Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 10

 

П.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга                Н.Энхнаран   

           Прокурор                                     Б.Догмиддорж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр П.Бд холбогдох эрүүгийн 1821003140329 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Пн Б, Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын  дугаар багийн нутаг гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 хоногийн хорих ял шийтгүүлсэн, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын тоот хашаанд байрлах чингэлэгийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дгийн өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний модон эмээлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 3000000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дгийн өмчлөлийн самсунг маркийн 32 болон 22 инчийн 2 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр хулгайн авч 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч П.Бийг “2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бусдын агуулах саванд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч эд зүйл хулгайлсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусдын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч П.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ...шийдвэрлэжээ.   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж бичсэн дүгнэлтдээ: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Бийг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын тоот хашаанд байрлах чингэлэгийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дгийн өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний модон эмээлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 3000000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дгийн өмчлөлийн самсунг маркийн 32 болон 22 инчийн 2 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр хулгайн авч 230000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Гэвч шүүгдэгч П.Б нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ял эдлэх хугацаанд ажлаа дур мэдэн орхиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, улмаар эдлээгүй үлдсэн 170 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ял дээр нэмж нэгтгэх шаардлагатай байна.

Мөн П.Бийг М.Хтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн оройн 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Восток” рестораны гадаа иргэн Б.Иг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” заалтыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, мөн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож, хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүссэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалт байгаа боловч энэ нь сэжигтэн, яллагдагчийг орхигдуулсан, зөвхөн ялтанд хамаарах эрх зүйн зохицуулалт болсон тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд П.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эрүүгийн 1821003140329 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, П.Бд холбогдох эрүүгийн 1821005930015 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах, хэргийг прокурорт очтол П.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор: П.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, …шийдвэрлэсэн байна.

Мөн П.Б нь М.Хтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн оройн 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Восток” рестораны гадаа иргэн Б.Иг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн П.Бийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Бд холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол П.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                       Ж.ДОЛГОРМАА