Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох эрүүгийн 2107000000044 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, *******ийн ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* Энгэршандын 7 дугаар гудамжны 1а тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******тэй маргалдан улмаар боорцог хийх зориулалт бүхий төмөр шүүрээр хохирогч Г.*******ийн дал мөр орчим руу нь 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь нуруу, баруун мөрөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд байшин дээгүүр чулуу даваад ороод ирсэн, машины хамар луу. Тэрнээс болсон хэрэг. Тэгэхэд хажуу айлын хүүхэд чулуу шидсэн байсан, байнга давж орж ирдэг л дээ. Манай хүүхэд хажуу айлын хүүхэд энд байна гэж хэлсэн. Тэрний дараа манай хүүхэд хажуу айлын хүүхдийг алгадчихсан юм шиг байна лээ. Тэгээд эгч нь орж ирээд манай авгайтай хоорондоо маргалдаад зодолдсон. Тэр үед би хуушуур хайраад сууж байсан.Нөгөө хүүхэн нөхөртэйгөө орж ирчхээд манай эхнэртэй үсдэлцээд зодолдоод байсан. Тэгээд манай эхнэр орж ирээд чи намайг салгахгүй яасан юм бэ? хажуу айлын хүүхнийг шаасан юм уу гээд 2 хүүхдийн хажууд намайг доромжилсон. Тэгэхээр нь би хуушуур хайраад дууссан боорцгийнхоо шүүрээр дал руу нь хоёр удаа цохисон нь үнэн. Өөр юм байхгүй.” гэв.

Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим байшин дээгүүр чулуу давж орж ирээд машины хамар цохисон. Тэгээд дөрвүүлээ байж байхад манай хүү гарсан. Тэгээд орж ирэхээр нь асуухад хажуу айлын хүүхэд чулуу шидсэн байсан. Гадаа юу болсон талаар мэдэхгүй. Тэгээд ээж нь шууд хашаа давж орж ирээд манай хүүхэд рүү дайраад байхаар нэгт коронатай үед хоёрт маскгүй байна гээд хэлсэн чинь намайг шууд үсдээд цохиод авсан. Тэгээд бид хоёр таамбарт ноцолдож байхад манай нөхөр намайг өмөөрөөгүй, салгаагүй гээд би уурлаад нөхөртөө чи энэ хүүхнийг шаадаг юм уу гээд хэлсэн чинь манай нөхөр хоёр дал мөр лүү цохисон. Тэгээд би цагдаа дуудсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Баттулгын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ амраад 16 цагийн үед байх манай эхнэр хуушуур хийгээд байж байтал гэнэт байшингийн дээвэр түс хийтэл дуугарахаар нь гүйгээд гартал хүн байхгүй, манай хүү Б.******* хэн юм шидэв гээд хашааны ар талаар даваад гараад явахаар нь буцаад гэртээ орж ирээд хоолоо хийгээд сууж байтал манай хүү орж ирээд юм дуугаралгүй чимээгүй л суусан. Бид нар ч юу болсон талаар асуугаагүй байж байтал манай гудамжны зүс мэдэх эмэгтэй орж ирээд “танай хүү чинь манай дүүг загналаа барилаа” гээд уурлахад манай эхнэр “танай дүү чинь манай байшин руу чулуу шидсэн” гээд хоорондоо маргалдаад хоорондоо үсдэлцээд авахаар нь би гялс очоод голоор нь ороод салгаад гаргаад явуулаад буцаад гэртээ ороод иртэл манай эхнэр над руу дайраад “чи муу банзал пизда, энэ хүүхнийг шаасан юм уу, намайг өмөөрсөнгүй” гээд дайрахаар нь миний уур хүрээд тухайн үед яг хуушуур гаргах гээд боорцогны төмөр шүүр бариад зогсож байсан тэрүүгээр эхнэрийнхээ ар нуруу руу 2 удаа цохисон. Тэгсэн чинь л шууд цагдаа дуудаад удалгүй ирээд хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 36-37 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.*******ийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үөд байх гэртээ хоолоо хийгээд сууж байтал байшингийн дээвэр дээр тас хийтэл юм ирээд онохоор хүүхэд юм шидчихлээ гээд гараад хартал хүн байхгүй манай том хүү Б.******* хүүхдийг нь хайгаад явсан. Ингээд удалгүй буцаж орж ирээд “хажуу айлын Шагай байсан байна” гэхээр нь би “чи сайн хэлэв үү” гэж хэлэхэд “хэллээ” гэж хэлээд сууж байтал хажуу айлын эмэгтэй нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай гэрт орж ирээд үгийн зөрүүгүй шууд манай дүүг загналаа гээд дайрахаар нь би “миний дүү чи ингэж болохгүй, чиний томордог газар биш, эв эеээр ярь, чи залуу хүүхэд байж, манай хашаанд машин тэрэг байна энийг оносон бол чи л өрөнд орно” гэж хэлээд бид 2 хоорондоо хэрэлдээд тэр эмэгтэй намайг үстээд авахаар нь би зөрүүлээд үстээд авахад манай нөхөр ирээд салгасан. Тэгээд хажуу айлын эмэгтэйтэй учраа олоод гарч яваад нөхөр бид 2 гэртээ ороод би нөхөртөө жоохон уурлаад “чи намайг өмөөрсөнгүй” гэхэд дургүйцээд нээх дуу муутай байхаар нь би “чи муу энэ хажуу айлын эмэгтэйгийн талд байна, чи энэ эмэгтэйтэй яадаг юм, чи энэ эмэгтэйг шаасан юм уу” гээд хэлсэн чинь манай нөхөр юу яриад байгаа юм гээд уурлаад хуушуур гаргах гээд төмөр тосны шүүр барьсан байснаараа миний ар нуруу, дал руу 2 удаа цохисон. Тэгээд л би шууд цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ч ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний биед учирсан нуруу, баруун мөрөн дэх гэмтлийг манай нөхөр боорцогны тос шүүдэг шүүрээр цохиж учруулсан. Харин баруун бугалга, баруун тохойнд зулгаралт гэмтлийг болохоор би амбаарын тоосгон хана санамсаргүй шүргээд учирсан. Манай нөхөрт бол хамаагүй. Манай нөхөр боорцогны шүүрээр нуруунд 2 удаа л цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5-6 дугаар тал/

 

3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/129 дүгээр: “Г.*******ийн биед нуруу, баруун бугалга, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 21 дүгээр тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/01 дүгээр: “Г.*******ийн биед учирсан нуруу, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

5. Яаралтай тусламжийн хуудас

/хх-ийн 24-25 дугаар тал/

 

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт

/хх-ийн 40-48 дугаар тал/

 

8. Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 52 дугаар тал/

 

9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 60 дугаар тал/,

           

            10. Д.Баттулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-59 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...нотлогдож байх тул шүүгдэгч Д.Баттулгыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох саналыг гаргаж байна. Хохирогч Г.******* шүүгдэгч Д.*******ас хохирол төлбөр нэхэмжлээгүй буюу гомдол саналгүй болсон тул бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Баттулгын гэм бурууг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэглэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдуулах, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж оруулж ирээд байна. Энэ бол зүгээр тохиолдлын шинжтэй, ахуйн маргаанаас үүдэж хохирогч *******д гэмтэл учруулсан гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх буруу юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх саналтай байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж байгаа, хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул ялыг хөнгөрүүлэн 470 нэгжээр торгуулах саналтай байна. Хугацааны хувьд улсын яллагчийн гаргаж байгаа саналтай нэг байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.Баттулгын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* Энгэршандын 7 дугаар гудамжны 1а тоотод байрлах гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Г.*******ийг “чи муу банзал пизда, энэ хүүхнийг шаасан юм уу, намайг өмөөрсөнгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар боорцог хийх зориулалт бүхий төмөр шүүрээр дал мөр орчим руу нь 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь нуруу, баруун мөрөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Д.Баттулгын “...боорцгийнхоо шүүрээр дал руу нь хоёр удаа цохисон нь үнэн.” гэх,

Хохирогч Г.*******ийн “...манай нөхөр хоёр удаа дал мөр лүү цохисон.гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/129 дүгээр: “Г.*******ийн биед нуруу, баруун бугалга, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, №08 шэ/01 дүгээр: “Г.*******ийн биед учирсан нуруу, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Баттулгыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******ийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ