Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05925 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Болдод холбогдох

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот орон сууцыг Д.Болдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Болдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Н.Цогзолмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот байрлах 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлэн уг байрыг өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Байрандаа нүүн орох гэтэл Д.Болд болон түүний ах, дүү гэх н.Энхболд, н.Оюунбилэг нар нь одоог хүртэл байр чөлөөлж өгөхгүй, 9 сар болж байна. Иймд эдгээр хүмүүсийг байрнаас албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Н.Цогзолмаагийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Цогзолмаа надтай хэлцэл хийж, 50 000 000 төгрөгөөр байр худалдаж авахаар тохиролцсон. 25 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр саадгүй өгнө гэж гарын үсэг зурж хэлцэл хийсэн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгөө өгөөд байраа ав, үгүй бол 25 000 000 төгрөгөө өгөөд миний байрыг буцаан өг. Шүүхээр яваад байх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цогзолмаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204047285 дугаартай, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Болдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Болдоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Болд давж заалдах гомдолдоо “...Н.Цогзолмаа нь миний байрыг 50 000 000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлцэл хийсэн. 25 000 000 төгрөгийг бэлэн өгсөн, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг өгөөгүй. Би мөнгөө өгөхгүй бол байраа буцааж авах талаар удаа дараа хэлсэн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 221 дүгэрэ зүйлийн 221.4, 224 дүгээр зүйлийн 224.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсэгт тус тус заасныг шүүх зөрчсөн байна. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Н.Цогзолмаа нь хариуцагч Д.Болдод холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот орон сууцыг Д.Болдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “орон сууцны үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг  30 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. /хх 2/

 

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.Болдоос орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 25 000 000 төгрөгрийг бэлнээр төлж орон сууцны гэрчилгээ миний нэр дээр гарсан, сүүлд 8 000 000 төгрөг төлсөн боловч хариуцагч орон сууцаа чөлөөлж өгөхгүй байна, би үлдэх төлбөрийг төлөхөд бэлэн...” гэжээ. /хх 27/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Цогзолмаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжсэн байна. /хх 3/

 

Хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг бодитойгоор шилжүүлэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхын зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байх тул нэхэмжлэгч Н.Цогзолмаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ.

 

            Иймд шүүх нэхэмжлэгч Н.Цогзолмааг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Болдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагч Д.Болд нь худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Болдын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН