ салсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй байх тул шүүгдэгч Б.Хт торгуулын ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ш.Бт хохирлын 1.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б.Хрыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Б.Хрыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ш.Бт хохирлын 1.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА