| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0226/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/380 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарынх овгийн Д.Сд холбогдох эрүүгийн 1711002450013 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шарынх овгийн Д.С, 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Этүгэн их сургуульд оюутан, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 21 дүгээр гудамжны 688 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПК96121109.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.С нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг Хувьсгалчдын В 13-10 тоотод Б.Мийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааний үед бүгдийг мэдүүлсэн…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би гэртэй хүүхдээ хөхүүлээд сууж байсан чинь Бадамгарав гээд эмэгтэй орж ирээд танай хүүхэд байнга манай хүүхдийг зодох юм гэсэн. Тэгсэн эмээ Удвал зээгээ өмөөрөөд Бадамгарав гэх эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд одоо боль боль дахиж битгий тоглож бай, би учрыг нь олъё гээд гар гэж хэлсэн. Тэгсэн чинь Бадамгарав гэх эмэгтэй миний нүүр рүү нулимаад балай хүүхэн, нөхөртөө зодуулахдаа таарсан амьтан гээд хэл амаар доромжлоод байхаар нь би өөр шиг чинь хүнтэй явалдахгүй гэж хэлсэн. Ингээд Бадамгарав бид хоёр хэрэлдээд байж байхад охин Сувдмаа, Цагаанаа нар орж ирээд миний ээжийг доромжиллоо гээд Сувдмаа гэх эмэгтэй нь намайг хүүхдээ хөхүүлээд сууж байхад хүрч ирээд миний үснээс зулгаасан. Энэ үед эгч Цагаанаа нь миний гар руу цохисон. Ээж Бадамгарав нь хажуу талаас нь орж ирээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн...” гэжээ /хх-11-12/.
Гэрч М.Удвал мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө охин М хүүхдээ авчир өгчихөөд ажилдаа явсан юм. Ингээд орой охин М ирээд хүүхдээ хөхүүлээд байж байхад Бадамгарав хүүхдээ дагуулж орж ирээд Даваажаргал манай хүүхдийн тохойг чулуугаар цохисон байна гэсэн чинь М яагаад хүүхэд цохиж байгаа хог вэ дуудаад ир гэж хэлсэн. ...хэрүүл маргаан үүсгээд байж байсан чинь Бадамгарав цохих шиг болсон чинь охин Сувдмаа нь орж ирээд Мийн үснээс зулгаагаад цохиод байсан...” гэжээ /хх-14-15/.
Гэрч Д.Цагаанцэцэг мэдүүлэхдээ: “...Манай дүү С ээжийг доромжиллоо гээд уурлаж очоод нэг нэгнийхээ үснээс зууралдаад ноцолдоод байхаар нь би очоод С-ийг салгаж авсан...” гэжээ /хх-17/.
Гэрч Б.Бадамсүрэн мэдүүлэхдээ: “...Намайг М чи гудамжинд янхандаад хэвтэж байсан биздээ гэж хэлтэл С сонсчихоод хаана миний ээж янхандсан юм бэ гэж ирээд л шууд Мийг барьж аваад тэгээд л хоёулаа үсдэлцээд, зодолдоод эхэлсэн. Энэ үед манай том охин дүүгээ салгаж, холдуулаад тэгээд л гэртэй орсон...” гэжээ /хх-21-25/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9080 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Мийн биед тархи доргилт, зүүн гарын тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-29/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57, 62/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.С нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг Хувьсгалчдын В 13-10 тоотод Б.Мийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй буюу шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Д.С нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч Б.М нь шүүгдэгч Д.Сд “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарынх овгийн Д.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН