| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0130/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/93 |
| Огноо | 2017-03-25 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантогтох,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
хохирогч С.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Жалайр овогт Н.Сд холбогдох 00000000000000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо Гоодой гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 000 мянгат гудамж 00-00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жалайр овогт Н.С /РД:............................/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.С нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын даргын туслах өрөөнд байсан иргэн С.Уын гар цүнхнээс Айфоне 6 маркийн 680.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “2016 оны 12 сарын 28-ны өдөр гэрээсээ гараад алхаад гандангийн хажууд байдаг “********” эмнэлэгт эмчилгээ хийлгээд буцаж яваад ах З-ынд очсон. Тэндээ 0.33 грамм шил архи, 2 ширхэг пиво уусан. Их дэлгүүрийн хажууд багын найз Бтай тааралдсан, Бийн хамт 2 хүнийг танихгүй. Бид хэд 0,75 граммтай архи хувааж уусан. Дараа нь Б ажилтай гээд яваад өгсөн. Би тэнд байсан 2 найзтай нь Хүнсний нэг дэлгүүрийн урд талд орчуулгын төвд нэг найз эндээс мөнгө авна гэсэн надад байсан 2500 төгрөгийг нийлүүлээд дахин нэг шил архи уусан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нийслэлийн нийгмийн даатгалын газарын дарга Б-тэй очиж тэтгэмжийн талаар асуух гэж очсон болов уу гэж бодож байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У мэдүүлэхдээ:” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр даргын өрөөнд баярын хурал болох гээд манай ажилчид цугласан. Даргын өрөөнд орох байсан болохоор гар утсаа цүнхэнд хийсэн. Даргын өрөөнөөс хурлаа тарчихаад гарч ирээд цүнхнээсээ гар утсаа авах гэтэл утас алга болчихсон байсан. Тэгээд гаднаас хүн байхгүй учраас Н.С-ийг сэжиглэсэн” гэв.
Хохирогч С.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14.00-15.00 цагийн үед даргын өрөөнд баярын хурал болох гээд манай ажилчид цугласан даргын өрөөнөөс хурлаа тарчихаад гарч ирээд цүнхнээсээ гар утсаа авах гэтэл утас маань алга болчихсон байсан. Би хуралд орохоосоо өмнө өөрийн ширээн дээр байсан гар утсаа аваад цүнхэндээ хийчихээд хажуу талын туслах ширээн дээр цүнхээ ил тавиад даргын өрөөнд орсон юм …” гэх мэдүүлэг /хх-26 дугаар тал/,
Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13.30-15.00 цагийн үед манай даргын өрөөнд баярын хурал болоод ажилтануудаа шагнахаар хурал болсон тэр үед даргын өрөөний хаалга онгорхой даргын туслахын гадна хаалга хаалттай байхад гаднаас урд нь хамт ажиллаж байсан С ах орж ирсэн. Энэ үед би яг хаалганы урд талд сууж байсан болохоор намайг хараад толгой дохихоор нь даргын өрөөнөөс гараад хаалгаа хаачихаад мэндийг нь асуучихаад бид 2 даргын туслахын өрөөний буйдан дээр суугаад та юу хийж яваа юм бэ гэсэн чинь Б- даргатай уулзах гэж ирсэн, ээж маань саяхан өнгөрсөн юм, ах нь сэтгэл санаагаар унаад архи уусан явж байна гэхээр нь өө тийм үү, та уучихсан явж байгаа юм уу, би анзаараагүй мэдсэнгүй ш дээ гэж хэлсэн. Тэгсэн ах нь юу нуухав дээ Б- даргаас 20.000 төгрөг зээлэх гэж ирсэн гэхээр нь манайхан хуралдаж байна, би юу ч гэсэн ороод даргад хэлье гээд даргын өрөөнд ороод хаалга хаасан. Тэгээд 2-3 минутын дараа даргад таны тухай хэлэх гэсэн боловч боломж олдсонгүй гэж хэлэхээр эргээд гарсан чинь С ах яг хаалгаар гарч байснаа намайг хараад эргээд орж ирээд та нарын хурал их удах юм шиг байна, ах нь явлаа гэхээр нь харин тиймээ гэж хэлээд эргээд өрөөндөө орсон. Тэгээд хурал нээх удаагүй 15-20 минутын дараа дууссан. Ингээд хэсэг хугацааны дараа даргын туслах С.У цүнхэнд байсан утас алга болсон байна гээд ажлынханд хэлсэн байсан учраас би дам дамаа сонсоод мэдсэн. Тэгээд би Уын өрөөнд ороод яанаа ямар балай юм бэ, утас чинь байсан юм уу гэж асуухад би хуралд орохдоо ширээн дээр байсан утсаа цүнхэндээ хийчихээд орсон гэж хэлсэн. Тэгээд надаас чиний уулзсан хүнийг хэн гэдэг юм бэ гэж асуухаар нь Баянзүрх дүүрэгт А даргын жолоочоор ажиллаж байсан хүн, одоо ажиллахгүй байгаа гэж хэлсэн …” гэх мэдүүлэг /хх-29 дүгээр тал/,
Гэрч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар 27-ны өдөр би хамтран амьдрагч С-этэй маргалдсаны улмаас түүний төрсөн ах Г, төрсөн эгч Т нар нь манай гэрт ирээд С-ийг авч яваад Т эгчийндээ хоносон. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагийн үед ажил дээрээ очиход манай ажилчид С-э ах өглөө 07.00-09.00 цагийн үед ажил дээр юм хийж байгаад намайг ирэхийн өмнөх нь гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд өдөржингөө таг чиг сураггүй алга болчихоод орой 19.00 цагийн үед манай ажил дээр бага зэрэг үнэртүүлсэн орж ирсэн …Баянзүрх дүүрэгт ажилладаг байхад нь нэг таньдаг дарга нь албан тушаал дэвшээд одоо Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байгаа юм билээ, нэрийг нь сайн санахгүй байна Б- бил үү, Б даргаасаа гэнэт халагдсаны тэтгэмж эрүүл мэндийн тэтгэмж авахаар, асуухаар очсон байж магадгүй …” гэх мэдүүлэг /хх-30 дугаар тал/,
Гэрч М.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.С-ийг ганц хоёр удаа орж ирж байсан байж магадгүй, манай дэлгүүрийн Төрийн банкны посс машин заримдаа нууц код нэхдэг, заримдаа нууц код нэхдэггүй шууд уншдаг, Н.С-ийг харж байсан, манай дэлгүүрээр 3-4 удаа орж ирж байсан харсан хүн байна, хамгийн сүүлд хэзээ орж ирсэнг санахгүй байна …” гэх мэдүүлэг /хх-31-32 дугаар тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-23 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-24 дүгээр тал/,
Дансны хуулга /хх-46 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40-44х/ зэрэг болно.
Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч Н.С нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын даргын туслах өрөөнд байсан иргэн С.Уын гар цүнхнээс Айфоне 6 маркийн 680.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч С.Уын өгсөн: ” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр даргын өрөөнд баярын хурал болох гээд манай ажилчид цугласан. Даргын өрөөнд орох байсан болохоор гар утсаа цүнхэнд хийсэн. Даргын өрөөнөөс хурлаа тарчихаад гарч ирээд цүнхнээсээ гар утсаа авах гэтэл утас алга болчихсон байсан. Тэгээд гаднаас хүн байхгүй учраас Н.С-ийг сэжиглэсэн” гэх мэдүүлэг,
хохирогч С.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14.00-15.00 цагийн үед даргын өрөөнд баярын хурал болох гээд манай ажилчид цугласан даргын өрөөнөөс хурлаа тарчихаад гарч ирээд цүнхнээсээ гар утсаа авах гэтэл утас маань алга болчихсон байсан. Би хуралд орохоосоо өмнө өөрийн ширээн дээр байсан гар утсаа аваад цүнхэндээ хийчихээд хажуу талын туслах ширээн дээр цүнхээ ил тавиад даргын өрөөнд орсон юм …” гэх мэдүүлэг,
гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд 2-3 минутын дараа даргад таны тухай хэлэх гэсэн боловч боломж олдсонгүй гэж хэлэхээр эргээд гарсан чинь С ах яг хаалгаар гарч байснаа намайг хараад эргээд орж ирээд та нарын хурал их удах юм шиг байна, ах нь явлаа гэхээр нь харин тиймээ гэж хэлээд эргээд өрөөндөө орсон. Тэгээд хурал нээх удаагүй 15-20 минутын дараа дууссан. Ингээд хэсэг хугацааны дараа даргын туслах С.У цүнхэнд байсан утас алга болсон байна гээд ажлынханд хэлсэн байсан учраас би дам дамаа сонсоод мэдсэн. Тэгээд би Уын өрөөнд ороод яанаа ямар балай юм бэ, утас чинь байсан юм уу гэж асуухад би хуралд орохдоо ширээн дээр байсан утсаа цүнхэндээ хийчихээд орсон гэж хэлсэн. Тэгээд надаас чиний уулзсан хүнийг хэн гэдэг юм бэ гэж асуухаар нь Баянзүрх дүүрэгт А даргын жолоочоор ажиллаж байсан хүн, одоо ажиллахгүй байгаа гэж хэлсэн …” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар 27-ны өдөр би хамтран амьдрагч С-этэй маргалдсаны улмаас түүний төрсөн ах Г, төрсөн эгч Т нар нь манай гэрт ирээд С-ийг авч яваад Т эгчийндээ хоносон. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагийн үед ажил дээрээ очиход манай ажилчид С-э ах өглөө 07.00-09.00 цагийн үед ажил дээр юм хийж байгаад намайг ирэхийн өмнөх нь гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд өдөржингөө таг чиг сураггүй алга болчихоод орой 19.00 цагийн үед манай ажил дээр бага зэрэг үнэртүүлсэн орж ирсэн …” гэх мэдүүлэг,
Гэрч М.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.С-ийг ганц хоёр удаа орж ирж байсан байж магадгүй, манай дэлгүүрийн Төрийн банкны посс машин заримдаа нууц код нэхдэг, заримдаа нууц код нэхдэггүй шууд уншдаг, Н.С-ийг харж байсан, манай дэлгүүрээр 3-4 удаа орж ирж байсан харсан хүн байна, хамгийн сүүлд хэзээ орж ирсэнг санахгүй байна …” гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ /хх-23 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-24 дүгээр тал/, Дансны хуулга /хх-46х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40-44х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч Н.С-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч камерын бичлэгээр болон хохирогч С.Уын 00000000000000000 картын дугаартай, 0000000000 дансны дугаартай Голомт банкны картаар 2017 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр нэг удаагийн үйлдлээр 5000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 00-000хаягтай ********* байрлах Төрийн банкны посс машинаас уншуулж авсан нь нотлогдож байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс хохирлын 680.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Уад олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овогт Н.Сийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Н.Сд 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сэс 680.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Уад олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий дискийг хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Н.Сд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН