Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00651

 

Т.Цн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр магадлалтай,

Т.Цн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд О.Оюун , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02641 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар О.Оюуны нэхэмжлэлтэй, Т.Ц, А.Янсанмаа нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 80,909,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу НШШГГаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байх ба Т.Цгийн өмчлөлийн Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллага буюу шинжээчээр үнэлүүлж 795 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэ талаар төлбөр төлөгч Т.Цд болон төлөөлөгч Э.Түвшинбаяр нарт хуульд заасан арга хэлбэрээр мэдэгдээгүй болно. Төлбөр төлөгч Т.Цн зүгээс хуульд заасан эрхийн дагуу өөрийгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлүүлэхээр Э.Түвшинбаярт 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлийг мөн өдөр НШШГГын шийдвэр гүйцэтгэгч н.Наранчимэгт хүлээлгэн өгсөн бөгөөд уг итгэмжлэл шийдвэр гүйцэтгэлийн материалд байхгүй гэх ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс гээгдүүлсэн гэж үзэж байгаа болно. НШШГГын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгоны зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Т.Цд Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шинжээчээр үнэлсэн үнэлгээ болох 795 000 000 төгрөгийн 70 хувиар тооцож 556 500 000 төгрөгийн үнийн дүнгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг утсаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч Т.Цн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн үнэлгээг гаргаж өгөөгүй, мөн Т.Цн өмчлөлийн Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 13, Автозамчдын гудамж 40-р байр 8 тоот, Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 13, Автозамчдын гудамж 40-р байр 14 тоот, Ү-00000000002202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Гүнт билгүүн гудамж 151 тоот хөрөнгүүдийг битүүмжилсэн атлаа Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг сонгон авч үнэлгээ гаргуулан, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйг туйлын ихээр гайхаж байгаагийн зэрэгцээ гомдолтой байна. Т.Ц НШШГГын зүгээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 795 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа болно. Мөн НШШГГ болон шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасан ажиллагааг хийгээгүй буюу огт тайлбарлаж өгөөгүй. Мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүйн улмаас иргэн Т.Цн хууль ёсны эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Т.Ц дээрх үнэлгээг эс зөвшөөрч мэдсэн даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана, 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдаж иргэн Т.Цн хуулиар олгогдсон эрх, ашгийг хохироож байх тул Т.Цн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхар хаягт байршилтай орон сууцыг 795 000 000 төгрөгөөр тооцсон үнэлгээг хүчингүй болгож, мөн үнэлгээний 70 хувь болох 556 500 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2641 дугаар захирамжаар Т.Цгээс 75 532 950 төгрөгийг гаргуулж О.Оюунд олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Т.Цн эд хөрөнгийн талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Гүнт-Билгүүн 151 хаягт байрлах 228.8 м.кв талбайтай хувийн сууц хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17281184/150 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хурааж төлбөр төлөгч Т.Цгээс үнийн санал авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 800 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 795 925 800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч Т.Цгийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор шинжээчийн үнэлсэн үнэ болох 795 925 800 төгрөгийн 70 хувиар тооцон 557 148 060 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц намайг хууран мэхэлж 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надаас мөнгө зээлдэж, Чоно финанс ББСБ-д төлөх ёстой ээж А.Янсанмаагийн зээлийг хаалгачихаад, миний мөнгийг өнөө маргаашийн дотор өгнө гэж хуурч зальдсаар гурван жил орчим болсны эцэст арга буюу анхан шатны шүүхэд хандсан юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Т.Цгээс 75 сая төгрөгийг гаргуулж, надад төлөх шийдвэр гарсан юм. Шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие өгсөн. Хариуцагч Т.Ц, А.Янсанмаа нар Удахгүй хятадаас мөнгө орж ирнэ. Таныг мөнгийг төлнө гэж хэлээд энэ онд дуудлага худалдаанд орсон байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг надад хадгалуулсан юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд төлбөрийг барагдуулах талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй алгуурлаад байхаар нь хариуцагч Т.Ц, түүний ээж А.Янсанмаа нараас төлбөрөө төлөхийг олон удаа гуйсан. Хариуцагч Т.Ц мөнгийг төлөх талаар өчүүхэн санаа тавих нь бүү хэл өөрийнх нь шүүхэд гаргасан өргөдөлдөө бичсэн олон үл хөдлөх хөрөнгийнхөө аль нэгийг нь зарж борлуулаад тус болсон хүнийхээ өрийг төлчих сэтгэл байсангүй. Т.Цгийн хөрөнгийг ганц сонинд нэг удаа зарлах төдийгөөр шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн 9 дүгээр сард дуудлага худалдаанд оруулсан боловч нэг ч хүн ирээгүй гэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд бараг хоёр жилийн хугацаанд ямар ч гүйцэтгэл явуулахгүй байж байгаад нэг удаа дуудлага худалдаа явуулахдаа хариуцагчид мэдэгдэж хууль номынх нь дагуу хийхгүй, мэргэжлийн хуульчид мөртлөө асуудалд хэт гоомой хандсан эсвэл хариуцагч талтай илт үгсэн хуйвалдсан байж болзошгүй шинж харагдаж байна. Ийнхүү зориуд юм шиг алдаа гаргаж зальт этгээдэд таатай боломж олгосонд нэн харамсаж байна. Ийм байдлаар сунжруулаад байвал хэдий хугацааны дараа мөнгөө олж авч чадахыг хэлэхэд хэцүү байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүх асуудалд нухацтай хандаж, төлбөрийг төлөхгүй таван жил болж иргэн миний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг харгалзан үзэж, миний мөнгийг төлүүлэх талаар хуулийн байгууллага шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Цн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2019/10552 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. ...Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...НШШГГ хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/8970 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Цд Монгол шуудан ХК-аар дамжуулан хүргүүлсэн...” “...хаягаар мэдэгдлийг хүргүүлэхэд уг хаягт эзэнгүй байсны улмаас мэдэгдэл буцаж ирсэн явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна...” гэжээ. Энэ нь тухайн хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гарсан үнэлгээг хүлээн авч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн мэдэгдлийг зөвхөн гэрийн хаягаар нь хүргүүлээд зогсох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дуудан ирүүлж танилцуулах бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ...”, “...хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 795 925 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй үнэлгээ хийсэн, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч этгээдийн хувьд оршин суугаа хаяг нь албан ёсоор өөрчлөгдсөн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсэгт хуульчилсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчээс албан ёсоор өгсөн хаягийнх нь дагуу хөрөнгийн үнэлгээ хийгдсэн талаарх мэдэгдэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол шуудан” ХК-аар хүргүүлсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй...” гэсэн нь хаягаар мэдэгдлийг хүргүүлэхэд уг хаягт эзэнгүй байсны улмаас мэдэгдэл буцаж ирсэн байхад түүнийг тухайн хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гарсан үнэлгээг хүлээн авч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярт ч гэсэн мэдэгдчих бүрэн боломж байсан юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн шүүх тайлбарладаг ч энэ нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг харгалзаж үзэлгүй ийм дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/8970 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн алинд нь мэдэгдсэн бол энэ нь дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02641 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Т.Ц нь А.Янсанмаатай хамтран 75 000 000 төгрөгийг О.Оюунд төлөх үүрэгтэй байх ба үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч Т.Цн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Авто замчдын гудамж 40 дүгээр байр, 14 тоот, 194.34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 150/03 тоот тогтоолоор, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах 130.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 150/6 тоот тогтоолоор тус тус битүүмжлэх, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17281184/02 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр, 3 дугаар давхар хаягт байрлах 130.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу явагджээ.

Шийдвэр гүйцэтгэгч хураасан хэд хэдэн хөрөнгөөс Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах 130.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, талуудаас уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад Т.Ц 800 000 000 төгрөгийн үнэ бүхий санал өгснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Төлбөр төлөгчийн төлбөрийн хэмжээг харгалзан хэд хэдэн хөрөнгөөс нэгийг нь дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тайланд үл хөдлөх эд хөрөнгийг 795 925 800 төгрөгөөр үнэлжээ. Уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /хэргийн 38-46 дугаар тал/ Төлбөр төлөгч, өмчлөгч дээрх үл хөдлөх хөрөнгийг 800 000 000 төгрөгөөр үнэлсэн ба шинжээч 795 925 800 төгрөгөөр үнэлснээс үзэхэд зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 10/13 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулахыг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2019/10552 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан тул дуудлага худалдаа явуулах ажиллагааг хууль бус гэж үзэхгүй.

Т.Цн нэхэмжлэлийн шаардлага үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон тул уг үнэлгээний дагуу дуудлага худалдааг явуулах боломжгүй гэсэн агуулгатай байх ба үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрийн талаар өөрт нь эсвэл мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу хүргүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

Иймд үнэлгээний талаар мэдэгдээгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур тул үнэлгээ, анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА