Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

2020      11        05                                            2020/ШЦТ/346

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Дуламжавын Нямсүрэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулах яллах дүгнэлт үйлдаж ирүүлсэн Шорд овогт Пүрэвсүрэнгийн Саруултуяа нарт холбогдох 2021004720361 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 01-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Чонос овогт Дуламжавын Нямсүрэн. /РД: *******/

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Шорд овогт Пүрэвсүрэнгийн Саруултуяа. /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Дуламжавын Нямсүрэн нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ногоон төгөл” амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдан улмаар *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Саруултуяа нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ногоон төгөл” амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тэй маргалдан улмаар *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед эхлээд ******* намайг хэл амаар доромжлоод байхаар нь би өөрийн түрээсэлж авсан гэрээсээ хөөх гэж очиход ******* нь шууд сандал дээр гарч зогсон миний нүүр рүү нэг удаа баруун хөлөөрөө өшиглөхөөр нь би газарт унагаан нүүр, хүзүүг нь хумсаараа маажсан бөгөөд цохиж өшиглөсөн зүйл байхгүй. ... иргэн *******гийн биед гэмтэл учруулсан өөрийн буруугаа сайн  ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Саруултуяа танихгүй хүмүүс дуудлаа гээд найз Батмөнхийг загнаад байсан бөгөөд миний хувьд  Батмөнхийг дуудахад нь танихгүй хүмүүс байсныг мэдээгүй энэ байдлаас болж маргалдан улмаар намайг зодох болсон гэж бодож байна. Би Саруултуяагийн нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд өөр ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй. ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/

 

Шүүгдэгч *******гийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нямсүрэн архи нэхээд байхаар нь би архи уух дуртай юм бол өөрсдөө мөнгөө төлөөд авч уу гэж хэлэхэд Нямсүрэн надад уурлаад зайл гэж хэлэхээр нь би мөн урдаас нь би өөрийнхөө түрээсэлж авсан гэрт байна. ... чи өөрөө зайл гэж хэлэхэд Нямсүрэн уурлаад ширээн дээр байсан хоол, цай, ус, ундаа, архи зэргийг асгасан. ... улмаар унтах гээд хэвтэж байхад Нямсүрэн чанга яриад байхаар нь чимээгүй бай гэж хэлэхэд ... Нямсүрэн надад хандаж халтар гичий минь дуугуй бай гэж хэлэхээр нь би хэвтэж байснаа босоод Нямсүрэнгийн өөдөөс нь чи миний дууг хорьдог хэн бэ гээд очиход Нямсүрэн ... сандал дээр зогсоод хөлөөрөө миний зүүн нүд рүү нэг удаа өшиглөсөн ... намайг газарт унагааж нүүрийг маань маажсан ... миний хувьд эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,

Шүүгдэгч *******гийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саруултуяа намайг газарт унагааж миний үснээс зулгааж нүүр, хүзүүг маань хумсаараа маажсан юм. Энэ үед надтай хамт ирсэн найз Мөнхтуяа, Цацрал 2 миний дээр сууж байсан Саруултуяаг надаас салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/, 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 620 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. *******гин биед нүүр, хүзүүний олон тооны зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 629 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. *******гийн биед зүүн нүд, хацар зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-51, 53, 54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Дуламжавын Нямсүрэн нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ногоон төгөл” амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдан улмаар *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Саруултуяа нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ногоон төгөл” амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тэй маргалдан улмаар *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч-хохирогч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч-хохирогч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 620, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 629  дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзээд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч-хохирогч *******, ******* нар харилцан бие биендээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Дуламжавын Нямсүрэн, Пүрэвсүрэнгийн Саруултуяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн *******, шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Дуламжавын Нямсүрэн, Шорд овогт Пүрэвсүрэнгийн Саруултуяа нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дуламжавын Нямсүрэн, Пүрэвсүрэнгийн Саруултуяа нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дуламжавын Нямсүрэн, Пүрэвсүрэнгийн Саруултуяа нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч  *******, ******* нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн *******, шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

                                                                                                                                                                                  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА