Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1167

 

 

 

 

 

 

 

 

 

В.Ганзоригийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00843 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Арвис интернэшнл” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 644 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нарантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Пүрэвдаваа

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Дэлгэрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч В.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2011 онд “Арвис интернэшнл” ХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 151 644 000 төгрөгийг зээлсэн. Тодруулвал 2011 оны 07 дугаар сарын 21-нд 3 500 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 20-нд 6 500 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 24-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 25-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 27-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 28-нд 60 000 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 01-нд 1 531 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 07-нд 4 503 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг 2011 оны 08 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 04-нд 3 500 000 төгрөг 2011 оны 09 дүгээр сарын 05-нд 600 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сард 1 780 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 05-нд 30 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 06-нд 2 000 000 төгрөг, нийт 151 644 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь иргэн В.Ганзоригтой байгуулсан зээлийн гэрээ амаар болон бичгээр байхгүй, дансаар болон бэлнээр ямар ч мөнгө энэ хүнээс зээлээгүй, ямар ч өглөг байхгүй ба иргэн В.Ганзориг нь удаа дараа хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж байсан. Манай компани болон надад холбогдуулан үүсгэсэн хэргүүд хууль хяналтын байгууллагаар хянагдаж хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Иймд манай компани иргэн В.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Арвис интернэшнл” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 644 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 913 170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа давж заалдах гомдолдоо “...В.Ганзоригийн нэхэмжлэлтэй "Арвис интернэшнл"ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13.30 цагт товлогдож, тус өдрийн хурлаас өмнө Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирэх нотлох баримт ирээгүй байгаа шалтгаанаар удаа дараа хурал хойшилж байсан. Гэтэл тус нотлох баримтууд шүүх хурал болох өдөр прокурорын газраас ирсэн бөгөөд нотлох баримтуудтай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13.30 цагт танилцаж, хурлаас өмнө тус нотлох баримттай холбоотой тайлбар гаргах, тооцоолол хийж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, тодруулах, юаны баримттай холбоотой 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн юаны лавлагаа гаргуулах зэрэг нотлох баримтыг гаргах шаардлагатай байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх хангаагүй шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлйн 25.1.1, 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Мөн Хан-Уул дүүргийн прокурорын газраас нотлох баримт ирүүлэх тухай хүсэлтийг дахин шийдвэрлэсэн шүүх хурал 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болж, шийдвэрлэсэн байхад нотлох баримт шүүхэд ирүүлэх хүсэлтийг шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/819 тоот албан бичгээр Хан-уул дүүргийн прокурорын газарт явуулсан байгаа нь тус баримт шүүхэд ирэх хугацаа удааширсан нь шүүхээс шалтгаалсан байна. Гэтэл нэхэмжлэгчийг нотлох баримттай танилцсантай холбогдуулан тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй нь үндэслэлгүй юм.

Шинээр ирсэн нотлох баримттай танилцсантай холбогдуулан гаргасан хүсэлтийг шүүгч хангаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгч нь тус хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх боломжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Энэ нь тус хуулийн 92.4, 92.5-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Хан-уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн "Арвис интернэшнл" ХХК-ийн санхүүгийн орлогын баримтуудад тус компанийн санхүүгийн тамга дарагдсан, мөн тус компаний санхүүгийн ажилтан гарын үсэг зурж орлого хүлээж авсан байхад шүүх үүнийг үнэлээгүй бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...уг баримтуудад "Арвис интернэшнл"ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй, тус компанийн тамганы дардас дарагдаагүй...байх тул хариуцагч "Арвис интернэшнл" ХХК-нд мөнгө зээлсэн, хүлээлгэж өгсөн гэж үзэх боломжгүй байна” гэсэн нь үндэслэлгүй юм. Аливаа компанийн орлого, зарлагын баримтан дээр тухайн компанийн санхүүгийн ажилтан гарын үсэг зурж, санхүүгийн тамга, тэмдэг дарж баталгаажуулдаг бөгөөд заавал захирал тухайн орлого, зарлагын баримт дээр гарын үсэг зурахыг шаарддагүй.

Мөн банкнуудын дансны хуулга гаргуулсан нь тухайн зээлийн орлогын баримтаас гадна зээлсэн мөнгөн гүйлгээг гаргуулах үндэслэлээр гаргуулсан байсан. Гэтэл үүнийг “Арвис интернэшнл” ХХК-ийн санхүүгийн орлогын баримтад хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна .

 

            Нэхэмжлэгч В.Ганзориг нь хариуцагч “Арвис интернейшнл” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 644 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэртэй Ё.Пүрэвдаваагийн нэхэмжлэлтэй В.Ганзоригт холбогдох иргэний хэргээс мөнгөн шилжүүлэг, орлогын ордерийн тасалбарыг хуулбарлуулан авсан /хх 28-31, 67-70/ байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул нь уг баримттай холбогдуулан хариуцагч “Арвис интернейшнл” ХХК нь өөрийн менежер, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Оюунбатаар дамжуулан нэхэмжлэгч В.Ганзоригоос 11 200 000 төгрөгийг хүлээн авсан талаар Э.Оюунбатыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх 60, 62, 76, 81, 82/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

            Мөн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 201201060893 дугаартай хэргээс шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нь шүүх хуралдаан явуулсан өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад танилцаад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан /хх 159-164, 167, 168/ байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нь шүүх хуралдаан дээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ба шүүгчийг татгалзан гаргах эсэх асуудлыг шүүгч өөрөө хүсэлтийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн болно.

 

            Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00843 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Ганзоригийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 917 170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН