Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/396

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0374/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогт С.Д-д холбогдох эрүүгийн 2018000000438 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан политехникийн коллежийн гагнуурын 1 жилийн сургалттай ангийн оюутан, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгүүлсэн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, Ё овогт С.Д,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 22:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр Арбатын гудамжны баруун талд шатан дээр сууж байсан иргэн Л.С хажуугаар өнгөрөхдөө газарт байсан Самсунг эс-6, Самсунг галакси А-8 загварын гар утаснуудыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаасан болох нь:

 

Хохирогч Л.С “...би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орой 21:00 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ харих гэж арбатын гудамжны дэлгүүр орж ганц пиво аваад тэрийгээ 15 дугаар сургуулийн өөдөөс харсан газарт ууж байсан юм. Тэгсэн чинь миний гар утсыг хажуугаар өнгөрч явсан нэг залуу булаагаад зугтсан, ...Миний алга болсон гэх утас Самсунг эс-6, Самсунг галакси А-8 маркийн хар өнгийн гар утас байсан юм. Харин Самсунг эс-6 маркийн гар утасны дэлгэц нь хагархай, арын таг байхгүй байсан юм. Би дэлгүүрээс авсан пивоо уух гээд барьж байсан гар утсаа хажуу талдаа тавьчхаад пиво ууж байсан юм. Тэгсэн чинь нэг залуу хажуугаар өнгөрч байхад миний гар утсыг булаагаад зугтсан юм. Надад хүч хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Ш “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай найз Дагва гэх залуу заал авъя гэж дуудсан. Би М Политехник коллежийн урд уулзаад заал авахаар заал руугаа явсан. Заалны үүдэнд очиход хүмүүс заал авч байсан юм. Заал тарахыг хүлээгээд арбатын гудамж орж уух ундаа аваад зааланд ирсэн. Нэг цаг тоглоод ээж залгаад байхаар нь М дагуулаад гэр рүүгээ харьсан. ...би харсан, нэг согтуу ах гудамжинд хоёр утсаа ил тавьчихсан архи ууж байхад бид нар өнгөрөөд явсан. Араас Д  гүйж ирээд зугтаарай гэж хэлэхээр нь бид нар зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.М “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21:00 цагийн үед холбооны заал захиалаад хүлээж байх хооронд Арбатын гудамж орж ундаа аваад буцаж байх замдаа нэг согтуу ах утсаа цементэн шалан дээр тавьсан архи уугаад сууж байсан юм. Бид нар урд нь явж байсан болохоор яаж авсныг мэдэхгүй байна, Д  гар утсыг нь хармаанаасаа гаргаж ирсэн юм. тэгэхээр нь утас авсныг мэдээд хүргэж өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Насанд хүрээгүй гэрч У.Д “...би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21:00 цагийн үед Арбатын гудамж орж ундаа аваад буцаж байх замдаа нэг согтуу ах утсаа цементэн шалан дээр тавьсан архи уугаад сууж байсан. Харин Д  гэх залуу утсыг нь аваад зугтсан юм. Д  гэх залуу ***** гэдэг найзын маань найз. Хоёр хоногийн өмнө танилцсан. Д  авсан гар утсаа зарна гэж хэлээгүй, буцаагаад хүнийг нь олоод өгчихье гэж хэлж байсан. Харин даанч бид нар хайсан боловч олдоогүй. Тус гар утсыг худалдан борлуулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Д “...Тэгээд О, Д хоёр заал орж заалаа захиалаад гарч ирсэн юм. Зааланд тоглох юм чинь ус ундаагаа авъя гэж хэлээд арбатын гудамж руу явсан. Тэгээд ус ундаагаа аваад заал руугаа явж байхад араас Д  гүйж ирээд зугтаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Д  өөрөө хэлэхдээ сая энд сууж байсан ахын гар утсыг булаагаад авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, 

 

Насанд хүрээгүй гэрч Х.О“...Бид нар дэлгүүр ороод ус ундаагаа аваад заал руугаа явж байхад Д  тамхи авна гээд үлдсэн ба Д  араас гүйж ирээд зугтаарай гэж хэлсэн. Бүгдээрээ холбооны заал руу зугтсан юм. Тэгээд байж байсан чинь Д  кармаанаасаа хоёр гар утас гаргаж ирээд сая согтуу ахын гар утас авчихлаа гэж хэлэхээр нь бид бүгдээрээ уурлаад наад гар утсаа хүргэж өг гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Д  гар утсыг өгчхөөд ирье гээд яваад нөгөө хүн байхгүй байна гэж хэлээд эргэж ирсэн. Д  цамцныхаа урд талын карманд хийгээд аваад явсан. Өглөө цагдаа нар ирэхэд Д гийн караманд явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, 

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 31-32/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12/ зэрэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Д нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хууль бус үйлдлээр авсан эд зүйл болох Самсунг эс-6, Самсунг галакси А-8  загварын гар утаснуудыг шүүгдэгчээс хураан авч хохирогч ***** хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч ***** гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа “Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан боловч ял шийтгэлээ эдэлсэн. Иймд хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй, *****нь бүтэн өнчин, эцэг эхгүй ч гэсэн өөрийгөө боловсруулах гэж суралцаж байгаа. Иймээс анги хамт олон дунд нь нийгэмшүүлэх нь зөв гэж үзэж байна, ... ялыг тэнсэж өгнө үү”  гэжээ.

 

Шүүгдэгч С.Д нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж суллагдаж гарсны дараа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэлгүй уг ялын үлдсэн хугацааг хорих ялаар сольсон байна.

 

Шүүгдэгч нь өмнө хорих, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан боловч үүндээ дүгнэлт хийгээгүй байх ба дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Хэдийгээр өмнө ял шийтгүүлж уг ялаа эдэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй боловч өмнө 2 удаа ял шийтгүүлсэн, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй нь ял оногдуулахыг тэнсэх эсэхийг шийдвэрлэх шүүгдэгчийн хувийн байдлын гол шалгуур болно.

 

Иймд шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Д нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ё овогт С.Д-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Д-н энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД