Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Батхуяг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ч-ийн Б-д холбогдох эрүүгийн 1819000050007 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 'Мөнх нар од” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 6-3 настай 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 5 дугаар баг, Наран булаг 42 дугаар гудамж, 02 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Н овогт Ч-ийн Б / АЭ87040916 /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн авто зам дээр 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчин уг замаар зорчин явсан 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Дашмаагийн эрүүл мэндэд хүнд, хохирогч М.Жанчивдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “…мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй...гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна, харин өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналаар цагдан хоригдсон хугацаагаар ял оногдуулж өгөхийг хүсэж байна, хохирлыг богино хугацаанд төлөх болно …” гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол болсон газарт 19-05 УБН улсын дугаартай тоёото приус-20 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай, 49-42 УНМ улсын дугаартай норд бенз маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 3-26 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тус аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгийг 2017 оны 12 сарын 24-ний өглөөний 06 цагаас 07 цаг хүртэл шүүж үзэхэд бичлэгт 2017 оны 12 сарын 24-ний өглөөний 06 цаг 01 минут 45 секундэд туслах замаас автомашины гэрэл төв зам руу орж, ирж байгаа харагдах ба 06 цаг 01 минут 48 секундэд төв замаар явж байгаа тээврийн хэрэгслийн гэрэл гарч ирж байгаа харагдаж байна. 06 цаг 01 минут 51 секундэд дөрвөн замын уулзвар дээр 2 автомашин мөргөлдөж, зам тээврийн осол гарсан бичлэг байв. Хяналтын камерын бичлэгийг сидинд хуулбарлав... Мөн бичлэг бүхий сидиг хэрэгт ач холбогдолтой тул эд мөрийн баримтаар тооцсон...” гэсэн тэмдэглэл, / 1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Хохирогч М.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад над руу үүрээр Жамъянжав гэх хүн миний 94089922 дугаар луу 06 цаг 35 минутын орчим залгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо гэх газар машинтай мөргөлдчихлөө гэж надруу хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад өөрийн 2 найз Хандсүрэн, Дэлгэртогтох нартай приус машин бариад явж байсан залуугийн ахтай Даланжаргалан суман дээр очсон. Намайг очиход эмч нь биеийн байдал их муу, бид нар авах ёстой арга хэмжээг авсан, дотуур цус алдаж байгаа болохоор яаралтай авч явах хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгээд би Сайншандаас машин дуудаад 13-14 цагийн орчим Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд 103-т үзүүлээд томографикт үзүүлж маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уушиг цоорсон, тэрний хагалгаа, мөн 12 хавирга муруйлттай, 6 хавирга нь хугарсан байсан, тэрний хагалгаанд орсон. Тэгээд манай ээж 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Машинаа бүрэн болгож авмаар байна, мөн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна... Тухайн зам тээврийн ослын улмаас манай ээж Дашмаа хүнд бэртэл авч яаралтай хагалгаанд орсон эмчилгээний төлбөрийг буруутай этгээд нь ямар ч мөнгө төгрөг өгөөгүй тул осолд орсон 19-05 УНБ улсын дугаартай автомашиныг задалж сэлбэгийг нь үл таних хүмүүст 500 000 төгрөгөөр зарсан. Даатгалаас ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Манай ээж Дашмаа одоо Өмнөговь аймагт хөдөө байгаа холбоо барих ямар нэгэн дугаар байхгүй. Биеийн байдал сайжирч байгаа...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 29-32 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 1800 тоот дүгнэлтэнд: “...Э.Дашмаагийн эзэмшлийн тоёото приус20 маркийн тээврийн хэрэгсэлд 5 500 000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн дүгнэлт, / 1 дүгээр хх-ийн 103-105 дугаар хуудас/,

Хохирогч Э.Дашмаад учирсан гэх 1 293 700 төгрөгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний хохирлын баримтууд / 1 дүгээр хх-ийн 120-146 дугаар хуудас/,

Хохирогч Э.Дашмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний шилжих шөнө өөрийн найз Мөнх-Алдарын хүү Угтахбаярыг Замын- Үүд сум руу хүргэж өгөх гээд явахаар болсон юм. Тэгээд миний охин Энхзаяагийн ажлын 2 хүнийг аваад шөнө 01 цагийн орчим Улаанбаатар хотоос тавуулаа гарсан юм. Би явж байх замдаа эгч нь шөнө нойр муутай хоносон жолооны үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухад миний хажууд сууж явсан Жамъянжав надад байгаа гэж хариулсан. Тэгэхээр нь би эгч нь Чойр хүртэл машинаа бариад явчихъя тэгээд чи цаашаа явчих гэтэл тэг тэг за жоохон амраад явчих гэж хариулсан. Тэгээд бид хоёр Чойр дээр зогсоод жолоогоо солиод би унтаад явсан. Тэгээд гэнэт машин мөргөлдөөд миний нүд харанхуйлаад бие өвдөөд орилсон. Би тухайн үед толгойгоо дийлэхгүй ойр орчныг анзаарч чадахгүй байсан. Тэгээд би тухайн үед юу болж байгааг мэдээгүй эмнэлэг дээр очсон. Баруун талын хавирганы 80% хугаралттай, 20% цууралттай байна гэсэн. Мөн 4 хавирга зөрөөд уушгиа 3 цоолсон байна гэсэн. Миний аман хүзүүний цаад талын хоёр дахь хүзүү 2 хугарсан байна гэсэн. Толгойнд цус хуралт үүссэн. Би эрүүгийн хэрэгт өөрийн охин Энхзаяаг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтэй байна. Мөн эмчилгээний зардлыг буруутай жолоочоос гаргуулах хүсэлтэй байна...би машинаа эргүүлж бүтэн болгож авмаар байна. Мөн эрүүл мэнд болон санхүүгээрээ их хохирол хүлээсэн. Энэ учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...Миний хувьд энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч нийтдээ 1.293.700 төгрөгийн хохирол учирсан нь баримтаараа хэрэгт байгаа. Мөн автомашины эвдрэл гэмтэлд 5.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан ба даатгалын байгууллагаас уг 5.500.000 төгрөгийг надад гаргаж өгсөн. Тийм болохоор Батжаргалаас 1.293.700 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 32-33, 167 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

Хохирогч М.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн орчимд ажлын шинэ жилээ дуусгаад Замын-Үүд сум руу явахаар болоод хамт ажилладаг залуутай буюу Угтахбаярын хамт ээжийнх нь найз гэх Дашмаа гээд эгчийн машинд суугаад 1 цагийн орчим Улаанбаатар хотоос гарсан юм. Бид нар приус машин дотор тавуулаа явж байсан ба хойд талын суудал дээр гурвуул хамт явж байсан. Би тухайн үед арын суудлын голд нь суугаад явж байсан. Би замдаа унтаад явж байсан ба нэг мэдэхэд сууж явсан машины урд талын салоны хэсэгт хэвтэж байсан...буруутай машины жолоочоос эмчилгээний зардлыг төлүүлнэ, мөн сонсголын аппарат төлүүлнэ...би 5.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч М.Жанживдоржид учирсан гэх хохирлын баримтууд / 1 дүгээр хх-158-168 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би жолоочийн ар талд суучихсан, миний хажууд Жавчивдорж суучихсан байсан. Тэгээд би машинд суугаад унтаад өгсөн. Тэгтэл Чойрын цаад талд байдаг “Болор” гэх цайны газар дээр зогсоход би сэрсэн ба дотогшоо ороод Дашмаа эгч бид хоёр нэг нэг аяга кофе уучихаад хөдөлсөн. Тэгээд би унтаад өгсөн, тэр үед машин барьсан гэх залуу жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байсан ба нэг мэдэхэд тэр хоёр солигдоод тэр залуу машин барьчихсан явж байсан. Тэгээд нэг мэдсэн жингүйдэх шиг болоод явчихсан ба машин юм мөргөх шиг болсон. Тэгээд миний толгой эргээд хаалгаа онгойлгох гэтэл гажчихсан байсан ба Жанчивдорж машины урд талын суудлын тэнд байсан... тэр өдрөөс хойш миний толгой зовиуртай байгаа, эмчид үзүүлэх эмчилгээний зардлыг гаргуулна...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 38-39, 53- 54 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжпэгч М.Угтахбаярт учирсан хохирлын баримтууд/1 дүгээр хх-169-181 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6 цагийн орчим Цогоо гээд жолооч таны 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гаргачихлаа, хүмүүсийн бие муу байна, эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн... миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна... Би Батжаргалд ачааны машинаа өгөхдөө түүнийг С ангиллын үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзээгүй. Өмнө иймэрхүү машин жолоодож байсан туршлагатай гэхээр нь итгээд өгч байсан. Би хэргийн материалтай танилцахгүй. Мөн шүүх хуралд оролцохгүй, Учир нь надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй учраас энэ хэрэгт ороод баймааргүй байна... ” гэсэн мэдуүлэг /1 дүгээр хх-ийн 41- 42 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Гэрч Б.Жамъянжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сайншандаас Улаанбаатар хот руу ажлаар явсан юм. Тэгээд манай найз Энхзаяагийн ээж нь болох Дашмаа эгч шөнө Сайншанд руу явна гэж хэлэхээр нь би хамт явъя гээд 20.000 төгрөгөөр тохирсон юм. Би тухайн үед жолоочийн хажуу талын сандал дээр суусан байсан ба тухайн үед 02 цагийн орчим гарсан юм. Тэгээд жолооч эмэгтэйгээс гадна хойд талд 3 залуу суугаад 5-лаа хамт явж байсан юм. Тухайн үедээ Дашмаа эгч өмнөх орой нойргүй хоносон жолооны үнэмлэхтэй хүн байна уу гэж асууж байсан, надад В ангиллын үнэмлэх байгаа гэж хэлсэн, тэгээд Чойр дээр зогсоод би приус 20 маркийн тээврийн хэрэгслийг нь бариад цааш явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ба 25 дугаар зөрлөг рүү орж ирдэг мушгирсан замаар өгсөөд орж ирж байхад машин байгаа харагдсан ба туслах замаар орж ирж байгаа тээврийн хэрэгсэл зогсох байхдаа гэж бодтол шууд хөндлөн ороод ирсэн ба би тэр үед нь тормозоо гишгэтэл гулгасаар байгаад тэр том машины дугуйг нь мөргөөд зогссон. Тэр том тээврийн хэрэгсэл шууд ороод ирсэн би тухайн үед доороос өгсөж ирж байсан ба 80 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед гадаа харанхуй үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн үед миний толгой өвдөж баруун хөлийн өвдөг хэсгээрээ хавдсан байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй... ” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх- ийн 45, 49 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 168 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 40, 85 дугаар хуудас/,

Гэрч Б.Цогт-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу явахаар Дорноговь аймгийн Оюутны холбооны тэргүүн Жамъянжавын хамт 19-05 УНБ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинд хүн тус бүрийн 20.000 /хорин мянган/ төгрөгийн хөлс төлөн суусан. Улаанбаатар хотоос 2017 оны 12 дугаар сарын 24-ний 02 цаг өнгөрч байхад хөдөлсөн ба би Улаанбаатар хотоос гараад унтаад осол болоход сэрсэн. Миний суусан 19-05 УНБ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинд Жамъянжав бид хоёроос гадна 2 эрэгтэй хүн байсан ба жолооч нь эмэгтэй хүн байсан. Намайг Улаанбаатар хотоос гараад унтахад 19-05 УНБ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг жолооч нь өөрөө жолоодож байсан осол гараад сэрэхэд оюутны холбооны тэргүүн Жамъянжав жолооны ард сууж байсан. Миний сууж явсан 19- 05 УНБ улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч эмэгтэй болон Б.Жамъянжав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдээгүй. Миний зүүн гарын булчин хэсгээр хавдаж хөндүүртэй байна, толгой өвдөж байна. Өөр зовиур байхгүй байна. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч С.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...НамаДаланжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байхад 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 06 цагийн орчимд Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 25 дугаар зөрлөгийн орчмоор дайран өнгөрөх Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн замд зам тээврийн осол гарсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсэний дагуу осол хэргийн газарт очиход 19-05 УНБ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан бөгөөд 19-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад гэрчилгээн дээр Хаан банкны эзэмшлийн нэр байсан уг тээврийн хэрэгслийг Б.Жамъянжав гэгч нь жолоодон явсан байсан, 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Батжаргал гэгч нь жолоодон явсан, би осол хэргийн газарт үзлэг хийж материалыг мөрдөн байцаах тасагт шилүүлсэн. Намайг осол болсон хэргийн газарт очиход хоёр машины жолооч зорчигч нар машинаас гарсан байсан болохоор жолооч зорчигч нар осол болох үед хамгаалах бүс хэрэглэж явсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/014 дугаартай шинжээчийн: “...М.Угтахбаярын биед тархи доргилт, баруун 2 дугаар хуруу, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/019 дугаартай шинжээчийн: “...Э.Дашмаагийн биед баруун уушгины шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, баруун 2-7-р хавирганы хугарал, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.Дашмаагийн биед учирсан баруун уушигны шалчийлт, цээжний хөндий дэх цус хуралт, баруун 2-7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 20оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/018 дугаартай шинжээчийн: “...М.Жанчивдоржийн биед зүүн шагайн дотор хэсгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/, Шинжээч Б.Батцэвэрийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “...Зтээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Норд Бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Батжаргал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн 02 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/, Тээврийн цагдаагийн албаны шинжээч С.Галбадрах. А.Оюун-Эрдэнэ, Ц.Эрдэнэбат нарын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 724 дугаартай шинжээчийн: “...Норд Бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Норд Бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн “Нийтлэг үндэслэл”-д “Зам тавьж өгөх” замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл хийх” гэж заасныг баримтлах ёстой...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 179-180 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээч Н.Шинэбаатар, Х.Одбаяр, Ж.Энхтайван, Б.Энхбадрал, Б.Амарсанаа нарын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн: “...19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Жамъяанжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Жамъяанжав нь осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд хариулах боломжгүй бөгөөд хурдыг мөн тодорхойлох боломжгүй болно. 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч.Батжаргал нь осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд хариулах боломжгүй бөгөөд хурдыг мөн тодорхойлох боломжгүй болно. Осол болохоос өмнө 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Жамъяанжавд шилжүүлсэн Э.Дашмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол нь жолооч Ч.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс шууд шалтгаалан гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /3 дугаар хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ч.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хар алт” ХХК-ний нүүрсийн уурхайд нүүрсний тээвэр хийдэг “Мөнх нар од” ХХК-д тээврийн жолоочоор ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинтай “Чингисийн хар алт” нүүрсний уурхайгаас Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачилт буулгалтын талбай руу нүүрсний тээвэр хийж байсан. 2017 оны 12 дугаар сарын 24-ний 05 цаг 10 минутанд 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинд “Чингисийн хар алт” нүүрсний уурхайгаас Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачилт буулгалтын талбай руу нүүрс ачин явж байсан чинь 06 цагийн үед Даланжаргалан сумын 5-р багийн хойд талын засмал замд дөхөж ирээд би машиныхаа арааг салган замын ертөнцийн зүгээр хойд талд нь хурдаа сааруулан ирж зам хөндлөн гарах гээд замын хоёр тал руу харахад ямар нэгэн машины гэрэл харагдахгүй болохоор нь би араагаа хүндрүүлэн зам хөндлөн гарч замын голын тусгаарлах цагаан зураас өнгөрч байсан чинь Улаанбаатар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг зуу гаран метрээс машины гэрэл харагдсан тэгээд би тэр машиныг хурдаа сааруулах байх гэж бодоод явж байсан чинь гэнэт миний жолоодож явсан 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашины баруун талаас мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоох гээд тормос гишгэсэн чинь тормос барихгүй байсан, тэгээд 20 метр орчим газар явж байгаад зогссон. Тэгээд би машинаасаа бууж ирээд машиныхаа урд талаар тойроод миний жолоодож явсан 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашиныг мөргөсөн машин дээр очсон чинь нэг эрэгтэй хүний хөлийг нь жолоочийн хажуу талын хаалгаар гаргаж байхаар нь би туслаж гаргасан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/ Шүүгдэгч Ч.Батжаргалын ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Батжаргал нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн авто зам дээр 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчин уг замаар зорчин явсан 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Дашмаагийн эрүүл мэндэд хүнд, хохирогч М.Жанчивдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол болсон газарт 19-05 УБН улсын дугаартай тоёото приус-20 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай, 49-42 УНМ улсын дугаартай норд бенз маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тус аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгийг 2017 оны 12 сарын 24-ний өглөөний 06 цагаас 07 цаг хүртэл шүүж үзэхэд бичлэгт 2017 оны 12 сарын 24-ний өглөөний 06 цаг 01 минут 45 секундэд туслах замаас автомашины гэрэл төв зам руу орж, ирж байгаа харагдах ба 06 цаг 01 минут 48 секундэд төв замаар явж байгаа тээврийн хэрэгслийн гэрэл гарч ирж, байгаа харагдаж байна. 06 цаг 01 минутын 51 секундэд дөрвөн замын уулзвар дээр 2 автомашин мөргөлдөж, зам тээврийн осол гарсан бичлэг байв. Хяналтын камерын бичлэгийг сидинд хуулбарлав... Мөн бичлэг бүхий сидиг хэрэгт ач холбогдолтой тул эд мөрийн баримтаар тооцсон” тухай прокурорын тогтоол, хохирогч М.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад над руу үүрээр Жамъянжав гэх хүн миний 94089922 утасны дугаар луу 06 цаг 35 минутын орчим залгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо гэх газар машинтай мөргөлдчихлөө гэж надруу хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад өөрийн 2 найз Хандсүрэн, Дэлгэртогтох нартай приус машин бариад явж байсан залуугийн ахтай Даланжаргалан суманд дээр очсон. Намайг очиход эмч нь биеийн байдал их муу, бид нар авах ёстой арга хэмжээг авсан, дотуур цус алдаж байгаа болохоор яаралтай авч явах хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгээд би Сайншандаас машин дуудаад 13-14 цагийн орчим Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд 103-д үзүүлээд томографикт үзүүлээд маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уушиг цоорсон, тэрний хагалгаа, мөн 12 хавирга муруйлттай, 6 хавирга нь хугарсан байсан, тэрний хагалгаанд орсон. Тэгээд манай ээж 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Машинаа бүрэн болгож авмаар байна, мөн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна... Тухайн зам тээврийн ослын улмаас манай ээж Дашмаа хүнд бэртэл авч яаралтай хагалгаанд орсон, эмчилгээний төлбөрийг буруутай этгээд нь ямар ч мөнгө төгрөг өгөөгүй тул осолд орсон 19-05 УНБ улсын дугаартай автомашиныг задалж сэлбэгийг нь үл таних хүмүүст 500 000 төгрөгөөр зарсан. Даатгалаас ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Манай ээж Дашмаа одоо Өмнөговь аймагт хөдөө байгаа холбоо барих ямар нэгэн дугаар байхгүй. Биеийн байдал сайжирч байгаа...” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Дашмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний шилжих шөнө өөрийн найз Мөнх-Алдарын хүү Угтахбаярыг Замын- Үүд сум руу хүргэж өгөх гээд явахаар болсон юм. Тэгээд миний охин Энхзаяагийн ажлын 2 хүнийг аваад шөнө 01 цагийн орчим Улаанбаатар хотоос тавуулаа гарсан юм. Би явж байх замдаа эгч нь шөнө нойр муутай хоносон жолооны үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухад миний хажууд сууж явсан Жамъянжав надад байгаа гэж хариулсан. Тэгэхээр нь би эгч нь Чойр хүртэл машинаа бариад явчихъя тэгээд чи цаашаа явчих гэтэл тэг тэг та жоохон амраад явчих гэж хариулсан. Тэгээд бид хоёр Чойр дээр зогсоод жолоогоо солиод би унтаад явсан. Тэгээд гэнэт машин мөргөлдөөд миний нүд харанхуйлаад бие өвдөөд орилсон. Би тухайн үед толгойгоо дийлэхгүй ойр орчныг анзаарч чадахгүй байсан. Тэгээд би тухайн үед юу болж байгааг мэдээгүй эмнэлэг дээр очсон. Баруун талын хавирганы 80% хугаралттай, 20% цууралттай байна гэсэн. Мөн 4 хавирга зөрөөд уушгиа 3 цоолсон байна гэсэн. Миний аман хүзүүний цаад талын хоёр дахь хүзүү 2 хугарсан байна гэсэн. Толгойнд ус хуралт үүссэн. Би эрүүгийн хэрэгт өөрийн охин Энхзаяаг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтэй байна. Мөн эмчилгээний зардлыг буруутай жолоочоос гаргуулах хүсэлтэй байна...би машинаа эргүүлж бүтэн болгож авмаар байна. Мөн эрүүл мэнд болон санхүүгээрээ их хохирол хүлээсэн. Энэ учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. ...Миний хувьд энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч нийтдээ 1.293.700 төгрөгийн хохирол учирсан нь баримтаараа хэрэгт байгаа. Мөн автомашины эвдрэл гэмтэлд 5.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан ба даатгалын байгууллагаас уг 5.500.000 төгрөгийг надад гаргаж өгсөн. Тийм болохоор Батжаргалаас 1.293.700 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн орчимд ажлын шинэ жилээ дуусгаад Замын-Үүд сум руу явахаар болоод хамт ажилладаг залуутай буюу Угтахбаярын хамт ээжийнх нь найз гэх Дашмаа гээд эгчийн машинд суугаад 1 цагийн орчим Улаанбаатар хотоос гарсан юм. Бид нар приус машин дотор тавуулаа явж байсан ба хойд талын суудал дээр гурвуул хамт явж байсан. Би тухайн үед арын суудлын голд нь суугаад явж байсан. Би замдаа унтаад явж байсан ба нэг мэдэхэд сууж явсан машины урд талын салоны хэсэгт хэвтэж байсан...буруутай машины жолоочоос эмчилгээний зардлыг төлүүлнэ, мөн сонсголын аппарат төлүүлнэ...би 5.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би жолоочийн ар талд суучихсан, миний хажууд Жавчивдорж суучихсан байсан. Тэгээд би машинд суугаад унтаад өгсөн. Тэгтэл Чойрын цаад талд байдаг “Болор” гэх цайны газар дээр зогсоход би сэрсэн ба дотогшоо ороод Дашмаа эгч бид хоёр нэг нэг аяга кофе уучихаад хөдөлсөн. Тэгээд би унтаад өгсөн, тэр үед машин барьсан гэх залуу жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байсан ба нэг мэдэхэд тэр хоёр солигдоод тэр залуу машин барьчихсан явж байсан. Тэгээд нэг мэдсэн жингүйдэх шиг болоод явчихсан ба машин юм мөргөх шиг болсон. Тэгээд миний толгой эргээд хаалгаа онгойлгох гэтэл гажчихсан байсан ба Жанчивдорж машины урд талын суудлын тэнд байсан... тэр өдрөөс хойш миний толгой зовиуртай байгаа, эмчид үзүүлэх эмчилгээний зардлыг гаргуулна...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6 цагийн орчим Цогоо гээд жолооч таны 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гаргачихлаа, хүмүүсийн бие муу байна, эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн... миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна... Би Батжаргалд ачааны машинаа өгөхдөө түүнийг С ангиллын үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзээгүй. Өмнө иймэрхүү машин жолоодож байсан туршлагатай гэхээр нь итгээд өгч байсан. Би хэргийн материалтай танилцахгүй. Мөн шүүх хуралд оролцохгүй, Учир нь надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй учраас энэ хэрэгт ороод баймааргүй байна... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Жамъянжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сайншандаас Улаанбаатар хот руу ажлаар явсан юм. Тэгээд манай найз Энхзаяагийн ээж нь болох Дашмаа эгч шөнө Сайншанд руу явна гэж хэлэхээр нь би хамт явъя гээд 20.000 төгрөгөөр тохирсон юм. Би тухайн үед жолоочийн хажуу талын сандал дээр суусан байсан ба тухайн үед 02 цагийн орчим гарсан юм. Тэгээд жолооч эмэгтэйгээс гадна хойд талд 3 залуу суугаад 5- лаа хамт явж байсан юм. Тухайн үедээ Дашмаа эгч өмнөх орой нойргүй хоносон жолооны үнэмлэхтэй хүн байна уу гэж асууж байсан, надад В ангиллын үнэмлэх байгаа гэж хэлсэн, тэгээд Чойр дээр зогсоод би приус 20 маркийн тээврийн хэрэгслийг нь бариад цааш явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ба 25 дугаар зөрлөг рүү орж ирдэг мушгирсан замаар өгсөөд орж ирж байхад машин байгаа харагдсан ба туслах замаар орж ирж байгаа тээврийн хэрэгсэл зогсох байхдаа гэж бодтол шууд хөндлөн ороод ирсэн ба би тэр үед нь тормозоо гишгэтэл гулгасаар байгаад тэр том машины дугуйг нь мөргөөд зогссон. Тэр том тээврийн хэрэгсэл шууд ороод ирсэн, би тухайн үед доороос өгсөж ирж байсан ба 80 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед гадаа харанхуй үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн үед миний толгой өвдөж баруун хөлийн өвдөг хэсгээрээ хавдсан байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ЦогтОчирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу явахаар Дорноговь аймгийн Оюутны холбооны тэргүүн Жамъянжавын хамт 19-05 УБН улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинд хүн тус бүрийн 20.000 /хорин мянган/ төгрөгийн хөлс төлөн суусан. Улаанбаатар хотоос 2017 оны 12 дугаар сарын 24-ний 02 цаг өнгөрч байхад хөдөлсөн ба би Улаанбаатар хотоос гараад унтаад осол болоход сэрсэн. Миний суусан 19-05 УБН улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинд Жамъянжав бид хоёроос гадна 2 эрэгтэй хүн байсан ба жолооч нь эмэгтэй хүн байсан. Намайг Улаанбаатар хотоос-гараад унтахад 19-05 УБН улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг жолооч нь өөрөө жолоодож байсан, осол гараад сэрэхэд оюутны холбооны тэргүүн Жамъянжав жолооны ард сууж байсан. Миний сууж явсан 19-05 УБН улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч эмэгтэй болон Б.Жамъянжав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдээгүй. Миний зүүн гарын булчин хэсгээр хавдаж хөндүүртэй байна, толгой өвдөж байна. Өөр зовиур байхгүй байна. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Даланжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байхад 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 06 цагийн орчимд Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 25 дугаар зөрлөгийн орчмоор дайран өнгөрөх Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн замд зам тээврийн осол гарсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсэний дагуу осол хэргийн газарт очиход 19-05 УНБ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин, 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан бөгөөд 19-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад гэрчилгээн дээр Хаан банкны эзэмшлийн нэр байсан уг тээврийн хэрэгслийг Б.Жамъянжав гэгч нь жолоодон явсан байсан, 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Батжаргал гэгч нь жолоодон явсан, би осол хэргийн газарт үзлэг хийж материалыг мөрдөн байцаах тасагт шилүүлсэн. Намайг осол болсон хэргийн газарт очиход хоёр машины жолооч зорчигч нар машинаас гарсан байсан болохоор жолооч зорчигч нар осол болох үед хамгаалах бүс хэрэглэж явсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуудаг Чингисийн хар алт ХХК-ний нүүрсийн уурхайд нүүрсний тээвэр хийдэг “Мөнх нар од” ХХК-д тээврийн жолоочоор ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинтай Чингисийн хар алт нүүрсний уурхайгаас Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачилт буулгалтын талбай руу нүүрсний тээвэр хийж байсан. 2017 оны 12 дугаар сарын 24-ний 05 цаг 10 минутанд 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинд Чингисийн хар алт нүүрсний уурхайгаас Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачилт буулгалтын талбай руу нүүрс ачин явж байсан чинь 06 цагийн үед Даланжаргалан сумын 5-р багийн хойд талын засмал замд дөхөж ирээд би машиныхаа арааг салган замын ертөнцийн зүгээр хойд талд нь хурдаа сааруулан ирж зам хөндлөн гарах гээд замын хоёр тал руу харахад ямар нэгэн машины гэрэл харагдахгүй болохоор нь би араагаа хүндрүүлэн зам хөндлөн гарч замын голын тусгаарлах цагаан зураас өнгөрч байсан чинь Улаанбаатар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг зуу гаран метрээс машины гэрэл харагдсан тэгээд би тэр машиныг хурдаа сааруулах байх гэж бодоод явж байсан чинь гэнэт миний жолоодож явсан 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашины баруун талаас мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоох гээд тормос гишгэсэн чинь тормос барихгүй байсан тэгээд 20 метр орчим газар явж байгаад зогссон. Тэгээд би машинаасаа бууж ирээд машиныхаа урд талаар тойроод миний жолоодож явсан 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашиныг мөргөсөн машин дээр очсон чинь нэг эрэгтэй хүний хөлийг нь жолоочийн хажуу талын хаалгаар гаргаж байхаар нь би туслаж гаргасан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгүүд, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 1800 тоот дүгнэлтэнд: “...Э.Дашмаагийн эзэмшлийн тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 5 500 000 төгрөгийн хохирол учирсан...”, хохирогч Э.Дашмаад учирсан гэх 1 293 700 төгрөгийн хохирлын баримтууд, хохирогч М.Жанживдоржид учирсан гэх хохирлын баримтууд, Иргэний нэхэмжпэгч М.Угтахбаярт учирсан хохирлын баримтууд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/014 дугаартай шинжээчийн: “...М.Угтахбаярын биед тарх доргилт, баруун 2 дугаар хуруу, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/019 дугаартай шинжээчийн: “...Э.Дашмаагийн биед баруун уушгины шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, баруун 2-7-р хавирганы хугарал, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.Дашмаагийн биед учирсан баруун уушигны шалчийлт, цээжний хөндий дэх цус хуралт, баруун 2-7 хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна...”, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/018 дугаартай шинжээчийн: “...М.Жанчивдоржийн биед зүүн шагайн дотор хэсгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлтүүд, шинжээч Б.Батцэвэрийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн: “...Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Норд Бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Батжаргал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээч С.Галбадрах, А.ОюунЭрдэнэ, Ц.Эрдэнэбат нарын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 724 дугаартай шинжээчийн: “...Норд Бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9- д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Норд Бенз маркийн 49-42 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн “Нийтлэг үндэслэл”-д “Зам тавьж өгөх” замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл” гэж заасныг баримтлах ёстой...” гэсэн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээч Н.Шинэбаатар, Х.Одбаяр, Ж.Энхтайван, Б.Энхбадрал, Б.Амарсанаа нарын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн:“...19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Жамъяанжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Жамъяанжав нь осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд хариулах боломжгүй бөгөөд хурдыг мөн тодорхойлох боломжгүй болно. 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч.Батжаргал нь осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд хариулах боломжгүй бөгөөд хурдыг мөн тодорхойлох боломжгүй болно. Осол болохоос өмнө 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Жамъяанжавд шилжүүлсэн Э.Дашмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол нь жолооч Ч.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс шууд шалтгаалан гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтүүд болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 24-ны өглөөний 06 цагийн орчимд шүүгдэгч Ч.Батжаргал нь 49-42 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг, Замын хөдөлгөөний дүрмийн 12.9- д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гол замаар явж байсан 19-05 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Э.Дашмаагийн эрүүл мэндэд баруун уушгины шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, баруун 2-7-р хавирганы хугарал, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол, хохирогч М.Жанчивдоржийн эрүүл мэндэд зүүн шагайн дотор хэсгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.Угтахбаярын эрүүл мэндэд тархи доргилт, баруун 2 дугаар хуруу, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Батжаргал: “...хойд талд нь хурдаа сааруулан ирж зам хөндлөн гарах гээд замын хоёр тал руу харахад ямар нэгэн машины гэрэл харагдахгүй болохоор нь би араагаа хүндрүүлэн зам хөндлөн гарч замын голын тусгаарлах цагаан зураас өнгөрч байсан чинь Улаанбаатар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг зуу гаран метрээс машины гэрэл харагдсан тэгээд би тэр машиныг хурдаа сааруулах байх гэж бодоод явж байсан чинь гэнэт миний жолоодож явсан 49-42 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашины баруун талаас мөргөсөн...” гэж мэдүүлж байгаа нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...тус аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгийг 2017 оны 12 сарын 24- ний өглөөний 06 цагаас 07 цаг хүртэл шүүж үзэхэд бичлэгт 2017 оны 12 сарын 24-ний өглөөний 06 цаг 01 минут 45 секундэд туслах замаас автомашины гэрэл төв зам руу орж, ирж байгаа харагдах ба 06 цаг 01 минут 48 секундэд төв замаар явж байгаа тээврийн хэрэгслийн гэрэл гарч ирж байгаа харагдаж байна. 06 цаг 01 минутын 51 секундэд дөрвөн замын уулзвар дээр 2 автомашин мөргөлдөж, зам тээврийн осол гарсан бичлэг байв гэсэн тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 724 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт зэргээр няцаагдаж гол замаар тээврийн хэрэгсэл ирж байгаа нь харагдаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Б-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл үйл явдлын бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Ноён хангай овогт Чойжилсүрэнгийн Батжаргалыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвартай залуу хүн учраас хөдөлмөр эрхэлж хохирлыг төлөх боломжтой учраас цагдан хоригдсон 213 хоногт дүйцүүлэн 6 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байна...” гэснийг хүлээн авах боломжгүй Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд харшлана гэж үзсэн болно. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь 213 цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD-ыг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

Хохирлын талаар: Хохирогч Э.Дашмаа нь эмчилгээний зардалд 1.293.700 төгрөгийн хохинэхэмжилж байгаагаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгахад 1 269 735 төгрөгний баримт байх тул хангаж шүүгдэгч Ч.Батжаргалаас гаргуулан хохирогчид олгож, зөрүү 23965 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хохирогч М.Жанчивдорж 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч 1 дүгээр хавтаст хэргийн 158-168 дугаар хуудаст авагдсан баримтыг шалгахад 598 045 төгрөгийн эмчилгээний баримт авагдсан ба 5 000 000 төгрөг нь юуны хохирол болох, энэ талаар нотлох баримт байгаа эсэх талаар мэдүүлээгүй байх тул нотлох баримтын хэмжээгээр хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, 4 401 955 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, иргэний нэхэмжлэгч М.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эмчид үзүүлэх, эмчилгээний зардлыг гаргуулна...” гэсэн байх тул хавтаст хэргийн 169-180 дугаарт авагдсан эмчилгээний зардлын баримтыг шалгахад 477 302 төгрөгний баримтын хэмжээнд ханган шүүгдэгчээс хохирлыг гаргуулж, бусад нэхэмжлэлийн талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Батжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сарын/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-н цагдан хоригдсон 213 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 1 269 735 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дашмаад, 598 045 төгрөгийг хохирогч М.Жанчивдоржид, 477 302 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Угтахбаяр нарт тус тус олгож, хохирогч Э.Дашмаагийн нэхэмжлэлээс 23965 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дашмаа, М.Угтахбаяр, М.Жанчивдорж нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөнч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА