Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0365

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 11 өдөр                    Дугаар 365                                          Улаанбаатар хот

Л.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Л.Б-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үр дүнгийн гэрээ | байгуулан ажиллаж, төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байгаа тул ТЗ-7 ангиллаар цалинжиж ямар нэгэн цол зэрэггүйгээр ажиллаж байсан. Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалаар ажлаас халлаа. Ажлаас халах тушаалдаа тэрээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3,17.6 дахь хэсгүүдийг тус тус заажээ. Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт хэдийгээр өгөөгүй байсан ч хийж байсан албан тушаал минь төрийн захиргааны албан тушаал байсан тул төрийн жинхэнэ албан хаагч гэж өөрийгөө үзэж байна. Хэрвээ сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг үндэслэлээр ажлаас халах байсан юм бол надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах ёстой байсан. Миний бие тухайн ажил үүргийг гүйцэтгээд 7 сар гаран болсны дараа ажлаас дээрх үндэслэлээр халах ёсгүй байсан. Надтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэхээс зайлсхийн дүгнээгүй нь урьдаас төлөвлөн намайг ажлаас халах гэсэн үндэслэл гэж миний бие үзэж байна. Ингээд өөрийгөө төрийн албан хаагч гэж үзэн Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсөн боловч тус зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг баримтлан сонгон шалгаруулалтад ороогүй тул таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн болохоор иргэний шүүхэд хандсан. Гэтэл иргэний шүүхээс ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хэргийн харьяалал зөрчин гаргасан тул хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо, та захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй гэсний дагуу тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалингийн олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн

Л.Б-г 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 300 дугаар тушаалаар намайг чөлөөлөхдөө 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6-д заасан хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус гэж үзэн Л.Б-д холбогдох хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон, миний бие төрийн албаны шалгалтыг тухайн үед хэдийгээр өгөөгүй ч хийж байсан ажил минь төрийн захиргааны албан тушаал тул өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч үзэн байгаа талаар дурджээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэхэмжлэгч Л.Б-гийн ажиллаж байсан, ажил, албан тушаалыг нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг"-т зааснаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтэн-2 гэсэн орон тоотойгоор тус сангийн мэргэжилтэн болох төрийн жинхэнэ албан хаагч нь Эрүүл мэндийн яамны харьяа эрүүл мэндийн байгууллагын төсвийн сар, улирал, жилийн хуваарийн дагуух санхүүжилт, төлбөр тооцооны гүйлгээ, хяналт, төрийн сангийн бүртгэл, тайлан мэдээллээр хангах, төсвийн санхүүжилт, сар улирлын гүйцэтгэл зэргийг хийхээр ажлын байрны үндсэн чиг үүргийг баталсан.

Л.Б-г томилохдоо Сангийн яамны 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 9-2/754 тоот албан бичгийг үндэслэн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр түр гэж 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаал гарган томилон, ТЗ-7 ангиллын 1 дэх шатлалаар тогтоож, цалинжуулахаар томилсон тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн тул 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 300 дугаар тушаалаар 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаалыг Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг хүчингүй болгосон.

Иргэн Л.Б нэхэмжлэлдээ хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан мэтээр дурдсан. Гэтэл Л.Б-ийн ажиллаж байсан, ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны албан хаагч тул Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил үүрэг гүйцэтгүүлэн, цалин хөлс олгох нөхцөл нь тохирохгүй учраас гэрээ байгуулаагүй. Мөн Л.Б нь тухайн үед дээрх албан тушаалд ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн жинхэнэ албан тушаалд авах, ерөнхий шаардлага, төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн байх, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, тангараг өргөсөн, иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх зэрэг шаардлагуудыг хангаагүй байсан.Иймд иргэн Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 18 дугаар зүйлийн 18.1, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх заалтыг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 297 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүй тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн үндэслэх хэсгийн ... төрийн сангийн мэргэжилтнийг  хуулийн дагуу сонгон шалгаруулж авах ... талаар дурдсан байхад Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаалаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Сангийн сайдын дээрх албан бичгийг үндэслэн Л.Б-г тус яамны санхүү, эдийн засгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр түр томилон ТЗ-7 ангиллын 1 дэх шатлалаар цалинжуулсан нь хуульд нийцээгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч энэхүү тушаалыг буруу гаргасан гээд маргасан зүйлгүй бөгөөд Т ажилд авах тушаалыг гаргах эрх бүхий субъект биш бөгөөд ажилд авах тушаал гаргах эрх бүхий субъект бол Төрийн нарийн бичгийн дарга юм. Түүний эрх Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах эрхтэй гэж заасны дагуу тушаал гаргасан болов уу гэж бодож байна. Энэхүү заалтад заавал Төрийн нарийн бичгийн дарга ажилд ажилтан томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчийг томилох ёстой гэсэн зохицуулалт байхгүй байна. Ажилтан гэдэг нэр томьёололд ажил үүрэг гүйцэтгэж байгаа бүх субъектүүд хамаарах болов уу. Тэгээд ч нэхэмжлэгч өөрөө өөртөө тушаал гаргах эрхгүй бөгөөд анх ажилд ороход нь ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаж байна гээд Сангийн яамнаас дээрх албан бичигтэй холбогдуулан зохион байгуулсан сургаалтанд хамрагдаад л тухайн ажил үүргийг гүйцэтгэсэн болно. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “төрийн албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглох гэсэн” хуулийн зохицуулалтад төрийн албаны шалгалт өгөөгүй бол гэсэн зохицуулалт байхгүй, харин ч энэхүү заалтын 16.3-т “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна. Энэ нь төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох гэж заасны дагуу хандахад Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалт өгөөгүй тул та шүүхэд хандах хэрэгтэй гэсэн хариуг өгсөн. Энэ юуг хэлж байна вэ? гэвэл төрийн албаны шалгалт өгөөгүй юм бол Төрийн албаны тухай хуулиар биш, Хөдөлмөрийн тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлэн түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилд авах ёстой байсан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бол хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч ажил үүргээ гүйцэтгээд ирсэн бол хөдөлмөрийн харилцаанд оролцсон гэж үзэх ёстой атал шүүхээс үүнийг харж үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Мөн Төрийн нарийн бичгийн дарга өмнөх даргынхаа шийдвэрийг буруутгаад зөв болгох эрхтэй ч өөрөө тэрээр сонгон шалгаруулалтад ороогүйгээр томилогдсон албан тушаалтан бөгөөд нэхэмжлэгчийг шалгалт өгөөгүй нэрээр ажлаас халах шийдвэр гаргах эрхтэй субъект биш болж таарч байна. Энэ тухай ганцхан баримт сийрүүлэхэд Н.У улс төрийн албан тушаалтан. Тийм атал Төрийн албаны зөвлөлийн ажилд хөндлөнгөөс оролцож, Төрийн нарийн бичгийн даргаараа дур мэдэн А.Эрдэнэтуяа гэгчийг томилчихсонд асуудлын гол нь байна. Уг нь хууль номоор яривал Н.У дээрх томилгоог шууд хийх эрхгүй субъект бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл явуулах ёстой. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэчихсэн Н.У төрийн сайд гэсэн нэрийг урдаа бариад Төрийн албаны зөвлөлийнхний өмнүүр орж шууд томилгоо хийгээд байгаа нь энэ салбар ямар хүнээр удирдуулсан, хир замбараагүй болсон нь харагдаж байна. Хамгийн ноцтой нь дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ , олохгүй гэдэг шиг бүх зүйл нь урвуугаар эргэсэн эрүүл мэндийн салбарт хийгдээд буй энэ мэт томилгооноос болоод бусад томилгоонууд нь хууль бус болчхоод байна. Төрийн албаны зөвлөлөөс А.Эрдэнэтуяаг "Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар баталгаажуулах нь хууль зөрчсөн үйлдэл болох тул баталгаажуулах боломжгүй" гэдгийг, мөн "А.Эрдэнэтуяа нь боловсон хүчний талаар шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй болохыг" тодорхойлж Эрүүл мэндийн яаманд хүргүүлснийг шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн. 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 297 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн боловч 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалаар

 

нэхэмжлэгчид хамааралтай хэсгийг хүчингүй болгосон болохоос халаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өнөөдөр 297 дугаар тушаалыг хүчингүйд тооцсон тушаал байхгүй болно. Эндээс харвал нэхэмжлэгч 2 тушаалаар ажлаасаа халагдаад байна. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалд болохоор 2013 оны 67 дугаар тушаалаас нэхэмжлэгчид хамааралтайг хүчингүй болгосноос 297 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй. Төрийн албаны тухай хуульд урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож болох боловч хүчингүй болоогүй тушаалыг хэрхэх нь тодорхой бус байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага дээр тусгагдсан, тодруулж өгсөн байгаа болно. Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаснаа тодорхой хугацаагаар хойшлууллаа гээд тэгснээ урьд гаргасан тушаалаас нэхэмжлэгчтэй хамааралтай хэсгийг хүчингүй болголоо гээд өнөөдөр орон гаран хүний хийдэг зүйл шиг юм хийгээд байгаа учраас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх дахин дахин хохирсоор байна.

Мөн нэхэмжлэгчийг шалгалт өгөөгүй нэрээр ажлаас халсан юм бол яагаад Төрийн албаны зөвлөлд орон тоо гарлаа гэж захиалгаа өгөлгүйгээр Сонгинохайрхан дүүрэгт зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг гэнэтхэн татаад нэхэмжлэгчийн ажлыг өгөх болсон учир нь, Төрийн нарийн бичгийн дарга тус дүүрэгт ажиллаж байсан бөгөөд төрийн нарийн болонгуутаа тус дүүргийнхнийг тус яаманд татсан байна. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас харагдана. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гээд заагаад өгсөн байхад шүүхээс энэхүү хуулийн зохицуулалтыг авч хэрэглэсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцагч тус хуулийн зүйл заалтыг бариад тушаал шийдвэрээ гаргах ёстой атал тэгсэнгүй. Нэхэмжлэгч Л.Б-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарын бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 297, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалуудаар ажлаас халсан байдаг. Өнөөдөр хүн ганцхан тушаалаар ажлаас халагдах ёстой атал 2 тушаал гаргачхаад чи төрийн албаны шалгалт өгөөгүй гээд сууж болохгүй, хэрвээ тэгэх юм бол шалгалт өгөх нөхцөл боломжоор хангаагүй хүнийг яах ёстой юм бэ? Мөн хуульд төрийн албаны шалгалт өгөөгүй бол халах тухай хуулийн зохицуулалт байхгүй болно.

Иймд тус шүүхээс захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн 243 дугаар шүүхийн шийдвэрт Эрүүл мэндийн яамны Төрийн нарын бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 297, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалыг хүчингүйд тооцон ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилогдож,

 

ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал хариуцагч байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаалаар Л.Б-г тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилжээ.

Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 279 дүгээр тушаалаар Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7, 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг тус тус баримтлан Л.Б-г тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба мөн тус даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар тушаалаар Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2, 9.6.9, 9.9, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6-д заасныг тус тус баримтлан “Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчиж гаргасан” гэсэн үндэслэлээр Л.Бг ажилд томилсон 67 дугаар тушаалын Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Б нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх, 2013 оны 297, 300 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "... миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт хэдийгээр өгөөгүй байсан ч хийж байсан албан тушаал минь төрийн захиргааны албан тушаал байсан тул төрийн жинхэнэ албан хаагч гэж өөрийгөө үзэж байна. Хэрвээ сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг үндэслэлээр ажлаас халах байсан юм бол надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах ёстой байсан” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "... Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага хангасан

 

 

иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.6-д “мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий этгээд шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоол, түүний хавсралт, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Б нь тухайн албан тушаалд томилогдох үедээ төрийн албаны шалгалтад тэнцээгүй байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрын хөгжлийн бодлого, стратегийн хэлтсийн даргын ажлын байранд өрсөлдөн, төрийн албаны шалгалтад тэнцэж, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байдлууд тогтоогдсон,өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Б-г анх тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж томилсон байжээ.

Мөн Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2-т “хууль тогтоомж, ...биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих”, 9.6.9-д зааснаар “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх ...” нь төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хамаарч байх бөгөөд 9.9-д “Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, ... зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, ... хүчингүй болгоно” , гэж зааснаар хууль зөрчсөн тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэсэн Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 300 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.