Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1712/        

шүүгдэгч Ц.Бадамсэрээжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэнгалсангийн Бадамсэрээжидэд холбогдох 201619000095 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харьяат,  1989        оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт түр оршин суух, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар баг Зөөлөн гэх газарт оршин суух байнгын хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овог Цэдэнгалсангийн Бадамсэрээжид /РДРХ89011111/

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Бадамсэрээжид нь 2016 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд давтан үйлдээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Алтандорнод хороолол 3-41 тоот хашаанаас иргэн Ц.Ууганбаярын өмчлөлийн байшингийн цонхоор дотогш хууль бусаар нэвтрэн орж цахилгаан тоолуур 1 ширхэг, мод хийдэг амбаарын цоожийг төмөр хэрэглэн хөшиж эвдэн дотогш орж 10 хэрчим мод, ДДИШ-ийн антений дуран, MD-5008 металл хайгчийг тус тус хулгайлан нийт 1.090.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Бадамсэрээжид шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

 

     Хохирогч Ц.Ууганбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Дархан-Уул аймагт амьдарч Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын хороолол 3-41 тоотод оршин суух хашаа байшингаа эзэнгүй үлдээж манай хашаа байшинтай ойрхон байдаг Булган гэж хадам ахыг манай хашаа байшинг харж байгаарай гэж захиж үлдээсэн байсан. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай хадам ах Булган намайг Дархан-Уул аймагт гэртээ байхад утсаар яриад танай хашаан доторхи гражийн хойд талын амбаарын цоожийг нь эвдэж хулгай орсон байна, миний мэдэх хэрчим түлээ мод л алдагдсан юм шиг байна гэж хэлсэн. Тэр амбаарын цоожийг Булган ахаар шинээр хийлгүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу маргааш нь Булган ах дахин утсаар яриад нөгөө амбаарын цоожийг дахин эвдэлсэн байна гэж хэлсэн. Би Дархан-Уул аймгаас ирээд цоожийг нь эвдэлсэн амбаарт юмаа бүртгэхэд металл хайгч, 10 хэрчим мод алдагдсан байсан. Мөн байшингийн таамбар дээр байсан ДДИШ-ийн антены дуран алдагдсан, урд талын байшингийн коридорт байсан цахилгааны тоолуурыг цонхоор хулгайч орж хулгайлж авч явсан байсан. Би алдагдсан эд зүйлээ бүртгэчихээд өөрийн амьдардаг байшиндаа өөрөө хоноод 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө түгжиж хоносон хаалгаа үзэхэд зүгээр байсан. Харин хойд талын хаалганы гадаа урьд шөнүүдэд нь ирж дээрхи алдагдсан эд зүйлийг хулгайлсан хүний арзгар пүүзэн гутлын мөр гарч хүн хаалган дээр тулж ирээд буцаад явсан байхаар нь тэр мөрийг нь дагаж явж Алтандорнод хороололын дугуй засварын арын зам дагаж явж байгаад уулзвар хүрээд алдчихсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм  гэжээ. /хх-ийн 20-21/

 

     Гэрч П.Булган мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ууганбаярын хашаа байшинд очиж үзэхэд урд талын байшингийнх нь цонх онгорхой байхаар нь хашаанд орж үзэхэд гражийн хойд талын амбаарынх нь цонх байхгүй хашаан дотор хүн явсан мөрнүүд гарсан байсан. Ууганбаярт утсаар ярьж мэдэгдсэн. Амбаарыг нь улаан хар өнгөтэй Хятад цоожоор цоожилсон. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дахин очиж үзэхэд миний зүүсэн улаан хартай Хятад цоожийг эвдлээд амбаарт дахин хулгай орсон байсан тул Ууганбаярт энэ талаар хэлэхэд Ууганбаяр оройдоо Дарханаас ирсэн тэгээд амбаар, байшин дахь эд зүйлүүдээ бүртгэж үзээд амбаарт байсан 10 хэрчим мод, металь хайгч, ДДИШ-ийн антены дуран, урд байшингаасаа цахилгаан тоолуур алдагдсан байна гэж хэлж байсан юм гэжээ. /хх-ийн 23-24/

     Гэрч Л.Ариунзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд би хаягийг нь мэдэхгүй байна. Бадамсэрээжид 3 настай охин Мөнхсоёл бид нарын хөлсөлж байдаг газар гал түлэх түлээгүй болчихоод Бадамсэрээжид ажиллаж байсан уурхайгаас түлээний мод авчирна гээд явахаар нь урагшаа аавынхаа гэр рүү хүүхэдтэйгээ явсан. Аавындаа очоод буцаж ирэхэд Бадамсэрээжид гэртээ ирсэн хэрчим болгож хөрөөдсөн моднууд авчирсан галаа түлээд байсан. Тэр моднуудыг хаанаас авчирсныг асуугаагүй. Ажлаасаа авчирсан юм байх гэж бодсон гэжээ. /хх-ийн 27-28/           

 

     гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

     хулгайд алдагдсан эд зүйлийг хохирогч Ц.Ууганбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5/

     мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15/

     эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16/

     эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/,

     эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19/

     гэрч П.Булган, Б.Ганбаатар, Л.Ариунзул нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-28/

     шүүгдэгч Ц.Бадамсэрээжидийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 42/,

     хохирогч Ц.Ууганбаярын Төв аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхэд гаргасан гэх хүсэлт /хх-ийн 63/

шүүгдэгч Ц.Бадамсэрээжидийн сэжигтнээр /хх-ийн 37-39/, яллагдагчаар /хх-ийн 40-41/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бадамсэрээжид нь 2016 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд давтан үйлдээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Алтандорнод хороолол 3-41 тоот хашаанаас иргэн Ц.Ууганбаярын өмчлөлийн байшингийн цонхоор дотогш хууль бусаар нэвтрэн орж цахилгаан тоолуур 1 ширхэг, мод хийдэг амбаарын цоожийг төмөр хэрэглэн хөшиж эвдэн дотогш орж 10 хэрчим мод, ДДИШ-ийн антений дуран, MD-5008 металл хайгчийг тус тус хулгайлан нийт 1.090.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хулгайд алдагдсан эд зүйлийг хохирогч Ц.Ууганбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, гэрч П.Булган, Б.Ганбаатар, Л.Ариунзул нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бадамсэрээжидийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэлгүй гэх лавлагаа, хохирогч Ц.Ууганбаярын гаргасан хүсэлт, шүүгдэгч Ц.Бадамсэрээжидийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бадамсэрээжидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

Шүүгдэгч Ц.Бадамсэрээжидэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Бадамсэрээжидэд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ. 

              

Хохирогч Ц.Ууганбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.Бадамсэрээжид нь бусдад төлөх төлбөргүй болох нь

     Хохирогч Ц.Ууганбаярын шүүхэд ирүүлсэн Миний бие Ц.Ууганбаяр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын 3-41 тоот хашаа, байшин амбаараас металь хайгч, цахилгаан тоолуур, ДДИШ-ийн дуран, түлээний мод алдагдсанаас Ц.Бадамсэрээжид нь металь хайгч, цахилгаан тоолуурыг буцаан өгч, ДДИШ-ийн дуран, түлээний модны хохирол 50.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан тул Ц.Бадамсэрээжидээс нэхэмжлэх гомдол санал байхгүй, миний бие ажилтай учир шүүх хуралд суух боломжгүй байна гэх хүсэлтээр нотлогдож байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 53 см урттай арматур төмөр 1 ширхэг, ABFCS  гэсэн бичиг бүхий улаан өнгийн гадартай, хар өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Бадамсэрээжидийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 14 инчийн хар өнгийн телевизор 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий нэргүй, цагаан өнгийн 1 хаалгатай орос хөргөгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошива маркийн цэнхэр өнгийн тагтай саарал өнгийн будаа агшаагч 1 ширхэгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

    

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

 

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэдэнгалсангийн Бадамсэрээжидийг бусдын эд хөрөнгөнд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэдэнгалсангийн Бадамсэрээжийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Бадамсэрээжидэд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Бадамсэрээжидэд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Бадамсэрээжидэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бадамсэрээжид нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 53 см урттай арматур төмөр 1 ширхэг, ABFCS  гэсэн бичиг бүхий улаан өнгийн гадартай, хар өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Бадамсэрээжидийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 14 инчийн хар өнгийн телевизор 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий нэргүй, цагаан өнгийн 1 хаалгатай орос хөргөгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошива маркийн цэнхэр өнгийн тагтай саарал өнгийн будаа агшаагч 1 ширхэгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг эд хөрөнгийг эзэмшигч Ц.Бадамсэрээжидэд буцаан олгосугай.

9. Шүүгдэгч Ц.Бадамсэрээжид нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Бадамсэрээжидэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ