| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0164/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/172 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт иргэн М.Бийн эзэмшлийн ...улсын дугаартай Киа бонго маркийн автомашины эд зүйлийг санаатай гэмтээж 575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М ах гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд Бийг айлгатал явган зугтаагаад явчихсан. Тэр хооронд би унаж явсан Бонго 3 маркийн цэнхэр өнгийн ачааны автомашиных нь 2 толь, урд талын салхины шил, баруун талын хаалганы том цонх, жижиг цонх зэргийг цохиж хагалсан, зүүн талын хаалгыг чулуугаар 3 удаа цохиж гэмтээсэн юм... уур хүрсэндээ тийм үйлдэл хийсэн юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23- 24 дүгээр хуудас/
Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед найз Б, М нарын хамт өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай цэнхэр өнгийн Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Иххэт сумын төвөөс хөдөө рүү явцгаасан... М гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд ална гээд байхаар нь би айсандаа машинаа хаяад явган зугтаачихсан. Тэгээд сумын төв дээр ирээд цагдаа дагуулаад буцаад очтол миний машины цонх хаалга зэргийг цохиод гэмтээчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/
Гэрч Н.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бэ зугтаагаад явсан, тэгээд Б намайг өмөөрч Бийн машины цонх хүний нүүр хоёр адилхан гээд цонхийг нь хагалаад байсан... Б юугаар хагалсан талаар би мэдэхгүй байна, гартаа юм барьчихсан байсан, мөн уг машины урд салхины шил, жолоочийн эсрэг талын хаалганы шил, мөн машины хоёр талын толь болон хоёр талын арын жижиг цонхыг хагалсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 283 дугаартай: “......Киа бонго маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээ 575.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 16 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын сумын 3 дугаар багийн нутагт иргэн М.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Киа бонго маркийн автомашины эд зүйлийг санаатай гэмтээж 575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 575 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б “...хохирогчид 575,000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон...” гэх ба энэ нь хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад Эаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад т өлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА