| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/00647/И |
| Дугаар | 183/ШШ2017/01173 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2017/01173
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2017/01173 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 хотхон, 23 дугаар байрны 61 тоотод оршин суух, Бага хотгойд овогт Ганхуягийн Түмэнжаргал /Регистрийн дугаар:ИО87022801/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.834.720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд тогтвортой сайн ажиллаж байсан. Миний бие 2015 оны 3 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний амралтаа авч хүүхэд төрүүлсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас ажилдаа эргэн орсон. Манай бага хүүхэд одоо 1 нас 9 сартай. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаартай Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байр хасагдсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтцээр Бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байр хасагдаагүй бөгөөд зөвхөн албан тушаалын нэршлийг өөрчилж “албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан” гэсэн нэртэй болсон байдаг. Уг ажилд манайд ажиллаж байгаагүй иргэнийг миний оронд шинээр авсан.
Миний ажиллаж байсан бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтоор тамгын газарт ирсэн, явсан бичгийг бүртгэх, хөтлөх, холбогдох ажилтанд хүргүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавих зэргээр албан хэрэг хөтлөлтийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан. Шинээр бий болсон “албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан” одоо миний хэрэгжүүлж байгаа ажлыг тэр чигт нь хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “... гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж зохицуулсан байдаг. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул урьд эрхэлж байсан бичиг хэргийн эрхлэгч буюу түүнтэй дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацааны олговорт 2,834,720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Хэрэв ажилдаа эргэж орсон тохиолдолд тэтгэмжид олгосон 1,514,097 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар тус дүүргийн Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчилэн баталсан байдаг.
Нэхэмжлэгч нь тус тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст харьяалагддаг байсан бөгөөд уг хэлтэс нийтдээ 20 орон тоотой байсан. Шинээр батлагдсан бүтцээр уг хэлтэс өөрчлөгдөж, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 13 орон тоотой, дотроо архивын тасаг 4 орон тоотой нийт 17 орон тоотой, Хууль зүйн тасаг нь тусдаа бие даасан хэлтэс болж 3 орон тоотой байхаар батлагдсан.
Засаг даргын Тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Бичиг хэргийн эрхлэгч”-ийн орон тоо хасагдсан тул Г.Түмэнжаргалыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг түүнд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн энэхүү тушаал гарсантай холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын цалинтай тэнцэх 1,514,097 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Г.Түмэнжаргал нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.2-т “... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байгаа. Иймд Г.Түмэнжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн шинэ бүтцээр архивын тасагт “албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан”-ы орон тоо шинээр бий болж, шинээр ажилтанг томилсон, уг ажилтан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэдэг нь үнэн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бичиг хэргийн эрхлэгч албан тушаал, шинээр бий болсон “албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан”-ны албан тушаал нь Төрийн үйлчилгээний ТҮ-5 ангилал, зэрэглэлд хамаардаг. Мөн нэхэмжлэгч 3 хүртэлх насны хүүхэдтэй гэдэгт маргахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчсөн эсэх талаар тайлбаргүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Түмэнжаргал нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,834,720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.
Нэг талаас Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар, нөгөө талаас Г.Түмэнжаргал нар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулан, мөн өдрөөс нэхэмжлэгч тус тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст Бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Түмэнжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс цуцалж, дуусгавар болгосон байна. /хх-7/
Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулсан, тэтгэмжид 1,514,097 төгрөг хүлээн авсан, мөн нэхэмжлэгч 3 хүртэлх насны хүүхэдтэй байсныг захиргаа мэдэж байсан гэдэгт маргаагүй байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталжээ. Шинээр батлагдсан бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Захиргаа, хуулийн хэлтэс”-ийг “Төрийн захиргааны удирдлагын хэлтэс”, “Хууль зүйн тасаг” болгож өөрчилсөн, түүнчлэн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харьяа Архивын тасагт “Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан”-ы орон тоог шинээр бий болгосон, уг ажлын байр нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Бичиг хэргийн эрхлэгч”-ийн ажлын байрны тодорхойлолттой адил чиг үүргийг хэрэгжүүлж байгаа, дээрх хоёр ажлын байр Төрийн үйлчилгээний ТҮ-5 ангилал, зэрэглэлд хамаардаг болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус байгууллагын бүтцийг баталсан 2016 оны А/486 тоот тушаалаар тус тус тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан гэрээг цуцлахад тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс бодитойгоор тодорхой ажлын байр үгүй болсон байхыг ойлгох бөгөөд тус байгууллагад хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөнөөс бодитоор “бичиг хэргийн эрхлэгч”-ийн ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан, ажилтан ноцтой зөрчил гаргасан, эд хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан зэрэг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бий болсноос бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хоригложээ. Захиргаа ажилтанг чөлөөлөх үед тэрээр 3 хүртэлх насны хүүхэдтэй болохыг мэдэж байсан гэдэгт талууд маргаагүйгээс гадна хуульд заасан 3 хүртэлх хүүхэдтэй эхийг чөлөөлж болох дээрх үндэслэлүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалын үндэслэл хамаарахгүй байх тул захиргаа хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэх үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан “бичиг хэргийн эрхлэгч”, түүнтэй дүйцэхүйц хэмжээний ажилд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулж байх тул шүүх дээрх хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу түүний ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 72 хоног, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын /2016 оны 10,11,12 дугаар сар/ цалингийн дундажаас тооцвол нэг өдрийн 41,855 төгрөг, нийт 3,013,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Гэвч нэхэмжлэгч нь нөхөх олговорт 2,834,720 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г.Түмэнжаргалыг урьд эрхэлж байсан “бичиг хэргийн эрхлэгч” түүнтэй дүйцэхүйц хэмжээний ажилд эгүүлэн томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,834,720 /хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга долоон зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Түмэнжаргалд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60,305 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ