| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0225/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/150 |
| Огноо | 2017-04-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар
Шүүгдэгч: О.А түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Тод овогт Отгонбаярын О.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2502 0548 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, экскаваторын машинист мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 86-1267 тоотод оршин суудаг,
2007 оны 7 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 12 дугаар сарын 27-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, Тод овогт Отгонбаярын О.А /РД: ЧР83072070/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12/6 байрны 5 давхарт байх агуулахын өрөөний гадна хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн унадаг дугуй хулгайлж Б.Ламаасүрэнд 290000 /хоёр зуун ерэн мянга/-н төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би тэр дугуйг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв,
түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…2016 оны 02 сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна ... 23 цагийн үед байх өөрийн танилуудтай ... архи хувааж уучхаад ... ганцаараа гэр рүүгээ харихаар явж байгаад тамхи татах санаатай Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны урд талын шинэ байрны орцонд орсон юм. ... 5 давхарт байх вакум хаалгатай тусгаарласан өрөө байхыг олж харсан бөгөөд ... тэр хаалганы дотор талд унадаг дугуй байсан ойр хавьд хүн байхгүй байсан болохоор тэр дугуйг хулгайлан авч гараад гэрлүүгээ түрээд явсан..гэх мэдүүлэг \хх-38\,
Хохирогч Б.Ламаасүрэнгийн “…тус 53 тоот байраа 2016 оны 01 сараас эхлэн түрээсэлж байгаа бөгөөд 2016 оны 02-р сарын 17-ны өдрийн өглөө манай нөхөр Гэрэлт-Одын эгч Үүрийнцолмон нь манай нөхөр рүү яриад "танай агуулах өрөөний хаалга нь онгорхой байна хулгай орсон юм шиг байна " гэхээр нь очиж үзэхэд манай агуулах өрөөний хаалганы цоож эвдэрсэн, дотор нь байсан манай хүүхдийн унадаг дугуй алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Т.Гэрэлт-Одын “…2016 оны 02 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах 12/6 байрны 5 давхрын өөрийн эзэмшлийн өрөөнөөс хүүхдийн 2 ширхэг унадаг дугуй хулгайд алдсан. Тухайн үед байр түрээсэлж байсан хүн манай эгч болох Үүрийнцолмонд танай дүүгийнд хулгай орсон байна гэж хэлсэн байсан. Эгч Үүрийнцолмон манай гэрт хулгай орсон талаар надад мэдэгдсэн Би тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан ... 5 давхрын коридорыг агуулахын өрөө болгож тохижуулсан байсан ба байр түрээслэхдээ өөрийн гэрийн эд хогшлыг хийгээд орхисон байсан. Гэтэл уг агуулахын цоожийг эвдэлж ороод том унадаг дугуй 1 ширхэг, жижиг унадаг дугай 1 ширхгийн алдсан юм. Том унадаг дугуйг Скай их дэлгүүрийн үүднээс 2015 онд 380000 /гурван зуун наян мянга/-н төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 52/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/079 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-14/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, хохирол төлсөн баримт /хх-н 53/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12/6 байрны 5 давхарт байх агуулахын өрөөний гадна хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн унадаг дугуй хулгайлж Б.Ламаасүрэнд 290000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Ламаасүрэнгийн мэдүүлэг, гэрч Т.Гэрэлт-Одын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч О.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгч О.Аын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Адээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ламаасүрэнд 290.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон боловч хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Абусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Аын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.
Мөн шүүгдэгч О.Аын ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч О.Аод ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүгдэгч О.А нь 14 хоног хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тод овогт Отгонбаярын О.Аыг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Отгонбаярын О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Аод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан О.Аод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР