| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/42 |
| Огноо | 2021-01-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/42
2022 01 03 2022/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 2103002960375 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Г.Г- нь:
- 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Авто ... 1 худалдааны төвийн зүүн хойд замд “Toyota ...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ө-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас / хавтаст хэргийн 4-5 дахь тал /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 6-14 дэх тал /
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 15 дахь тал /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 18-21 дэх тал /
Хохирогч Б.Ө-гийн мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 24-25 дахь тал /
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Г-ын мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 29, 32 дахь тал /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9389 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 40-41 дэх тал /
“...” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 79 дэх тал /
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 301 дугаартай магадлагаа / хавтаст хэргийн 85-86 дахь тал /
Яллагдагч Г.Г-ийн мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 115 дахь тал /
Шүүгдэгч Г.Г-эс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 115 дахь тал /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 105 дахь тал / зэрэг болно.
Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Приус авто засварын газарт завсарчин ажилтай. Хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая гаруй төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Авто ... 1 худалдааны төвийн зүүн хойд замд “Toyota ...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ө-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас / хавтаст хэргийн 4-5 дахь тал /
... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 6-14 дэх тал /
... Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 15 дахь тал /
... Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 18-21 дэх тал /
... Хохирогч Б.Ө- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цаг 30 минутын орчим ганцаараа хог ухаад явж байгаад 100 айлын авто ... төвийн хойд зам руу гарч байгаад машинд мөргүүлсэн. Миний аарцагны яс хугарсан, гэдсэнд шингэн хураад хагалгаа хийлгэсэн. Жолооч миний эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / хавтаст хэргийн 24-25 дахь тал /
... Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би ослын талаар сайн мэдэхгүй. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 375.000 төгрөг гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна гэжээ. / хавтаст хэргийн 29, 32 дахь тал /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9389 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Ө-гийн биед давсагны урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, нарийн гэдэсний чацархайн няцрал, гэмтлийн дараах гялтангийн үрэвсэл, умдаг ясны хугарал, зулайд шарх, зүүн шуу, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хавтаст хэргийн 40-41 дэх тал /
“...” ХХК-ний автомашин техникийн үнэлгээнд: ... Тоёота .. маркийн ... улсын дугаартай автомашинд 310.000 төгрөгийн шууд, 375.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэх тайлан / хавтаст хэргийн 79 дэх тал /
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 301 дугаартай магадлагаанд: ... Тоёота .. маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн явган зорчигч Б.Ө- Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. / хавтаст хэргийн 85-86 дахь тал /
Яллагдагч Г.Г- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед ихэр Г.Г-ын эзэмшлийн Тоёота .. маркийн ... улсын дугаартай авто машиныг жолоодон Авто... худалдааны төвийн хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд 3-н эгнээтэй замын 1-р эгнээнд явж байхад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцгүй газраар явган зорчигч гэнэт зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хүнийг зам гарч явахад нь харангуутаа тоормос гишгэсэн боловч зогсоож чадаагүй машины баруун талын урд хэсгээр мөргөж унагаасан. Тэгээд би өөрийн утаснаас түргэн болон цагдаа дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэжээ. / хавтаст хэргийн 115 дахь тал / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г-д ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зохих буруутай зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн бөгөөд тул анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хохирогчид хүнд гэмтэл учирсан, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Ө-, иргэний нэхэмжлэгч Г.Г нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Г.Г- нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин хохирогч Б.Ө-д шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон тул цаашдын эмчилгээний зардлаа нотлох баримтын шаардлага ханган бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Г-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Г-ийн В ангиллын ... дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Г.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдан ирсэн шүүгдэгч Г.Г-ийн В ангиллын ... дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ө- нь цаашдын эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Г-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн үеэс эхлэн тоолж, Г.Г- нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай.
5. Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ