Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/397

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0380/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт О.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 20180002460431 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт О.Х,

                 

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Х нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 4-56 тоот хашаанаас иргэн С.С 1000,000 төгрөгийн үнэ бүхий Лайка үйлдрийн нохойг нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

Хохирогч С.С “...2018 оны 11 сард миний өөрийн тэжээдэг Лайка үйлдрийн нохойтойгоо хээлтүүлсэн эм нохой 5 гөлөг гараад би 2 гөлөг авч байсан юм. Уг 2 гөлөгөө Дархан сумын 7-р баг Майхантын .... тоот хашаандаа тэжээж байгаад 2019 оны 9 сард хашаандаа уяатай байсан нохойгоо алдсан. Би алдсан нохойгоо 2,500,000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

О.Х “...би гудамжинд архи ууж байхдаа нэг айлын хашаанд 2 нохой байхыг харсан. Надтай архи ууж байсан залуу нүүрс авна гээд доошоо явсан. Тэгээд би ганцаараа үлдээд доош явах гэснээ болиод 2 нохой байсан айлын хашааны наанаас 1 нохойг талх өгч дуудаад өөр дээрээ аваад тэврээд доошоо зугтаасан. Тэр чигтээ доошоо яваад вокзал дээр ирээд ачааны вагоны ачаан дээр хүнд мэдэгдэлгүй суугаад Салхит өртөөн дээр буугаад үүрээр дахин ачааны вагонд суугаад Зүүнхараад буусан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч М.А “...Би тэр нохойг ер нь гадарлана. Дарханд их ховор байдаг нохой. Ангийн зориулалттай гэж сонсож байсан. Одоогийн зах зээлийн ханш нь 800.000-1.000.000 төгрөгийн үнэтэй байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

С.С Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 6-7/,

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Үнэлгээнд хамрагдсан дээрх нохойны зах зээлийн дундаж үнэ ханш нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1,000,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, Эд хөрөнгө үнэлгээний жагсаалт /хх-ийн 13-14/,

 

Алдагдсан гэх нохойг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуульд мал хулгайлсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээг хамаарахаар заасан.

 

Нохойг мал амьтанд хамааруулаагүй боловч эд хөрөнгийн адил захиран зарцуулж, үнэлж болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан нохойгоо өөрөө тэжээж байгаад хохирогчид буцаан өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч О.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг хүлээн авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нь хохирогчид нохойг буцаан өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Ш овогт О.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан О.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд О.Х-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД