| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0424 |
| Дугаар | 2017/ШЦТ/347 |
| Огноо | 2017-10-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,
Хохирогч Д.Энх-Амар, түүний өмгөөлөгч Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нацагдоржийн Мд холбогдох эрүүгийн 201725021304 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “ Далай дэвжих хүнс “ ХХК-д ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ............ / ......... овогт Нацагдоржийн М нь:
- 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амарт “ Төсөл бичиж байгаа дансдаа түр мөнгө байршуулчихаад буцаагаад өгье “ гэж хуурч мэхлэн түүнээс 8.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Энх-Амар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний танил Энхтулга над руу утсаар яриад “ Миний нэг танил хүнд мөнгө хэрэгтэй болоод байгаа. Олон жил бууз, баншны үйлдвэр ажиллуулж байгаа. Та мөнгөтэй бол зээлүүлэх боломж байна уу? ” гэсэн. Тэгэхээр нь би “ Тэр хүнтэй чинь уулзаад үзье. Боломж байвал ззэлье “ гэсэн. Тэгээд тэр өдөр Н.М гэдэг эмэгтэй манай ажил дээр буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Жи Таур ”-ын гадаа ирээд хамт бууз, баншных нь үйлдвэр рүү очиж үзсэн. Н.Мын ажиллуулдаг бууз баншны үйлдвэр нь Шаштины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хойд талд 50 дугаар байрны 1 тоотод байдаг. Тэгээд намайг үйлдвэр рүү нь ороход бууз банш хийгээд тавьчихсан, мах хөлдөөчихсөн, үйл ажиллагаа явуулж байсан ба ажилчид нь байхгүй байсан. Тухайн үед 21 цагийн орчим байсан болохоор би ажилчид нь тараад явчихсан байна гэж ойлгосон. Тэгээд Н.Маас “Ажлын байрны тодорхойлолт байна уу?” гэхэд Далай дэвжих ХХК-ийн гэрчилгээ үзүүлсэн. Тэр гэрчилгээ нь Далайжаргал гэдэг хүний нэр дээр байсан ба би Н.Маас “Чинийх биш юм уу” гэхэд “Би өөрийнхөө нэрээр компани байгуулж болохгүй болчихоод төрсөн ахынхаа нэрээр компани байгуулсан. Миний компани байгаа юм гэхэд нь би итгэчихсэн юм. Н.М надад “ Би төсөл бичиж байгаа” дансандаа 10 сая төгрөг байршуулсан байх ёстой юм. Тэгээд 2 сая төгрөгийг нь олчихсон. Одоо 8 сая төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ төслөө бичвэл 200 сая төгрөгний зээл авах боломжтой болчихоод байгаа юм. Тэгээд үйлдвэрээс нь гараад Н.Мын гэр буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанживын 26-668 тоотод очиж үзэхэд гэрт нь ээж нь гэх эмэгтэй, бага насны 2 хүүхэдтэй байсан. Би гэрт нь очоод цахилгааны төлбөр төлсөн баримтуудыг нь үзье гээд үзэхэд дандаа ээж нь төлбөр төлсөн баримтууд байсан. Тэгэхээр нь би Н.Мыг “чи энд амьдардаг юм уу” гэхэд ээж нь “ажил гээд бараг байхаасаа байхгүй нь их байдаг юм даа” гэсэн. Тэгээд би зээл олгохоор болоод маргааш нь Н.Мтай ажил дээрээ уулзахаар болсон.
2017 оны 03 дугаар арын 31-ний өдөр Н.М манай ажил дээр ганцаараа ирсэн ба компанийх нь хэдэн төхөөрөмжийг барьцаалаад 8 сая төгрөгийг Хаан банкны данс руу нь интернет банкаар шилжүүлсэн. Н.М анх зээлийн гэрээ байгуулахдаа нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 8 сая төгрөг зээлсэн. Тэгээд өгөхгүй худлаа яриад байхаар нь би Н.Мын ээжид нь болсон асуудлын талаар хэлэхэд “Н.М өмнөх өр төлбөрөө барагдуулаагүй байж дахиад өр тавиад яваад байгаа юм байх даа “ гээд байсан.
Маргааш нь над руу Далайжаргал гэдэг хүн яриад Тэнгис кино театрын ойролцоо уулзсан ба өөрийгөө Н.Мын ах нь байна гэж байсан. Далайжаргал надад “энэ компани бол миний компани байгаа. Н.Мд хамааралгүй. “Н.Маар би нягтлангийн ажил хийлгэж байсан” гэж хэлсэн гэжээ. / хх 18-21 /
Гэрч Н.Далайжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Н.М нь компанийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг барьцаалж захиран зарцуулах эрх байхүй. Н.М нь “Далай Дэвжих” ХХК-д нягтлан хийдэг, ерөнхийдөө санхүүгийн ажлыг зохицуулдаг байсан гэжээ. / хх 41 /
Шилжүүлгийн мэдээлэл / хх 17 /
Шүүгдэгч Н.Мыг 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 22-23 /, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 24-26 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 29 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ахынхаа тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулаад түрээсийн мөнгийг төлдөг байсан. Бусдад зээлсэн мөнгө нэхэгдээд Д.Энх-Амараас 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авч өрөндөө өгөөд үйл ажиллагаандаа зарцуулсан. 4 сараас хойш жирэмсэн байсан ба төрөөд эмнэлгээр яваад ажлаа хийж чадаагүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо хүүхдээ ээждээ харуулаад ажлаа хийх гэж байгаа учир хохирлыг төлөх боломжтой. Хүүг багасгаж өгөхийг хүсэж байна. Одоогийн нөхцөл байдлыг харгалзан хохирол төлөх хугацаа өгөхийг хүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Д.Энх-Амар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний танил Энхтулгын хэлснээр Н.Мтай анх уулзсан. Тэр надад “ Төсөл бичиж байгаа дансанд 10 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна. Төслөө бичвэл 200 сая төгрөгний зээл авах боломжтой болчихоод байгаа юм. 8 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлээч “ гэхээр нь би түүний ажиллуулдаг бууз, баншны үйлдвэр болон гэрийг нь очиж үзсэн. Тухайн үед гэрчилгээ нь Далайжаргал гэдэг хүний нэр дээр байсан. Н.М надад “ Өөрийнхөө нэрээр компани байгуулж болохгүй болчихоод төрсөн ахынхаа нэрээр компани байгуулсан. Миний компани байгаа юм гэхэд нь би итгэчихсэн юм. Ингээд 2017 оны 03 дугаар арын 31-ний өдөр Н.Мд компанийх нь тоног төхөөрөмжийг барьцаалаад 8 сая төгрөгийг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлж, Хаан банкны данс руу нь интернет банкаар шилжүүлсэн. Гэтэл Н.М нь 6 сар болоход нэг ч төгрөг өгөөгүй.
Би өөрийн танил Мягагаас 5 хувийн хүүтэй мөнгө авч, Н.Мд 10 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд Н.М намайг санаатай залилснаас болоод би өөрөө сар бүр 450.000 төгрөг төлж байна. Энэ мөнгөний хүү нийт 5.040.000 төгрөг болсон. Иймд Н.Маас үндсэн зээл 8 сая төгрөг дээр хүү 5.040.000 төгрөгийг нэмж, 13.040.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би бусдаас мөнгө зээлж, хүүний зөрүүгээр амьдралаа авч явдаг учир маш их хохирсон. Гомдолтой байна гэв.
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амарт “ Төсөл бичиж байгаа. Дансандаа түр мөнгө байршуулчихаад буцаагаад өгье “ гэж хуурч мэхлэн түүнээс 8.000.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Н.М нь “Бууж баншны үйлдвэртэй, төсөл бичээд 200 сая төгрөг авна “ гэхээр нь итгээд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, 8 сая төгрөг зээлүүлсэн. Гэвч барьцаалсан тоног төхөөрөмж нь түүний өмч биш байсан бөгөөд бусдаас зээлсэн өрөө өгөхөөр худлаа хэлж авсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Энх-Амарын мэдүүлэг / хх 18-21 /, ... Н.М нь компанийн үндсэн хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхгүй. Санхүүгийн асуудлыг зохицуулдаг байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Далайжаргалын мэдүүлэг / хх 41 /, ... Би төсөл бичиж өгөөгүй. Тухайн үед дүүргээс жижиг дунд бизнесийг дэмжих төслийн зээл гээд зарлагдсан байхаар нь төсөл бичиж байгаа гэж хэлээд авсан. Авсан мөнгөө өртэй хүмүүстэй тарааж өгсөн. Барьцаа болгосон тоног төхөөрөмжүүд нь ах Н.Далайжаргалын компанийх гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн яллагдагч Н.Мын мэдүүлэг / хх 28 /, ...Мөнгө шилжүүлсэн баримт / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд / 2017 оны 07 сарын 06-нд төрсөн хүү Д.Бархас / 3 хүртэлх насны хүүхэдтэй тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Энх-Амар нь бусдаас 5 хувийн хүүтэй мөнгө зээлж, Н.Мд зээлүүлсэн учир дээрх мөнгөний хүү 5.040.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна. Учир нь Мяга гэгчээс 8.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн баримт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д зааснаар “ ...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно “ гэж заасан бөгөөд ашиг олох зорилгоор өөртөө хохирол учруулсныг гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэлгүй байна. Иймд 5,040,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Н.Маас 8.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Нацагдоржийн Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Нацагдоржийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Маас 8.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Цэрэндаш овогтой Энх-Амарт / Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 83-2400 тоотод оршин суух, утас 96520988 / олгож, нэхэмжлэлээс 5.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ