Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг, 

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч Д.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Саарал адуут овогт Дармаа Ганболдод холбогдох 201619000118 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 5б дугаар гудамж 15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Саарал адуут овогт Дармаагийн Ганболд /РД:НЮ73070674/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Д.Ганболд нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 5б-р гудамжны 15 тоотод өөрийн гэртээ иргэн М.Эрдэнэбатыг унтуулж амраасангүй гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 02  сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №78 тоот актанд:

1. М.Эрдэнэбатын биед чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-18 тал/,

    -шүүгдэгч Д.Ганболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас лавлагаа /хх-32/,

  -шүүгдэгч Д.Ганболдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-23-24 тал/, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-27 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                       

 

Шүүгдэгч  Д.Ганболдод холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

           

            Хохирлын талаар:

           Хохирогч М.Эрдэнэбат нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болно.

                                     

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

                                               ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Саараладуут овогт Дармаагийн Ганболд нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг  3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Ганболдод оногдуулсан 03 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дах хэсэгт зааснаар ялтан Д.Ганболдыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсугай. 
  5. Шүүгдэгч Д.Ганболд нь цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Ганболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ