Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00654

 

“Э С Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00872 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1263 дугаар магадлалтай,

“Э С Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Эад холбогдох

Сургалтын төлбөрт 22 563 739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч З.Уянга нарыг гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар дахь Б сургууль 2012 оны 09 дүгээр сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сурагч Э.Б, Э.Бнар манай сургуульд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр элсэн суралцаж байгаа бөгөөд бид Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар түүний эцэг Б.Э, эх Ж.Б нартай сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээ байгуулан сурагчийг суралцуулсан. Дээрх гэрээгээр Б.Э, Ж.Б нарын хүүхдэд боловсрол олгох үүргийг манай сургууль хүлээж, эцэг, эх нь тухайн жилийн сургалтын урьдчилгаанд тогтоосон тарифын дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ эцэг, эх нь биелүүлэхгүй 2017 оны сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй тул бид удаа дараа үүргээ биелүүлэн төлбөр төлөхийг шаардсан боловч бодитой үр дүн гараагүй. Эдгээр хүүхдүүд манай сургуулиас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хасагдсан. 2017 оны 03 дугаар сард сурагч Э.Бнь ангийн хүүхдийнхээ тоглодог хөзөр шиг тоглоомыг авснаас, энэ нь сургуулийн хувьд бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан ноцтой зөрчилд тооцогддог тул тухайн ангид хичээл орж байсан П Н багш ангийн хүүхдүүдийн өмнө гаргаж уучлалт гуйлгасан байдаг. Эдгээр хүүхдүүдийн сургуулиас гарсан асуудал шалтгаант холбоо нь тоглоом нуусан, сурагчийн ёс зүйн зөрчил, тухайн тоглоомыг олоход нэг өдрийн хичээл алдсан учир анги хамт олноос л уучлалт гуйлгасан болохоос биш, сургуулиар авч явсан зүйл байхгүй. Энэ маргаан сурагчийн ёс зүйн доголдлоос үүссэн, багшийн ёс зүйтэй асуудал тусдаа шалгагдаж байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагч тал хүүхдүүдээ сургуулиас гаргахдаа сургалтын төлбөрийг төлөөгүй. Эдгээр хүүхдүүд хичээлийн 3-р улирлын эхний өдөр сургуулиас гарсан гэж үзээд хоёр хүүхдийн 2016 оноос 2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийлээд 9 565 ам.долларыг монгол банкны валютын ханшаар хөрвүүлж тооцоод 22 563 739 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний дагуу тухайн хүүхэд манай сургуульд элсэн суралцаад жил бүр анги дэвшихдээ дахин бүртгэлийн маягт бөглөдөг. Сургалтын төлбөрийг дээрх гэрээгээр тохиролцдоггүй, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул компаний захирал тухайн жилийн сургалтын төлбөрийг тогтоож тушаал гаргадаг. 2016 оноос 2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 14 970 ам.доллараар тогтоосон бөгөөд хариуцагч тал хүүхдүүдийн суралцсан хугацаанд маргаж байгаа тул сургуулиас хасагдсан өдрөөр тооцож үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа. Бидний зүгээс сургалтын гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гэж шаардсан гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хүүхдүүдээ энэ сургуульд 2014 онд оруулахдаа гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй. Хүүхдүүдийг суралцах хугацаанд сургалтын төлбөрөө асуудалгүй төлж байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ангийн багш П Н нь хүүхдийг уйлуулж, энэ хүүхэд хулгай хийсэн гэж 1-5 дугаар ангиудаар оруулж, хүүхдийг харааж загнан, хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан учраас энэ өдөр сургуулиас гаргасан. Маргааш нь тухайн сургуулийн захиргаанд гомдол гаргаж, хүүхэд хамгаалах газарт хандсан. Хүүхдүүдийн хоорондоо тоглодог тоглоомноос болж миний хүүхдийг хулгайч гэж цоллон хүүхдийг сэтгэл санааны дарамтанд оруулж хохирол учруулсан тул бид тухайн сургуульд холбогдуулан Б сургуулийн энэ үйлдлийг хууль бусад тооцуулж, энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хүүхдүүд 2 дугаар улиралд суралцаагүй. Тус сургуулийн багшийн буруутай үйлдлээс болж миний хоёр хүүхэд ихэр учраас тэдгээрийн сэтгэл санаанд өөрчлөлт орж айсан, эмээсэн байдалтай болж сэтгэл зүйчид хандаж, тухайн сургуульд суралцах хүсэлгүй болж, сэтгэл санааны хохирол амссан. Энэ талаар Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн илтгэх хуудас бичигдсэн. Би хоёр хүүхдээ 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар дахь Америк сургуульд оруулж төлбөрийг төлсөн. Ингэж өөр сургуульд ороход хичээлийн жилийн сүүлийн улирал гээд анги ухрааж оруулаад одоо миний хүүхдүүд 5 дугаар ангид сурч байна. Мөн тухайн сургуульд орж суралцахад түвшин хүрэлцэхгүй байсан тул Б сургуулийн сургалтын түвшин хангалтгүй байсан. Гэхдээ миний хүүхдүүд тодорхой хугацаанд суралцсан учраас 10 000 000 төгрөгт эвлэрэх саналтай байна. Б сургуулийн ажилтан болох багшийн хууль бус үйлдлээс шалтгаалан хүүхдүүдээ энэ сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болсонд сургууль буруутай гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00872 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  Б.Эаас 22 464 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э С Г”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 99 610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас хангагдсан шаардлагад ногдох 270 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э С Г”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э С Г”ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Ж.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1263 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...22 464 129 төгрөг... гэснийг 21 696 295 төгрөг, ...99 610 төгрөг... гэснийг 867 444 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...270 270 төгрөг... гэснийг 266 431 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар хариуцагч Б.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч З.Уянга нар хяналтын гомдолдоо: Энэхүү магадлалын “Хянавал” хэсэг /6-р тал/-т хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч: 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сурагч Э.Б, Э.Б нар 2014 оны хичээлийн жилд тус сургуульд элсэн суралцсан, сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээг хүүхдүүдийн эцэг, эхтэй байгуулсан. Гэрээгээр эцэг, эх нь сургалтын төлбөр төлөх, сургууль нь хүүхдүүдэд боловсрол олгох тус тус хүлээсэн, энэхүү үүргийнхээ дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх..., 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 14.970 ам.доллараар тогтоосон...” гэж тодорхойлсон боловч сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээг талууд 2014.10.08-ны өдөр байгуул /1-р хх-8-9/-сан үйл баримт; 2. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 359-р зүйлд зааснаар дээрх гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээнд нэгэн адил хамааран 2014 оны сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээний 3-т зааснаар эцэг, эх сурагч нь энэ хичээлийн жилийн буюу 2014 оны сургуулийн бүртгэлийн журамтай танилцсан ба аливаа нэмэлт өөрчлөлт гарсан тохиолдолд тухай бүрт сургуулиас бидэнд албан ёсоор мэдэгдсэний дагуу хүлээн авч мөрдөх болно. Мөн гэрээний 11 дүгээр зүйлд заасан тус хамтын гэрээг ойлгож, танилцсан бөгөөд гэрээнд хийгдэх нэмэлт өөрчлөлтүүдийг дагаж мөрдөх болно гэсэн хэдий ч шүүхэд маргаан үүсэх хүртэл тус гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж шатны шүүх 2016-2017 оны хичээлийн жилийн туршид хэрэгжиж байсан гэж өрөөсгөл дүгнэсэн. 3. Хэрэгт авагдсан нотлох баримт болох /1-р хх-10/ дахин бүртгэлийн маягт нь нь дээрх гэрээг сунгасан, эсвэл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсвэл шинээр байгуулсан сургалтын гэрээ биш байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү 2014 онд байгуулсан сургалтын гэрээний үргэлжлэх хугацааг буруу дүгнэсэн. 4. Зохигчийн маргааны зүйл болсон хариуцагчийн хүүхдүүдийн сургуулиас гарах болсон гол шалтгаан нь Ангийн багш П.Ннь багшлах явцдаа сурагч Э.Бг гэмт хэрэгт холбогдуулан дур мэдэн шалгаж, улмаар эрүүдэн шүүж, хүчирхийлэл үйлдэн Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын болон бага, дунд боловсролын тухай хууль, Эрүүгийн болон ЭБШТХ-ийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийн улмаас хариуцагч 2018 оны 03-р сард буюу энэ үйл явдал болсон өдөр Хан-уул дүүрэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хандсан үйл баримт. Тус хэлтсийн Илтгэх хуудас 1-р нүүр сургуулийн багш нараас авсан тайлбар, тодруулга, илтгэх хуудас 3-р нүүрт Дүгнэлт хэсэг нь хавтаст хэрэгт /1 -р хх 46-48/ авагдсаар байхад гэрээг цуцалж байгаа энэхүү үйлдэлд дүгнэлт хийж хэргийн бүх талаас нь бүрэн бодитой шийдээгүй. Хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа цуцлах хугацаа заавал баримталсан байх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 367-р зүйлд заасан шаардах эрх нь гэрээний нэг талын үүргээ гүйцэтгээгүй, гэм буруутай үйлдлээс шалтгаалж гэрээ дуусгавар болсон тохиолдол бүрт үүсэх боломжтой хуулийн заалтыг огт хэрэглээгүй буюу хөлсөөр ажиллагч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас гэрээ цуцлагдсан бол дээрх шаардах эрх үүсэхгүйг анхаараагүй. Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь ИХШХШТХ-ийн 172.2.1-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э С Г”ХХК нь Б.Э, Ж.Ж.Б нарт холбогдуулан сургалтын төлбөрт 22 563 739 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Үүнд: “Э С Г”ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 183/ШШ2020/00174 тоот шийдвэрээр Ж.Ж.Бт төлбөл зохих 54 000 000 төгрөгөөс хүүхдийн сургалтын төлбөр болох 22 563 739,35 төгрөгийг хасч тооцон нийт 31 436 261 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ж.Бын Хаан банк дахь 5131261491 тоот дансанд энэхүү гэрээг байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан бэлэн бусаар төлж барагдуулна.” гэсэн нөхцөлийг зааж, талууд гарын үсэг зуржээ.

Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон, хариуцагч Б.Э нь эхнэр Ж.Ж.Бт мөнгийг шилжүүлэхээр гэрээнд тусгуулсан байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00872 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1263 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийн  дагуу “Э С Г”ХХК-иас Ж.Ж.Бт төлөх 54 000 000 төгрөгөөс энэ шийдвэрийн дагуу Б.Эын төлөх 22 563 739,35 төгрөгийг хасч 31 436 261 төгрөгийг “Э С Г”ХХК нь Ж.Ж.Бын дансанд энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш ажлын 3 хоногт багтаан олгохоор тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА