Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн    

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,  

насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаяр, шүүгдэгч М.Даш, Б.Мягмардорж, Ц.Мөнх-Очир нарын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1851/

шүүгдэгч Н.Лхагвадэлгэрийн өмгөөлөгч Ш.Маам /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1107/

шүүгдэгч Б.Отгонтэнгэрийн өмгөөлөгч Б.Энхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0312/

            иргэдийн төлөөлөгч Б.Чулуунбямба,

хохирогч Д.Мэндхүү,

насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаярын хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэтуяа,

насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаяр, шүүгдэгч М.Даш, Н.Лхагвадэлгэр, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5, 181.3, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхбаатарын Даш, Цэвээн-Очирын Мөнх-Очир, Ганхуягийн Эрдэнэбаяр, Баярсайханы Отгонтэнгэр, Батмөнхийн Мягмардорж, Нямхүүгийн Лхагвадэлгэр нарт холбогдох 201519000737 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч М.Дашийн биеийн байцаалт

      Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 2-237 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан,  Тайж овогт Мөнхбаатарын Даш, /РДИЙ90082114/

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Очирын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эмээ, эгч нарын хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг 09-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэвээн-Очирын Мөнх-Очир, /РДНН92010518/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаярын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 17 нас 2 сар 9 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, 3 дүүгийн хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг Баруун дэнжид оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хар Хуурчид овогт Ганхуягийн Эрдэнэбаяр, /РДНН98122014/

 

Шүүгдэгч Б.Отгонтэнгэрийн биеийн байцаалт   

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үндэсний технологийн сургуулийн 2 дугаар курсэд сурдаг, ам бүл-4, аав, ээж, эгч нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярсайханы Отгонтэнгэр, /РДНН97102715/

 

Шүүгдэгч Б.Мягмардоржийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монголын Үндэсний их сургуулийн Хууль эрх зүйн 2 дугаар курсэд сурдаг, ам бүл-6, аав, ээж, ах, эгч нарын хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 2 дугаар хороо 3-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батмөнхийн Мягмардорж, /РДНН97122310/

 

Шүүгдэгч Н.Лхагвадэлгэрийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа малчин, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багт Агьт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бэсүүд овогт Нямхүүгийн Лхагвадэлгэр, /РДДР90013114/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Лхагвадэлгэр нь шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумын чиглэлд 83-72 УБЗ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Ятуут уулаас Мануулт уул руу явах орон нутгийн шороон замд хажуугаар нь зөрсөн 33-86 УНК улсын дугаартай Ланз круйзер маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэн зогсоож, улмаар согтуу М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нартай бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Батжаргал, Д.Мэндхүү нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан, танхайрах явцдаа шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Д.Мэндхүүг цохихыг завдсан,

Мөн шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир нар нь дээр гэмт хэрэгт насанд хүрээгүй буюу 17 настай Б.Мягмардорж, 16 настай, Г.Эрдэнэбаяр нарыг сэтгэлийн хөөрөлд оруулж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Даш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би чулуу барьсан гэдгээ санахгүй байна. Чулуугаар цохих санаа байгаагүй гэв.

 

Шүүгдэгч Б.Отгонтэнгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Мягмардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Лхагвадэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.Мэндхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Заамар сум руу хамаатны ах болох Батжаргалтай явж байсан. Тухайн өдөр нэг машин замын хажууд замаа чөлөөлөн зогсож байсан ба хажуугаар нь өнгөрөхдөө дохио өгөөд өнгөрөх гэтэл яг хажууд зэрэгцээд хөдөлсөн. Тэгээд явж байтал нөгөө машин араас гэрлээрээ дохиод байхаар нь юм асуух гэж байна гэж бодоод замаа чөлөөлөөд зогстол арын машинаас нэг хүн бууж ирсэн. Тэгээд Батжаргал ах цонхоо онгойлгоод сайн байна уу гэтэл шүүгдэгч Эрдэнэбаяр жолоочийн цонхоор шууд цохисон. Яаж байгаа юм бэ гэтэл үгийн зөрүүгүй тал талаас цохисон. Батжаргал ах ямар шалтгаантай цохиод байгаа болохыг асуутал юу ч хэлээгүй. Би Дашаас асуутал хариу өгөөгүй. Нүүр, нүд рүү цохиод байхаар нь гараараа нүүрээ дарж хамгаалаад яг хэн, хэн нь яаж цохисон болохыг мэдэхгүй байна. Нүдээ нээгээд хартал Батжаргал ахыг 20-30 метрийн зайнд чирчихсэн, Даш намайг босгосон. Тэр хооронд бүгд машин руугаа явцгаасан байсан. Би Батжаргал ах дээр очтол таталт өгчихсөн байхаар нь та нар хүн алчихлаа гэж хэлтэл эргэж ирээд намайг ямар их юм ярьдаг юм бэ гээд намайг цохисон. Намайг зодож байхад нь би эргэж хартал Эрдэнэбаяр намайг чулуугаар цохих гэж байхад Лхагвадорж боль гээд чулууг нь авч хаяж болиулсан. Хохирлын хувьд миний гар утас, гинж, шил байхгүй болсон. Батжаргал ахын курткеных нь халаасанд байсан 100.000 төгрөгийг авсан байсан. Мөн өөр мөнгө байсан гэсэн. Батжаргал ах бид 2 юун хүмүүс болохыг харах гээд араас нь очтол уул руу явсан байсан. Машиных нь дугаарыг харах гэтэл бүгд машинаа зогсоод бууж ирээд өөдөөс чулуу шидээд байсан. Миний нэхэмжилсэн хохирол 700.000 гаруй төгрөг болсон боловч үнэлгээгээр 190.000 төгрөг хасагдсан. Хохирлын мөнгөө төлж барагдуулсан. Миний хувьд гомдолтой байгаа. Бие махбодь, сэтгэл санаанаагаар хохирсон. Гомдолтой байна гэв.

 

Мөн хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-8 дугаар хуудас/

 

 Хохирогч  Г.Батжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ  Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос хувийн ажлаар Төв аймгийн Заамар сум руу 33-86 УНК улсын дугаартай Ланд-крузер маркийн машинтай хамаатны дүү Мэндхүүгийн хамтаар Угтаал Цайдам сумын Ятуут Уул гэдэг газрыг өнгөрөөд 17 цаг орчимд явж байхад урд зогсож байсан хар хөх өнгийн суудлын Ниссан санни маркын УБЗ 83-72 улсын дугаарын машин замаас гарсан зогсож байгаад гэнэт зам руу дарж хөдлөхөөр нь хажуугаар нь сигналдаад түрүүлээд явсан. Тэгтэл тэр машин ардаас гэрлээрээ дохиод 10 орчим км газар дагаж явсан. Сүүлдээ аваарын гэрлээ татаж гэрлээрээ дохиод байхаар нь би замын баруун гар тал руу шахаад зогссон чинь тэр машин урд ирж машин хааж зогсоод жолооч талын арын хаалганаас нэг залуу түрүүлж бууж ирээд нөгөө талаас болон бусад хаалганаас нийт 6 залуу бууж ирсэн. Над руу эхлээд нэг залуу нь ирэхээр нь цонхоо онгойлгоод сайн байна уу гэсэн чинь миний хамар луу цохьж хамарнаас цус гаргасан тэр залуу хаалганы централ дарж бүх хаалгыг онгойлгосон тэгтэл манай дүүгийн суусан хаалгыг 2 залуу очиж онгойлгож машинаас татаж буулгаад зодоод байсан. Анх намайг ирж цохиж хаалга онгойлгосон залуу надыг 3-4 удаа цохиж машины түлхүүр авах гэж нилээд ноцолдсон тэрний дараа ахиад нэг өндөр залуу ирж надыг зүүн талын шанаа руу гараараа 2-3 удаа цохиж 2 мөргөсөн. Тэгээд намайг анх цохисон, өндөр залуу машинаас намайг чирч буулгах гэж ноцолдсон. Тэгтэл миний баруун хаалгаар нэг залуу орж ирж өшиглөж би аргагүй эрхэнд рульээ тавиад машинаас буусан. Намайг машинаас буулгаж байгаад газар унагааж тал талаас өшиглөж зодсон. Би куртекээ толгой дээгүүр нөмрөөд хэвтсэн байсан. Тэгээд машинаас хойш хэсэг чирч явсан тэнд бас нэлээн хэдүүлээ зодсон нэг сонсоход алив би өшиглөе гэж байгаад л өшиглөөд байсан. Дүү машины баруун талд зодуулсан газартаа хэвтэж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй тэр хооронд түр ухаан балартсан юм шиг байгаад нэг сэрэхэд тэр хүмүүс явсан миний хажууд дүү ирчихсэн сууж байсан. Тэгээд сэргээд дүү Мэндхүүгээс нөгөө хүмүүс хаачсан гэж асуухад 5-6 минутын өмнө хүмүүс яваад өгсөн гэж хэлсэн. Тэд нарын хажуугаар гарахдаа сигналдахад дургүй нь хүрсэн үү, гэрлээрээ дохиод байхад нь зогсоогүй гэж зодсон уу тэгж л бодож байна. Мөн эхэлж цохисон залуу нь сүүлд газар унасны дараа дээрээс ирж өшиглөж дэвсэж зодохдоо чиний том машинтай нь тэндээ байдаг юм байгаа биз гээд байсан. Тэр нь юу гэсэн үг болохыг мэдээгүй. Ямар ч шалтгаангүйгээр утга учиргүй шууд зодсон. Намайг мөргөөд татаж буулгадаг өндөр залууд та нарт юу хэрэгтэй юм бэ мөнгө хэрэгтэй юм уу манай дүүгийн нүүрэн дээрхи оёдлыг задалчихваа гэхэд тэр хүн надаа юу ч хэлээгүй.... гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/

 

 Хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Хохирогч Г.Батжаргалаар таньж олуулах ажиллагаа хийлгүүлсэн /ХХ-ийн 39-40, 43-44 дүгээр хуудас/

 

 Хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Хохирогч Д.Мэндхүүгээр таньж олуулах ажиллагаа хийлгүүлсэн /ХХ-ийн 37-38, 41-42 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Лхагвадэлгэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сум явахаар зогсож байхад Отгонтэнгэр намайг Нарантуул зах дээр байхад утсаар ярьж ирж суусан. Тэгээд Мөнх-Очир, Даш, Эрдэнэбаяр, Мягмардорж нарыг Саппорогийн гаднаас очиж авсан. Тэгээд хөдөлж Сутай зах дээрээс хүн дайвар авах гээд буусан. Захаас гараад иртэл нөгөө хүмүүс машинд пиво ууж байсан. Тэгээд тэр суусан хүмүүс замд пиво уугаад л яваад байсан. Би яг хэдийг уусаныг нь мэдээгүй. Атар дээр очоод Мөнх-Очир надаас пивоны мөнгө өгчих гэж гуйсаар байгаад 13.000 төгрөг аваад тэр 2,5 литрын 2 пиво авч засмалаас салаад зогсоод 1 пивоо уугаад цааш хөдлөж Ятуут давж уруудаж байтал дахин зогсож 1 пиво ууж дуусаад хөдөлтөл хажуугаар 1 цагаан өнгийн Ланд машин сигналдаад гүйцэж түрүүлээд явсан тэгтэл Даш чи энийг гүйц би зодъё гэж хэлэхэд араас нь Мөнх-Очир чаддаг юм бол нэг гүйцээд ир, зодчих харъя гэсэн тэгтэл Даш надад гэрлээрээ дохь сигналд гүйц наадахаа гэж хэлсэн. Гүйцэхгүй шдээ гэхэд Даш таксинд явдаг хүмүүс замаа мэднэ шдээ гэсэн Мөнх-Очир араас нь энэ таксины зам шдээ гэж хэлсэн. Тэр машины тоосноос гарч аль болох тоосгүй замаар чигээрээ явж тэр машин тойргоор тойроход нь би чигээрээ явж яг ур талд нь гартал Даш миний машины арааг түлхэх гээд байхаар нь сандраад машинаа эвдэчихнэ гэж айгаад машинаа зогсоосон. Зогстол хойно сууж явсан Мөнх-Очир, Эрдэнэбаяр, Отгонтэнгэр, Мягмардорж дөрөв зэрэг буугаад арын нөгөө машин руу очсон. Даш тухайн үед өвөр дээрээ барьж явсан тортоо суудал дээр тавиад буусан би ч машинаа зам чөлөөлөөд араас нь буусан. Би буугаад арын машин дээр очтол Мягмардорж, Эрдэнэбаяр нар жолоочийн эсрэг талд сууж явсан хүнийг газарт унагаагаад хэвтүүлээд дээрээс нь нуруу хэсэг рүү нь өшиглөж байсан би гүйж очоод болиулж салгаад холдуулсан. Тэгээд холдуулчихаад жолоочийн хаалга талаар очиход Даш жолоочийн хаалган талаар жолоочийн гарыг нь барьж зууралдсан, Мөнх-Очир жолоочийн нөгөө талын хаалгаар газарт зогсож биеэрээ суудал тэгнэлдэж түлхүүрийг нь ав гэж Дашид хэлж байсан. Тэгтэл надад Мөнх-Очир машинаа холдуул гэж хэлэхээр нь би машиндаа сууж машинаа жаахан урагшлуулж зогсоосон. 50-60 метр урагшилсан байх. Миний машин тэр үед асаалттай байсан. Машинаас буугаад буцаад нөгөө хэд дээр гүйгээд иртэл жолоочийн хажуу талд сууж явсан залуу нь та нар хүн алчихлаа гэж орилж жолооч дээр нөгөө залуу нь хэвтэж байсан тэр үед хажууд нь Мягмардорж, Эрдэнэбаяр, Даш, Мөнх-Очир, Отгонтэнгэр нар хол зогсож байсан Дашийг би наад хүнээ сэргээгээч гэж хэлсэн чинь Даш тэр хүний дээд уруул дээр нь очиж дарсан тэгтэл Мөнх-Очир машиных нь түлхүүрийг нь авсан байж байгаад Дашид энэ түлхүүр нь гээд өгтөл Даш жолоочийн хажууд сууж явсан залууд машиных нь түлхүүр шүү гэж хэлээд өгсөн. Тэгээд явъя хаяа зугтаая гэж Мөнх-Очир хэлээд машин руу гүйж бүгд машиндаа суугаад би машинаа барьж явцгаасан..... гэх мэдүүлэг /ХХ-ийн 97-98 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Лхагвадэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Би хэн нэгнийг цохиж зодоогүй харин ч зодооныг салгасан. Машинаа зогсоогоод буугаад тэд нар дээр очиход Мягмардорж, Эрдэнэбаяр нар жолоочийн хажуу талын залууг машинаас буулгаад газарт унагаасан дээрээс нь зодож байхаар нь очоод болиочээ гэж салгасан. Тэгэхэд Эрдэнэбаяр гартаа том чулуу барьсан тэр залууг цохих гээд далайж байхад нь би чулууг нь булааж авч хаяаад тэр хоёрыг холдуулаад салгасан. Мөнх-Очир жолоочийн эсрэг талаар цээжээ оруулсан байдалтай Даш жолоочийн хаалган талд жолоочтой зууралдаад байж байсан. Би Дашийг очоод салгатал Мөнх-Очир жолоочийн эсрэг талаас надад машинаа холдуул гэж хэлэхээр нь машинаа холдуулчихаад буцаад гүйгээд ирэхэд жолоочийг машинаас буулгаад машиных нь ард аваачаад зодсон байсан. Хажууд нь Даш, Мягмардорж, Эрдэнэбаяр, Отгонтэнгэр нар бүгд л байсан. Жолооч нь тэгэхэд таталт өгчихлөө гэхээр нь би сандраад наад хүнээ сэрээгээчээ гэхэд Даш хамар дээр нь дарсан. Тэгээд сэрэхээр нь бүгд явцгаая гээд зугтаагаад явцгаасан. Цааш явж байтал нөгөө машин араас ирсэн ба хойно суусан нөгөө хэд машинаа замаас гарга замаа бууруулъя гэж хэлээд замаас гараад зогсоход ард сууж явсан нөгөө хэд бүгдээрээ л номероо тайл гэж хэлэхээр нь Отгонтэнгэр бид хоёр дугаар тайлж авсан. Дугаараа авчихаад цааш явж байхад замд Даш болон нөгөө хэд бүгд л ам нэгтэй энэ хэргийн талаар мэдэхгүй, танихгүй уурхайн хүмүүстэй явсан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд Заамарын төвд нөгөө хэдийг буулгаж би харьсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 99-101 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод Саппоро дээр найз Даш, Эрдэнэбаяр, Мягмардорж бид дөрвийг хүлээж байхад Нарантуул захаас Отгонтэнгэр, Лхагвадэлгэр гэдэг таксины жолоочтой хамт Заамар сум явахаар ирсэн. Жолооч Лхагвадэлгэрийн машины дугуй болохгүй байхаар нь Сутай зах руу дугуйн наклад авахаар орсон тэр хооронд нь хүлээж байхдаа Саппоро дээрээс өмнө 2 том савтай пиво авсан байсныг бид 5 хувааж уусан. Лхавадэлгэрийг гараад ирэхэд уугаад дууссан байсан. Тэгээд явж байгаад хуучин 22 дугаар товчоо Номингийн тэндээс дахиад 2 пиво авч Атар орох зам хүртэл уусан. Атар дээрээс дахин 2 том савтай пиво авч Заамар луу салдаг 119 дүгээр км-ын уулзвараар салж засмалаас гарч зогсож байгаад мөн л Даш, Эрдэнэбаяр, Мягмардорж, Отгонтэнгэр бид нар нөгөө 2 пивоо ууж дуусгасан. Цааш Ятуутын даваа дөнгөж өнгөрч явж байхад бид нарын хажуугаар цагаан өнгийн Ланд 105 маркын машин хажуугаар сигналдаж өнгөрсөн. Тэгтэл Даш Энийг зогсоож байгаад зодох уу гэж наргиж хөгжилдөж байгаад хэлсэн. Тэгэхэд нь чадахгүй байж яах гэсэн юм гэж түүнд хэлсэн тэгэхэд Даш жолооч Лхагвадэлгэрт наад машинаа гүйцэчих гэж хэлсэн. Тэгээд жолооч хурдаа нэмж нөгөө машинд нэлээн дөхөж ирж 2 салаа зам нэг замд уулзахад бид нарын сууж явсан машин нөгөө машины урд гарсан. Тэгээд зогстол арын машин зогссон. Тэгээд машины ард Отгонтэнгэр, Мягмардорж, Эрдэнэбаяр бид 4 сууж явсан бөгөөд Отгонтэнгэр, Мягмардорж, Эрдэнэбаяр нар түрүүлж би араас нь буусан. Эрдэнэбаяр жолооч талын хаалган дээр очсон, Отгонтэнгэр, Мягмардорж нар жолоочийн эсрэг талын хаалган дээр очсон. Жолоочийн эсрэг талын залууг Отгонтэнгэр, Мягмардорж нар машинаас татаж буулгасан. Яг тэр үед араас машинаас Даш, Лхагвадэлгэр нар бууж ирсэн. Эрдэнэбаяр жолооч дээр байхад би жолоочийн эсрэг талын хаалгаар орж машинд суусан Даш жолоочийн талаар цонхон дээр очиж хаалгыг нь онгойлгосон. Тэр үед Эрдэнэбаяр эсрэг талын миний сууж байсан хаалган дээр ирсэн жолоочийн түлхүүрийг Даш авах гээд гарнаас нь давхар барьсан байхад Даш дээр Отгонтэнгэр очиж жолоочийг буулгахаар Даштай хамт татсан дотроос нь би жолоочийг түлхсэн жолооч буусан. Тэгтэл ар талд хүн ухаан алдаж татлаа гэж Даш дуугарахаар нь буугаад очиход хажууд нь Отгонтэнгэр, Мягмардорж, Лхагвадэлгэр, Эрдэнэбаяр, Даш бүгд хажууд нь байсан. Тэд машины ар талд 2-3 метр зайтай байсан. Очтол жолооч таталт өгсөн байсан ба Даш хамарных нь доод талд дарж таталтыг нь болиулсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 102-103 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Мягмардорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг орчим Заамар сум руу явах гээд Даш, Мөнх-Очир, Эрдэнэбаяр бид нарыг Саппоро дээр унаагаа хүлээгээд зогсож байхад Отгонтэнгэр Нарантуул дээрээс унаанд бид нарыг ирж авсан. Жолооч Лхагвадэлгэртэй хамт ирж нэг хүний 20,000 төгрөгөөр таксидсан. Бид тэгэхэд Саппорогийн арын дэлгүүрээс Эрдэнэбаяр бид хоёр миний мөнгөөр 2 том пиво авч машинд суугаад Сутай Буянт техникийн захаас жолооч юм авах гээд гадаа зогсох хооронд авсан 2 пивоо тавуулаа хувааж уусан. Цааш Номин супермаркетын гадаа зогсож Отгонтэнгэр, Эрдэнэбаяр орж дахин хоёр том 2.5 литрын Нийслэл пиво авсан. Тэрийгээ явах замдаа ууж дуусгаад Атар дээр очсон. Атарын замын хажуугын дэлгүүрээс Лхагвадэлгэр ах, Мөнх-Очир 2 бууж 2 том Нийслэл пиво аваад цаашаагаа явж Заамар луу төв замаас салж зогсож байгаад 2 пивоо уусан. Тэгэхэд эхлээд 1 пивоо уусан цаашаа явах замдаа нөгөө пивоо уусан. Угтаалын Ятуут, Мануулт хоёрын хооронд явж байхад бид нарын хажуугаар цагаан өнгийн жип машин хажуугаар сигналдаж гүйцэж түрүүлсэн тэгэхэд яг юу ярьж байсныг анзаарч сонсоогүй тэр машиныг гүйцэж түрүүлж урдуур нь орж зогсоосон. Тэр үед ар талд нь сууж явсан Отгонтэнгэр, Мөнх-Очир, Эрдэнэбаяр бид нар буугаад би шууд жолоочийн хажуугийн залуу дээр очиж хаалгыг нь онгойлгож татаж буулгасан. Тэгэхэд Отгонтэнгэр тэр хүний хэвлий хэсэгт нь өшиглөж унагаасан, уначихсан байхад нь би дээрээс нь Эрдэнэбаяртай нийлж 2-3 удаа дэвссэн. Эхлээд Лхагвадэлгэр ах бид хоёрыг ирж салгасан. Тэгээд байж байтал жолооч машинаасаа 10 метрын зайд газарт хэвтэж байсан. Тэр хүн дээр Эрдэнэбаяр бид хоёр очиж хэд дээрээс нь дэвссэн чинь өмнөх зодсон залууг Даш ах сугадаж жолооч ахын хажууд авчирсан тэр үед жолооч таталт өгсөн байхад нь Даш ах тэр хүний хамрын хонхорхой дээр нь дарж сэрээсэн. Тэгж байтал цаанаас машин ирж таарч бид нар бүгдээрээ машин руугаа явж машиндаа сууцгаагаад хөдөлсөн... гэх мэдүүлэг /ХХ-ийн 108-110 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум руу тэмцээнд орохоор Даш, Мөнх-Очир, Мягмардорж, Отгонтэнгэр нарын хамтаар Лхагвадэлгэр гэж залуугын машинд сууж таксидаж 14 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос гарсан. Явах замдаа Улаанбаатар хотоос Мягмардорж 2.5 литрын савтай 2 ширхэг пиво авсныг Сутай техникийн захын гадаа зогсож байхад машин дотроо Даш, Мөнх-Очир, Отгонтэнгэр, Мягмардорж бид 5 хувааж уусан. Жолооч хүнтэй уулзаж захаас юм авахаар буусан байсан. Тэгээд цааш хөдлөөд Номин супер маркет дээр зогсож мөнгөө нийлүүлж байгаад дахин 2 савтай 2.5 литрийн Нийслэл пиво аваад цааш Атар орох замдаа ууж дуусгасан. Атар дээр очоод дахин 2 том савтай пиво нэг нь авсан. Цааш засмал замаас салж зогсоод нөгөө авсан 2 пивийг жолоочтой 6-уулаа хувааж уусан. Цаашаа хөдлөөд Ятуут уул өнгөрч явахад хажуугаар цагаан өнгийн Ланд-105 маркийн машин бид нарыг шахаад гарсан тэгэнгүүт наадах чинь яагаад шахаад байгаа нь гэсэн Даш яаж хүн зоддогийг харах уу гэж хэлтэл Мөнх-Очир хажуунаас чамайг яаж хүн зоддогийг харъя гэж хэлсэн. Даш  Лхагвадэлгэрт наад машинаа зогсоочих гэж хэлсэн. Тэгээд тэр машины араас давхиж нөгөө машин тойрч манай машин шулуун явж тэр машины урд очиж зогссон. Хойно сууж явсан Отгонтэнгэр, Мягмардорж, Мөнх-Очир бид дөрөв сууж байсан түрүүлж буугаад, жолоочийн хаалган дээр би очиход машины шилээ буулгасан, нөгөө хаалган дээр Отгонтэнгэр, Мягмардорж 2 очиж хаалгыг нь онгойлгож хажууд нь сууж явсан хүнийг татаад буулгахад тэр хүн унасан би очиж дээрээс нь Мягмардорж бид 2 өшиглөсөн. Даш ирж бид хоёрыг салгаж болиулсан. Тэгэхэд машины хойд талд жолооч унасан хэвтэж байсан. Бид хоёрыг яваад очиход жолооч таталт өгсөн. Таталт өгсөн жолоочийг Даш хамар дээр нь дарж зүгээр болгосон. Даш жолоочийн хажууд суусан хүнийг жолоочийн хажууд авчираад Даш машиных нь түлхүүрийг хажуу талд нь сууж явсан хүнд өгч байгаа харагдсан.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 114-116 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Отгонтэнгэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс Төв аймгийн Заамар сум явах таксинд суусан. Жолооч нь Лхагвадэлгэр гэдэг жолооч Ниссан Санни машин байсан. Тэндээсээ хөдлөөд Саппоро явсан. Саппоро дээр очоод хамт явах Даш, Мягмардорж, Эрдэнэбаяр, Мөнх-Очир нарыг авсан бөгөөд машинд хоёр том 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво байсан. Тэнд машин болохоо байгаад Сутай Буянт зах явж очоод жолооч сэлбэг авахаар орсон хооронд нь Даш, Мягмардорж, Эрдэнэбаяр Мөнх-Очир бид нар нөгөө хоёр пивийг хувааж уусан. Би пивоноос 2-3 аягийг уугаад бөөлжсөн. Тэндээ нөгөө 2 пивоо ууж дууссаны дараа жолооч ирж Номин худалдааны төв орсон. Тэндээс дахиад 2 том Нийслэл пивийг Мягмардорж бид 2 авсан. Тэрийгээ цааш Атар орох замдаа машин дотроо уусан. Атар дээр очоод дахин хоёр том пиво Мөнх-Очир авсан. Тэгээд цааш явж байтал жолооч надаа пиво өгөхгүй юм уу гэхээр нь Даш засмалаас гараад ууя гэж хэлсэн. Заамар салдаг шороон зам руу орж зогсоод нөгөө 2 пивийг хувааж 6-уулаа уусан. Ууж дуусаад цааш хөдлөөд Ятуутын тэнд явж байхад хажуугаар Ланд-105 маркийн машин сигналдаад өнгөрсөн. Тэгтэл Даш  Ланд машин унасан гэхээрээ ийм байдаг юм уу гүйцэж түрүүл, зогсоож зодъё гэж жолоочид хэлсэн. Тэгэхэд Мөнх-Очир ах Дашид чи чадахгүй байж худлаа яриад гэж хэлсэн. Тэгээд бид хэд хоорондоо юм яриад явж байхад нөгөө урд явсан машины араас явсаар байгаад төв замаар нь орж нөгөө машины урд нь гарсан. Тэгээд тэр машины урд нь зогсоод бөөнөөрөө тэр хүмүүсийг айлгая гэж ярилцаад буусан. Эрдэнэбаяр эхлээд араас нь Мягмардорж бид хоёр буусан. Жолооч дээр хамгийн түрүүнд Эрдэнэбаяр очоод Мягмардорж бид хоёр жолоочийн эсрэг талын хүн дээр очсон. Би машинаас цааш явж дотор муухай оргиж бөөлжсөн. Тэгтэл хүн татлаа ухаан алдлаа гэх дуу сонсогдохоор нь очоод хартал таталт өгсөн гэх жолоочоос 2 метрын зайд Мөнх-Очир, Даш, Мягмардорж гурав машины хажууд зогсож байсан. Тэгэхэд Даш ах тэр хүнээс уучлаарай гэж уучлалт гуйж байсан. Тэгээд бөөнөөрөө явцгаая гээд явж машиндаа суугаад цааш явж Заамар орж эгчийндээ буусан....гэх мэдүүлэг /ХХ-ийн 120-121 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч М.Даш мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд Мягмардорж, Эрдэнэбаяр нарын хамт байхад Отгонтэнгэр, жолооч Лхагвадэлгэрийн хамтаар Ниссан санни маркийн хөх өнгийн машинтай ирсэн. Бид нар Төв аймгийн Заамар суманд тэмцээнд орох зорилготой явсан юм. Саппороогоос 13 цаг 30 минутын орчимд хөдөлсөн тэндээс хөдлөхөд хоёр пиво Эрдэнэбаяр, Мягмардорж нар авсан байсан ба Сутай техникийн зах руу жолооч орсон байх хооронд нь нөгөө хоёр пивоо жолоочоос бусад нь хувааж уусан. Тэндээс хөдлөөд нэлээн явж байгаад Номингоос дахин хоёр пиво авсан. Тэгээд хөдлөөд замдаа уугаад явж байгаад Атар дээр зогссон. Тэнд Баяраа гэж таньдаг хүнтэйгээ тааралдаад машинд суугаад хөдөлсөн. Мөнх-Очир, Лхагвадэлгэр нар хоёр пиво авсан байсан. Цааш явж байгаад Лүнгийн наахан талаар төв замаас салаад шороон зам руу ороод пивоо ууж дуусгаад хөдөлсөн. Ятуут өнгөрөөд цагаан худгийн хажуугаар гарч явтал цагаан саарал өнгийн Ланд крузер машин хажуугаар сигналдаад гүйцэж түрүүлсэн. Тэр үед Лхагвадэлгэр машинаа бариад, би жолоочийн хажууд, миний ард Мөнх-Очир, түүний баруун талд Эрдэнэбаяр, баруун талд Мягмардорж, баруун хаалган талд захад Отгонтэнгэр сууж явсан. Тэр машиныг харчихаад би энэ Ландтай гэхээрээ ингэж явдаг юмуу зодчих уу гэж хэлсэн. Тэгсэн Мөнх-Очир хойноос чадахгүй байж худлаа яриад гэж хэлснээ тэр жолоочид урд нь ороод зогсчих гэж хэлсэн. Тэгээд цааш нь бид нар инээж хөөрөөд явж байсан. Тэгэхэд зам хоёр салсан урд явж байсан Ланд тойруугаар өнгөрсөн бид хэд чигээрээ явсан замаар явсан хоёр зам нийлэхэд бид нар урд нь орж таарсан. Тэгээд яг урд нь ороод зогсохын алдад би гүйцэчихлээ шдээ гэж хэлээд зогссон. Хойд суудалд сууж явсан 4 түрүүлээд машинаас буусан би өвөр дээрээ торт тавьж явсанаа хажуу тийш нь тавиад жолооч бид хоёр машинаас буусан. Би машин дээр очиход жолоочийн талын хаалга онгойсон шилээ тал буулгасан байдалтай байсан. Би очоод машинаа асаагаад явчих байх гэж бодоод жолоочийн түлхүүр дээрээ гар тавьсан байхаар нь тэр гарнаас нь татаж ноцолдсон. Тэгтэл хажуу талаас Мөнх-Очир, Отгонтэнгэр нар ирээд жолоочийг машинаас татаад Мөнх-Очир хажуу талаас нь түлхээд буулгасан. Яг тэр үед Лхагвадэлгэр над дээр ирээд болио Дашаа болио хөгшөөн гэж хэлсэн. Тэгээд би машины хойгуур тойроод жолоочийн баруун талд сууж явсан хүн дээр очиход тэр залуу газарт хэвтсэн байдалтай, Лхагвадэлгэр надаас түрүүлж очоод Эрдэнэбаяр, Мягмардорж хоёрыг салгасан байдалтай байсан. Би очоод тэр залуугийн зүүн суга руу гараа хийж өргөж босгосон. Тэгээд эргээд хартал машинаас хойш 6 метр орчим зайд нөгөө жолоочийн хажууд Лхагвадэлгэр, Эрдэнэбаяр, Отгонтэнгэр, Мягмардорж нар зайтай зогсож байсан. Тэгээд би жолоочийн хажууд суусан байсан хүнийг сугадаад жолооч дээр хамт очсон. Тэгээд яг хажууд нь очиход жолооч таталт өгсөн. Жолоочийн хажууд явсан залуу доошоо суугаад жолоочийн толгойг тэвэрсэн Лхагвадэлгэр Дашаа наадахаа сэрээгээчээ гэж хэлсэн. Тэгээд би тэр жолоочийн хамрын доод хэсэгт дарж сэрээсэн. Тэр үед Мөнх-Очир над дээр ирж машины түлхүүр надад өгсөн түлхүүрийг жолоочийн хажууд сууж явсан залууд машины түлхүүр өгсөн. Би жолооч болон нөгөө залуу хоёрт одоо ингээд гайгүй юу явж чадах уу уучлаарай гэж хэлсэн. Тэгээд цааш машиндаа суугаад явцгаасан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Лхагвадэлгэр нь шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумын чиглэлд 83-72 УБЗ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Ятуут уулаас Мануулт уул руу явах орон нутгийн шороон замд хажуугаар нь зөрсөн 33-86 УНК улсын дугаартай Ланз круйзер маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэн зогсоож, улмаар шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нар нь согтуугаар бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Батжаргал, Д.Мэндхүү нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан, танхайрах явцдаа шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрах явдцаа хохирогч Д.Мэндхүүг цохихыг завдсан,

          Мөн шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир нар нь дээр гэмт хэрэгт насанд хүрээгүй буюу 17 настай Б.Мягмардорж, 16 настай, Г.Эрдэнэбаяр нарыг сэтгэлийн хөөрөлд оруулж буюу бусад аргаар гэмт хэрэг үйлдэхдээ татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Батжаргал, Д.Мэндхүү нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч М.Үүрийнтуяа, Ж.Эрдэнэчимэг, Ч.Бүдсүрэн, С.Энхнаран, Н.Долгорсүрэн, О.Мөнхтөгс, С.Дуламсүрэн, С.Ганхуяг, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16120 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16119 тоот дүгнэлт, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Даш, Н.Лхагвадэлгэр, Г.Эрдэнэбаяр, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нар мөрдөн байцаалтанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Г.Эрдэнэбаярын нас тоолсон тэмдэглэл, шүүгдэгч М.Даш, Н.Лхагвадэлгэр, Г.Эрдэнэбаяр, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нарыг ял шалгах хуудас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар М.Даш, Г.Эрдэнэбаяр, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар М.Даш, Ц.Мөнх-Очир мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбаяр  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг, мөн түүнчлэн бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан нь хүнд гэмт хэргийн ангилалад багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавьж дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаяр, шүүгдэгч М.Даш, Н.Лхагвадэлгэр, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.7 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, 56.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэгт татан оролцуулсан зэрэг нөхцөл байдлуудыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр нарт оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь тэдний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс туссгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл хорих ялыг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Г.Эрдэнэбаярыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан үзээд шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт Н.Лхагвадэлгэрийн эзэмшлийн 83-72 УНЗ улсын дугаартай Ниссан Санни тээврийн хэрэглийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299, 364.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

  1. Шүүгдэгч Тайж овогт Мөнхбаатарын Дашийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах,

Мөн бүлэглэн бусдыг илтгэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

            Шүүгдэгч Боржигон овогт Цэвээн-Очирын Мөнх-Очирыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах,

Мөн бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

            Шүүгдэгч Хар хуурчид овогт Ганхуягийн Эрдэнэбаярыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн танхайрахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн

            Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Мягмардоржийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

            Шүүгдэгч Бэсүүд овогт Нямхүүгийн Лхагвадэлгэрийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан бүлэгдэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,

            Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Отгонтэнгэрийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Мөнхбаатарын Дашийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Эрдэнэбаярыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэвээн-Очирын Мөнх-Очирыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

Мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баярсайханы Отгонтэнгэрийг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батмөнхийн Мягмардоржийг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвадэлгэрт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дашд хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Ц.Мөнх-Очирын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Г.Эрдэнэбаярын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Даш, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр, Ц.Мөнх-Очир нарт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.8 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Эрдэнэбаярын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбаярт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр нарт оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9. Энэ хэрэгт Н.Лхагвадэлгэрийн эзэмшлийн 83-72 УНЗ улсын дугаартай Ниссан Санни тээврийн хэрэглийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Даш, Ц.Мөнх-Очир нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтан Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                                 Ю.ЭНХМАА

 

                                                                                            Д.БУЯНТОГТОХ