Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1168

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Одбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00656 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Одбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ноцтээвэр” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 6 250 000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 750 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Н.Одбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Баттогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хонгорзул

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Одбаяр миний бие 2012 онд “Эн Өү Ти Эс” ХХК-д туслах ажилтанаар ажилд орсон. Гэтэл тус компанийн охин компани болох “Ноц тээвэр” ХХК нь үүсгэн байгуулагдсан ба тус ХХК-д миний ажлын орон тоог шилжүүлсэн байдаг. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 01-нд “Ноцтээвэр” ХХК-ийн захиралын тушаал механикаар ажиллаж эхэлсэн. Гэтэл “Ноцтээвэр” ХХК-ийн захирлын тушаалаар гарч надад холбогдуулан хуулийн үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан. Мөн уг тушаалаар нэг зөрчилд 2 арга хэмжээг давхардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 131.3-т заасныг ноцтой зөрчсөн. Арга хэмжээ авсан тушаал гарсан өдрөөс 5 хоногийн дараа мөн захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2016 оны 02 дугаар сарын 16, 2015 оны 12 дугаар сард тооллого хийсэн комисс бичиг хийж өгсөн байсан. Тэр баримт бол худлаа, яагаад гэвэл би н.Мөнх захирал, нягтлан бодогч н.Оюунгэрэл, нярав н.Дөлгөөн нартай явж тоолдог байсан. Нотлох баримтаар өгсөн бичигт миний нэр гарын үсэг байхгүй байсан. Мөн миний нэр дээр 2 000 000 төгрөг орчим үнэтэй багаж байдаг, намайг багажаа тоолуулаагүй бол компанийн засвар үйлчилгээний ажил зогсоно. Хэрэв нэг ширхэг түлхүүр дутсан бол тухай бүрт нь төлж байсан акт ч байх ёстой. 2016 оны 05 дугаар сарын 02-нд ажил хүлээж авахдаа бүх багажийг тоолоход 1 ширхэг ч багаж дутаагүй. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл засварын ажил хийгдээгүй, миний багаж хэрэглэгдээгүй байсан учраас хэвээрээ байж байсан. Техник ашиглалтын паспортын хувьд гэрчээр оролцсон Дуламжав нь Н.Одбаяраас өмнөх хүмүүс хөтөлж байсан гэсэн. Би энэ дэвтрүүдийн шкафны булангаас олж авсан бичилт хийгээгүй байхад нь би бичих гэж үзэхэд бүгд шинээрээ байсан. Ганц хоёр дэвтэрний эхний 1, 2 хуудас нь бөглөгдсөн байгаа. Тэр бөглөгдсөн нь миний бөглөсөн зүйл надаас өмнө болон хойно энэ дэвтрүүдийг хөтлөөгүй. Би захирал н.Мөнхөд танилцуулсан. Би хэл амаар доромжилж өөртэй нь зүй бус харьцаагүй. Яагаад удаа дараа ноцтой зөрчил гаргасан гээд байгааг би ойлгохгүй байна. Миний хамгийн гол үүрэг бол “Ноцтээвэр” ХХК-ийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хэзээ ч ажилд гарахад бэлэн байлгах ёстой. Эдгээрийг бэлэн байлгахад надад багаж хэрэгсэл хэрэгтэй. Би засварчин байсан. Энэ үүргээ гүйцэтгэж байхад н.Нямсүрэн захирал намайг энэ ажилд томилсон. Гол үүрэг бол техник ашиглалтын паспорттой холбоогүй, надад угаасаа хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Өөрийн нэр дээр хариуцаж авсан зүйлээ тоолуулах үүрэгтэй. Нотлох баримтаар ирүүлсэн баримт өөрөө худлаа баримт, би заавал тооллогын комисст оролцох албагүй, гэхдээ комисс ирээд би тоолуулаагүй бол чи дараа хэдний өдөр тоолуулах ёстой гэж хэлээд гарын үсэг зуруулж баталгаажуулж авах ёстой. Надаас тэгж авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ноцтээвэр” ХХК нь 2014 онд анх Н.Одбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 04 дүгээр сарын 04-нд хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцласан. “Ноцтээвэр” ХХК-ийн захирлын тушаалаар Н.Одбаярт сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, хөдөлмөрийн гэрээний 3.2.3, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн үйл ажиллагааны 3.1.9, 3.1.10, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1, 8.3 гэх заалтуудыг тус тус үндэслэн цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Н.Одбаяр багажны тооллого 2015 онд хийгээгүй, мөн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр багаж дутуу гэсэн шалтгаанаар тооллого хийлгэх боломжгүй гэсэн хариу өгч 2 удаа багажны тооллого хийлгээгүй учраас дээрх сахилгын шийтгэлийн ногдуулсан. Багажны тооллого хийх ёстой юу гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 зүйл, дотоод журмын 8.2.1, 8.3-т заасны дагуу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн ажилтны аливаа зөрчил дутагдлыг хүнд хөнгөнд нь тохируулан сануулах арга хэмжээ авдаг. Ажилтан Н.Одбаярт ажлын байрны тодорхойлолтын 3.1.9, 3.1.10-т зааснаар цалингийн хэмжээ бууруулах арга хэмжээ авсан. Ийнхүү цалингийн хэмжээ бууруулж зөрчил дутагдлаа арилгахыг сануулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Ноцтээвэр” ХХК-ийн Н.Одбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1, 8.5.13, 8.5.15, хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 5.2.8-д заасныг үндэслэсэн. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ноцтээвэр” ХХК-ийн захиралын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах шийтгэл ногдуулсан, гэвч хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Ноцтой зөрчилд тооцох үндэслэл нь дотоод журмын 8.5.1-т заасан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 1 сард 80 хувиас доошгүй хувиар биелүүлсэн. Мөн 8.5.13-т заасан ажлын хариуцлага сахилгын зөрчил удаа дараа гаргаж арга хэмжээ авагдсан. Удаа дараа гэдэг нь багажны тооллого 2-с дээш удаа хийгээгүй, 8.5.13-т заасныг зөрчсөн учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан боловч техник ашиглалтын бүртгэл хийгээгүй, зөрчил дутагдлаа засаж сайжруулаагүй, цаашид хамт олонтойгоо ажиллах нөхцөлгүй болсон. “Ноцтээвэр” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Дуламжавтай зүй бусаар харилцсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн Н.Одбаярын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон акт үндэслэлтэй гарсан. Захирлын хувьд н.Мөнх захирал өөрөө гарын үсэг зурсан. Харин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал дээр толгой компанийн захирал гарын үсэг зурсан нь Н.Одбаярыг сахилгын зөрчил гаргаагүй гэсэн үндэслэл болохгүй. Тухайн үед толгой компани болон “Ноцтээвэр” ХХК нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг байсан учраас н.Мөнх захиралын эзгүйд н.Нямсүрэн захирал гарын үсэг зурсан. Бид хөдөлмөрийн гэрээгээр тохирсон. Хэрхэн тохирсон тухай Н.Одбаярыг ажил авсан тушаалд тодорхой бичсэн байна. Багажны тооллого хийгээгүй, багаж хэрэгсэл дутсан асуудал энд яриагүй. Багажны тооллого хийгээгүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор та үүргээ биелүүлээгүй байна гээд таныг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулж, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учраас таныг цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй юм байна гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан. Ийм учраас бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Н.Одбаярыг “Ноцтээвэр” ХХК-ийн механик инженжерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Одбаярын ажилгүй байсан хугацааны цалин 6 250 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 750 000 төгрөгийг хариуцагч “Ноцтээвэр” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Одбаярын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Ноцтээвэр” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Одбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ноцтээвэр “ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарж чадаагүй гэж үзэж байна.

Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь "Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 6 250 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 750 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг гаргуулах" байсан бөгөөд уг шаардлагын дагуу хэргийг хянан шийдвэрлэхийн тулд ажлаас халах тушаалын хууль зүйн үндэслэлийг тодруулах шаарлагатай байсан.

Нэг. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй.

Хариу тайлбарын үндэслэлийг нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж дараах баримтыг гаргасан боловч хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

"Ноц тээвэр" ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1602/05 дугаартай захирлын тушаалаар Н.Одбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл болох компанийн хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт хамааралгүй хэмээн дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх "захирлын тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1. 8.5.13, 8.5.15 дах хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна" хэмээн дүгнэсэн атлаа хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг "Ноцтээвэр" ХХК-ийн толгой компани "Эн Өү Ти Эс" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан тул хэрэгт хамааралгүй байна хэмээн дүгнэсэн нь хариу тайлбарын хууль зүйн үндэслэлийг хэрэгт ач холбогдолтой байдлаар үнэлээгүй хэмээн дүгнэж байна. Учир нь тушаалын хууль зүйн үндэслэл дээр компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг тусгасан байсан.

Ажилгүйдлийн тэтгэмж авсан баримт болон ээлжийн амралт олгосон талаар нөхцөл байдлыг тодруулаагүй. Нэхэмжлэгч Н.Одбаяр ажилгүйдлийн тэтгэмж авсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн байхад ажилгүй байсан хугацааны цалин 6 250 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн ээлжийн амралтын талаар өгчихсөн гэдгийг хариуцагч шүүхэд тайлбарласан боловч нэхэмжлэгч Н.Одбаяр ээлжийн амралтын мөнгө аваагүй гэдгийг нотлоогүй байхад ээлжийн амралтын мөнгө 750 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн бодит үнэлж чадаагүй байна.

Хоёр. Шүүх ажлаас халсан тушаалыг хянаж хууль ёсны шийдвэр гаргаагүй.

Шүүх нэхэмжлэгч тушаалын хууль зүйн үндэслэл болон Н.Одбаярын гаргасан зөрчилд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурлан дүгнэлт гаргасан нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна. 

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1603/03 тоот "Сануулга өгөх тухай" тушаал бол Н.Одбаярын зөрчилд тохируулан ногдуулсан ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулж буй эрх зүйн акт бөгөөд аль хэдийнэ хэрэгжээд эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байсан. Тиймээс нэхэмжлэгч Н.Одбаяр нь сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаалыг үл хайхарч зөрчил дутагдлыг арилгаагүй тул ажил олгогч ажлаас чөлөөлсөн байдаг. Энэхүү хэрэгт нэхэмжлэгч Н.Одбаяр нь зөвхөн ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүхээр хянуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шүүх сахилгын шийтгэл ногдуулсан актын хууль зүйн үндэслэлийг хянаж хэрэгт хамааралгүй дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д "хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасны дагуу тушаалыг гардаж авснаас хойшхи хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхцөл нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй учир хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг шүүх тодруулаагүй энэ талаар дүгнэлт гаргаагүй.

Гурав. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.

Ажлаас үндэслэлгүй халсан гэх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулалгүйгээр дараах дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

...Шүүх ажил олгогч алдаа дутагдлаа засах талаар мэдэгдсэн эсэхийг тодруулаагүй болохыг шүүх хурлын тэмдэглэлээс тодорхой харагдах болно. Мөн тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчиж буйг шүүх үндэслэлдээ огт дурдаагүй байгаа нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна. Н.Одбаярыг ажлаас халах тушаалын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж гаргасан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан заалтуудыг үндэслэж ажлаас халах тушаалыг гаргасан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Н.Одбаяр нь хариуцагч “Ноцтээвэр” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6 250 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 750 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан тушаал үндэслэлтэй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Одбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Ноцтээвэр” ХХК-д механикаар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1602/05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дотоод журмын 8.5.1, 8.5.13, 8.5.15-д заасныг тус тус үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 3-5, 6-7, 19, 26-30, 98-101/

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1, 8.5.13, 8.5.15-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй, ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв баримтлаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “Ноцтээвэр” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Одбаярт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар Н.Одбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлөгдөх байтал анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.  

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө ажилтны гаргасан гэх зөрчлийг өөрөө тогтоосон байх ёстой тул өөрийг нь оролцуулаагүй, өөрт нь танилцуулаагүй тооллогын баримтыг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлийг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Одбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ноцтээвэр” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН