Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01350

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

            Дугаар 183/ШШ2017/01350

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Фидес тауэр 901 тоотод байрлах, “Монголиан стар дистрибюшин” ХХК /Регистрийн дугаар:5752833/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 60В байр, 25 тоотод байрлах, “Мөнхзамбала корпораци” ХХК /Регистрийн дугаар:5070562/-д холбогдох 

Гэрээний үүрэгт 27,666,708 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

                                                                                              

Нэхэмжлэгч “Монголиан стар дистрибюшин” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголиан стар дистрибюшин” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Мөнхзамбала” ХХК-тай бараа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан билээ. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрээний хугацаа нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба мөн гэрээний 7.2-т талууд гэрээг цуцлах санал гаргаагүй гэрээний хугацаа дуусахад дуусгавар болгох талаар санал гаргаагүй тохиолдолд дээрх хугацаагаар дахин нэг удаа сунгасанд тооцно гэж зааснаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т худалдан авагч нь сард 20,000,000 төгрөгийн барааны үлдэгдэлтэй байж болно гэж зааснаар гэрээний хугацаа дуусах үед “Мөнхзамбала” ХХК нь 18,444,472 төгрөгийн барааны үлдэгдэлтэй буюу төлбөрийн үлдэгдэлтэй байсан болно. Улмаар манай компаниас гэрээний хугацаа дууссан цаашид сунгахгүй тухайгаа илэрхийлж барааны үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагчаас барааны төлбөр 18,444,472 төгрөг, алданги 8,222,236 төгрөг, нийт 27,666,708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 27,666,708 төгрөгнөөс алданги 9,222,236 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 18,444,472 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөгийг тус тус төлж, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

 

Нэхэмжлэгч “Монголиан стар дистрибюшин” ХХК нь хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 27,666,708 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,666,708 төгрөгнөөс алданги 9,222,236 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 18,444,472 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                 

 

1.“Монголиан стар дистрибюшин” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Мөнхзамбала корпораци” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,222,236 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 18,444,472 /арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ