Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1108

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Саранцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цэндсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие нь Уул уурхайн яамны төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгчээр 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллах болсон. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр олон гүйцэтгэгч Б.Махбалын гарын үсэгтэй 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаал гарахаас 10 хоногийн өмнө Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн дуудан уулзаж, Аж үйлдвэрийн яамны бичиг хэргийн ажилтан С.Золцэцэг гэдэг хүн ирж байгаа, тэр хүн сайдын ангийн хүүхэд юм байна гэж хэлсэн ба би маш их цочирдсон. Би улсад тасралтгүй 26 жил ажилласан. Тухайн үед дарга нартай муудалцаагүй, ажлаа хүлээлгэж өгөөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа гарсан. Бүтцийн өөрчлөлтөө орон тооны цомхотголд орж байгаа ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэл өгөх ёстой гэж хуулинд заасан байдаг. Гэтэл надад энэ тухайгаа мэдэгдээгүй, мэдэгдэл өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж байгууллга болон түүний нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажил олгогч ажлаас чөлөөлөхөөр заасан байдаг. Сонгон шалгаруулалт явуулаагүй байж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан гэх баримтыг ирүүлсэн байна...Тухайн үед сонгон шалгаруулалт явагдаагүй. С.Золцэцэг бид хоёрыг тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг 5 үзүүлэлтээр дүгнэж, Аж үйлдвэрийн яамны бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан С.Золцэцэгийг ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байна гэж үзэн тус яамны бичиг хэргийн эрхлэгчээр томилон ажиллуулж, намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогч байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Саранцэцэг нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар бичиг хэргийн ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. 2016 оны 08 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол гарснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан. Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яам татан буугдаж ... албан хаагчдыг ... тус тусын албан тушаалаас чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Уг тогтоол гарсантай холбогдуулан тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/14 тоот тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалтыг батлаж, мөн Б/15 тоот тушаалаар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын нэгжүүдийн холбогдох ажлын байранд тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон. Шинээр батлагдсан бүтэц, орон тоо ажлын байрны тодорхойлолттой уяалдуулан Уул, уурхайн яам болон Аж үйлдвэрийн яамнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжиж ирсэн албан хаагчдыг Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалтыг үндэслэн төрийн алба хаасан хугацаа, мэргэжил, мэргэшил, ур чадварыг харгалзан тохирох албан тушаалд нь томилсон. Төрийн захиргааны удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байранд 2 ажилтан байгаа учраас тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа нэг ажилтныг сонгон шалгаруулсан. Уул уурхай яамны бичиг хэргийн эрхлэгчийн ажил албан тушаалд Б.Саранцэцэг болон Аж үйлдвэрийн яамны бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хааж байсан С.Золцэцэг нарын ур чадвар, мэдлэг мэргэшил, ажлын дадлага туршлагыг харгалзан үзэж, ерөнхий болон тусгай шалгуурыг илүү хангаж байсан С.Золцэцэгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилсон байдаг. Мөн С.Золцэцэг нь Архивын ерөнхий газраас сар бүр зохион байгуулдаг архив, бичиг хэргийн ажилтны мэргэжлийн үнэмлэх эзэмшсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаж байсан тул сонгон шалгаруулалтын дүнд С.Золцэцэг томилогдсон. С.Золцэцэг нь Б.Саранцэцэгээс архивын сургалтанд хамрагдаж, үнэмлэхтэй байсан нь давуу тал болж байсан. Б.Саранцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн Б/18 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Б.Саранцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байсан С.Золцэцэгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгчээр томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тус яамны зүгээс бичээч, оператороор ажиллах санал тавьсан боловч Б.Саранцэцэг зөвшөөрөөгүй учраас ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Саранцэцэгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2 530 749 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Саранцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь нэхэмжлэгч Б.Саранцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Саранцэцэгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Саранцэцэгт буцаан олгож,  хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 55 442 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо “...Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “тушаал гарахаас өмнө Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн дуудан уулзаж, ажлаас чөлөөлөх тухай 10 хоногийн өмнө мэдэгдсэн гэж хэд хэдэн удаа бичиж тайлбарласан. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Саранцэцэгт ажлаас чөлөөлөх тухай сарын өмнө мэдэгдсэнийг 10 хоногийн өмнө мэдэгдсэн мэтээр тайлбарлаж, шүүхийн шийвэрт худал тайлбар өгсөн. Б.Саранцэцэгийг ажлын байрны шаардлага хангахгүй талаарх нөхцөл байдал болон хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасныг харгалзалгүйгээр дүгнэлт өгсөн нь нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Б.Саранцэцэгтэй биечлэн уулзаж “бичээч, оператор”-оор ажиллах саналыг тавьсан боловч өөрөө татгалзсан тул ажлаас нь чөлөөлж, тэтгэмжийг олгосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Саранцэцэг нь хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Саранцэцэг нь Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус байгууллагын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 2, 6, 23-26, 149-155/

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолыг үндэслэн өөрчлөн байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан тус яамны төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байр, бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж байхгүй болсон, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр Б.Саранцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.5-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн Б.Саранцэцэгийн мэргэжил нь тухайн ажлыг /бичиг хэргийн эрхлэгчийн/ эрхлэхэд мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож 2 530 749 төгрөгөөр тогтоон хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулан нэхэмжлэгч Б.Саранцэцэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН