Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 18

 

  2019             02             25                                                 18

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                               

              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

        Прокурор: Ө.Мөнхнавч,

        Яллагдагчийн өмгөөлөгч: З.Х,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Д-д холбогдох, эрүүгийн 1819002620143 дугаартай, 1 хавтас, 221 хуудас бүхий хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .........., ...... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... дугаар баг, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиад боржигон овогт Б–ийн Д /РД:ЕЕ61...../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Зүүнбаян болон Хамарын хийд явах пост дээр 85-38 УБВ улсын дугаартай Тоёота эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Б гаргасан зөрчлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодуулахгүй гэсэн шаардлага тавихад түүний нүүрэн тус газарт цохиж хүч хэрэглэн эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Хиад боржигон овогт Б-н Д-д холбогдох эрүүгийн 1819002620143 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хамт аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Шинэбаярт даалгаж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүхээс хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, дүгнэлт нь ойлгомжгүй, ЭХХШТХуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Аймгийн Прокурорын газраас 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 5-897 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэлтэст яллагдагч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 299 дугаартай дүгнэлтээр түүний биед учирсан гэмтэл нь гэмт хэрэг мөн эсэх, түүнийг хэн учруулсан асуудлыг шалгуулахаар тус газрын гэмт хэргийн нэгдсэн бүртгэлд бүртгэж хүргүүлсэн бөгөөд харъяаллын дагуу хүлээн авч шалгаж байгаа бөгөөд прокуророос хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Харин эрүүгийн 1819002620143 дугаартай яллагдагч Б.Дд холбогдох хэрэгт авагдсан хохирогч Ч.Б /хх 9-12/, гэрч М.Эрдэнэсувд /хх 18-20/, Б.Амартүвшин /хх 21-22/ нарын мэдүүлэг, шинжээчийн 285 дугаартай дүгнэлт /хх-42/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдох бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр түүний гэм буруутай эсэхийг тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд яллагдагч Б.Д нь хууль сахиулагч Ч.Бы “зөрчлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодуулахгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг үл тоож, эсэргүүцэн, шаардлагыг үл биелүүлж, тээврийн хэрэгслийг жолоодож явах гэсэн үйлдлийг гаргасан, өөрийнхөө цус болсон гараараа цагдаагийн албан хаагч Ч.Бы нүүрэн тус газарт удаа дараа алгадсан зэрэг үйлдэл нь хууль сахиулагчийн эсрэг чиглэсэн санаатай, идэвхитэй үйлдэл бөгөөд биед нь удаа дараа халдаж хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүхээс “яллагдагчийн зүгээс ямар сэдэлт зорилгоор хохирогч Бы биед халдсан гэх нөхцөл байдлыг хохирогчийн үйлдэлтэй холбогдуулан тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт прокурор А.Дүүрэнбилэг гэж яллах дүгнэлт үйлдээгүй прокурорын нэрийг бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны  байх шаардлагыг зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг шүүх зөрчиж хэргийг үндэслэлгүйгээр буцаасан бөгөөд яллагдагч Б.Дд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой тул тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч З.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шүүгчийн захирамжийг харвал гэмт хэргийн талаар нотлогдвол зохих асуудлыг тогтоолгүйгээр оруулж ирсэн тул хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж ойлгомжтой бичсэн.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Дыг хууль сахиулагчийн шийдвэрийг үл биелүүлж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон явах үйлдэл гаргасан, нүүрэнд нь цохисон үйлдлүүд нотлох баримтаар тогтоогдож байна гэдэг зүйл ярьдаг. Гэтэл яг энэ байдалтай холбоотой зэрэгцээ шалгалтууд явагдаж байгаа. Тухайлбал хохирогч Бд холбогдуулж нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэг дээр шалгалт явуулахдаа Бы үйлдлийн улмаас Дын биед хөнгөн гэмтэл учирсан, зодуулах үедээ өмсөж явсан цамц нь урагдсан, цусаар бохирлогдсон байдаг, үүнийг эд мөрийн баримтаар хураалгая. 2018.09.08-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд Б, Д нарыг тус тусад нь эмч үзсэн юм уу, хэргийн газрын үзлэгийг хийлгэе, хохирогч Дыг цаашаа хараад явж байхад нь хууль сахиулагч гэх Б араас нь татаж чангаагаад тэр хүнийг боож унагаж түүний эрх чөлөөнд халдсан энэ байдлыг нь тодруулъя гэх мэт гэмт хэрэг гарсантай холбоотойгоор олон хүсэлт гаргасан. Прокуророос хүлээн аваад хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэг асуудлыг хоёр янзаар шийдэж болдог юм уу. Бд холбогдох хэргийг тусдаа шийдвэрлэх. Дын хувьд хэргийн бодит байдлыг тусдаа шийдвэрлэх шаардлага байна уу. Энэ хэргийг тал бүрээс нь шийдвэрлэхэд саад болоод байгаа зүйл байна уу гэдгийг прокуророос тодруулсан. Өөрийнхөө хийсэн ажил болон цагдаагийн албан хаагч Баас мэдүүлгийг авсан. Бид зэрэгцээ шалгалт хийгдэж байгаа талаар баримтыг шүүхэд өгсөн. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа тодорхойгүй байгаа гэдэг нь үнэн. Яллагдагчийн зүгээс ямар сэдэл зорилгоор хохирогчийн биед халдсан гэх үйлдлийг хохирогчийн үйлдэлтэй холбогдуулан шалгаагүй буюу Бы өөрийнх нь үйлдэл хууль ёсны шаардлага байсан уу, хүч хэрэглэх шаардлага байсан юм уу, үгүй юм уу гэдэг нь тогтоогдоогүй учир хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Прокуророос, яллагдагч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх хэсэгт зааснаар “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч Ч.Бы биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлджээ.

Прокурор,  хэргийн оролцогчдын урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өгсөн дүгнэлт, санал, тайлбар болон цугларсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад хохирогч/хууль сахиулагч/ Ч.Б нь “хэв журам сахиулах үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэсэн эсхүл гүйцэтгээгүй” талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн албан хаагч “хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан эсхүл албадлагын арга хэмжээ авсан тухайн үйлдэл, үйл ажиллагаа” нь хуулийн дагуу хийгдсэн эсэхийг эрх бүхий байгууллага буюу Цагдаагийн байгууллагын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгжээс хийсэн албаны шалгалтын дүнгийн талаарх холбогдох баримт энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй төдийгүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.

Мөн дээр дурдсан нөхцөл байдал нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг үндэслэлтэй зөв тогтоох хуулийн шаардлагад нийцэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдал”-д хамаарч байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр шүүгчийн захирамжид “...прокурор Дүүрэнбилэг” гэж яллах дүгнэлт үйлдээгүй прокурорын нэрийг тэмдэглэсэн нь буруу байх боловч үүнийг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэхгүй, учир нь улсын яллагчийн санал, бусад оролцогчид энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж эсхүл тухайн шүүх өөрөө энэхүү алдааг залруулж болох юм. Харин анхан шатны шүүх энэ талаар цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА